Доктор Б.Түвшинтулга: Аудио номын соёл хөгжих боломжийг ганцхан байгууллага ашиг, мөнгө олохын төлөө хааж боомилж байна.

Доктор Б.Түвшинтулга: Аудио номын соёл хөгжих боломжийг ганцхан байгууллага ашиг, мөнгө олохын төлөө хааж боомилж байна.

Доктор Б.Түвшинтулга: Аудио номын соёл хөгжих боломжийг ганцхан байгууллага ашиг, мөнгө олохын төлөө хааж боомилж байна.

Хүний тархи ном унших, сонсох хоёрын аль алинд нь адилхан ажиллаж, ижил сэтгэл хөдлөлийг үзүүлдгийг Journal of Neuroscience сэтгүүл онцолжээ. Аудио ном хүүхдийн төсөөлөн бодох, нэгтгэн дүгнэх чадварыг сайжруулж хэл ярианы хөгжил, унших бичих чадварт ч сайнаар нөлөөлдөг байна. Орчин, нөхцөл байдлаас үл хамааран мэдлэгээ тэлэх, суралцах шинэ боломж аудио номын тухай бид Zangia Audio-ийн үүсгэн байгуулагч Доктор Б.Түвшинтулгатай ярилцлаа.


– Аудио ном нэгэнт орчин үеийн залуусын мэдлэг олж авах шинэ орон зай болсон байна. Тэгэхээр юун түрүүнд танаас Монголчуудын өнөөгийн ном унших соёлын талаар, Zangia Audio төслийг яагаад эхлүүлэх болсон талаар сонирхож асуумаар байна?

– Юуны өмнө манай улс нийтээрээ хэр номсог хүмүүс вэ гэдэг дээр 1-2 зүйл дурдах нь зөв болов уу.

Ном уншилтыг орон орноор нь хэмжсэн 3-4 судалгаанууд байна. Үүнд, worldpopulationreview.com, lectupedia.com, geediting.com гээд нэр бүхий сайтуудад гарсан судалгаанууд байгаа. Үүнд хамгийн их уншдаг орнууд орсон ба голцуу л өндөр хөгжсөн орнууд, тэр дунд нь Энэтхэг, Хятад гэх зэрэг орнууд байна. Харамсалтай нь Монголчууд энэ судалгаануудын алинд ч багтаагүй буюу огт ном уншдаггүй гэдэг хандлага нь ажиглагдаж байна.

Дараагийн маш сонирхолтой үзүүлэлт бол ном хэвлэлтийн үзүүлэлт. Wikipedia.org ба chartsbin.com 2 яг адилхан статистик түүвэрлэж дата бүрдүүлсэн байгаа. 140 орныг номынх нь хэвлэлтээр жагсаахад Монгол 100-д жагсаж байна. Юнескогийн судалгаагаар бол ном хэвлэлтийн тоо нь тухайн улсын боловсрол ба амьдралын чанарыг үзүүлэх чухал хэмжүүр гэж онцолсон байдаг. Манайд цөөхөн ном хэвлэгддэг төдийгүй, хэвлэгддэг номууд нь голцуу "хурдан баяжих арга", "амжилтад хүрэх 10 нууц зэрэг" сэдвээс бүрдэж, бусад нь орчуулга байх ба оюуны сор болсон, хүний суурь боловсролыг өргөх оригинал бүтээлүүд бага байгаа санагддаг.

Мэдээж ном их уншдаг, туурвидаг маш цөөн тооны эрдэмтэн судлаачид, зохиолчид байгаа. Гэвч хэтэрхий цөөн тул нийгэмд нөлөөлөх нь маш бага. 1990 оноос өмнө Социализмын үед биднийг хүчээр коммунизмын пропаганда хөтөлбөрийн дагуу ном уншуулдаг байсан. Гэвч тэр дундаас авах 1-2 зүйл байсан. Жишээ нь: тэр үеийнхэн дэлхийн сонгодог зохиолуудыг бүгд уншсан. Бидний үе ташраараа Франц, Орос, Америкийн сонгодог зохиолуудыг нэвт шувт уншчихсан байх жишээтэй. Харин түүнээс хойш бидний номын соёл тасарсан. Өнөө цагт Монголчууд бид олон төрлийн найр наадам, ёслол, урлаг спортын бүхий л арга хэмжээг тэмдэглэх баяр хөөр, дуу хуурын хэд хэдэн том фестиваль хэдэн тэрбум төгрөгөөр үргэлж зохиодог мөртөө шилдэг ном, зохиол, шинжлэх ухааны, оюуны бүтээлийг тоодог нэг ч шагнал, ёслол байдаггүй (яруу найргийг эс тооцвол). Хөгжсөн орны лидерүүд жишээ нь: дэргэдээ дандаа тэргүүлэгч түүхчид, философичид, эрдэмтдээр зөвлүүлдэг байхад манайд урлагийнхан ба спортынхон уг үүргийг ихэвчлэн гүйцэтгэж байна. Гэтэл манай шилдэг түүхчид, зохиолчид, оюуны манлайлагчид маань нийгэмд өнөөдөр ямар байр суурь эзэлдэг вэ? Хаана явна вэ? Эргээд л ном унших соёл ор тас хаягдсантай холбоотой.

Үүнээс улбаалаад бид “Zangia Audio” төслийг нийгэмд номын соёлыг сэргээх, ард түмнийхээ оюун ухаанд, тэр дундаа залуучууд, хүүхдүүддээ мэдлэг түгээх зорилготой эхлүүлсэн. Ер нь бол хөрөнгө босгох, эхний контентуудыг бэлтгэх гээд 2 жилийг зарцуулсан. Нээлтээ хийгээд 1 гаруйхан жил болж байгаа хэдий ч бид 250 гаруй ном, хичээл, хүүхдийн үлгэр, хураангуй номуудыг үнэ төлбөргүй оруулаад байна. Ашгийн төлөө бус, нийгмийн сайн сайхан, боловсрол соёл, мэдлэгийг түгээх зорилгын төлөө эхлүүлсэн төсөл байгаа. Учир нь түүхэнд аливаа улс хөгжлийн дараагийн шатандаа гарахад ард түмний боловсрол хамгийн чухал. Харин мэдлэг, боловсролын хоцрогдлыг мөнгө ашиг олох боломж гэж харахыг буруу гэж боддог.

 

– Тэгэхээр Zangia Audio-ийн цахим номын сангийн номуудыг тодорхой бодлогоор сонгож оруулдаг гэж ойлгож болох юм байна. Сонгодог номууд гэхээр онцгой содон ямар бүтээлүүд байгаа вэ?

– Тийм. Нэн түрүүнд Монгол хүн бүр, залуу үе, хүүхэд багачууд эх түүх, соёлынхоо талаар мэдлэг олж авахын тулд уншсан байх ёстой гэж үзсэн бүх сонгодог зохиолууд, түүхэн сурвалж бичгүүдийг оруулах зорилго тавьсан. Жишээ нь: Монголын нууц товчоо бол ямар ч хүн хаанаас ч олоод унших, сонсох боломжтой тийм хүртээмжтэй байх ёстой шүү дээ. Монголын түүх бол хэний ч өмч биш, нийтэд үнэгүй хүрэх ёстой гэсэн философийг баримталж байна.

Манай залуус, хүүхдүүд өнөөдөр голдуу сошиал орчин, инстаграм, тик ток дээр л ихэнх цагийг өнгөрөөж байна. Эцэг эх нь ч тоохгүй байна. Аргагүй ч байх, тэнд тэдний сонирхол, анхаарлыг татах сая сая контентууд хийгдэж, хэдэн зуун тэрбум долларын бизнес энд явагдаж байгаа. Тэгэхээр бид тэдний анхаарлыг ном руу татах их хэцүү шүү дээ. Багш хүүхдүүдийг тийм, тийм ном зохиол унш гэнэ, эцэг эхчүүд нь тэрийг нь авах гэж номын дэлгүүр явна, номын дэлгүүрт байх, байхгүй янз бүр, номын санд суудаг хүн ховор тэгээд хүмүүсийн амьдралын түвшин янз бүр байна. Тэгэхээр энэ асуудлуудыг даваад залуусыг, хүүхдүүдийг ном уншихыг хүлээх шаардах их хэцүү болчхож байгаа юм. Тиймээс бид тэр суурь мэдлэг авдаг, хөгжүүлдэг соёлжуулдаг сонгодог зохиолуудыг ядаж үнэгүй сонсдог, тэр мэдлэгийг үнэгүй авчихдаг байгаасай л гэж бодсон юм.

Жишээ нь: манай дээр "Монголын Нууц Товчоо"-с гадна “Алтантовч” анх удаагаа аудио хэлбэрээр орсон. Энэ бол манай түүхийн сод бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн, хэвлэмэл хувилбараар ч элбэг биш. Тэгэхээр энэ мэт ховор, сод бүтээлүүдийг үнэ төлбөргүйгээр хэдэн зуун залууст хүргэнэ гэдэг тэр хэрээр түүхээ таниулах, түгээх тал дээр бидний оруулж байгаа хувь нэмэр гэж харж байна. Бид өөрсдийн аугаа их түүхээ үргэлж мэдэж, бахархаж, суралцаж байх ёстой.

Үргэлжлүүлээд бид дэлхийн сонгодог уран зохиол, философийн бүтээлүүдийг орхигдуулахгүй ээлж дараатайгаар оруулж байна. Аливаа нийгэм сонгодог уран зохиолоороо дамжиж философийн гол санаануудаа авах нь их түгээмэл байдаг. Философийн бүтээлтэй танилцана гэхээр л заавал сурах бичиг бариад Аристотлийн Никомакеан Этикс-г мөр алгасахгүй уншихыг хэлэхгүй. Наад захын жишээгээр Францын алдарт зохиолч, философич Волтайр 1759 онд өөрийн Кандид зохиолоороо тухайн үеийн Францын нийгмийн байдлыг хурцаар бичиж шүүмжилсэн нь дараа дараагийн гэгээрлийн эрин үеийн авчирсан бүтээлүүдэд маш том түлхэц болсон байдаг. 1991 онд АНУ-ын Конгрессын Номын Сан "Таны амьдралыг ямар ном хамгийн их өөрчилсөн бэ?" гэх судалгаа явуулахад 2-т нь зохиолч Айн Рендийн "Атлантын Нуруу Тэнийв " бүтээл орсон байдаг (1-т нь Библи). Энэ бүтээл нь өөрөө хувийн сонголтын эрх чөлөө, чөлөөт зах зээлийн зарчмыг номлосон бүтээл байсан.

– Энэ дээр зохиогчийн эрхийн асуудал, албан ёсны зөвшөөрөл гэх мэт зүйлс яригддаг байх. Үүнийг хэрхэн, яаж зохицуулдаг вэ? Цаашид аудио номын хөгжил Монголд яаж явагдахаар байна?

– Тийм ээ. Манайд байгаа номууд бүгд хуулийн дагуу зөвшөөрөлтэй, зохиогчийн эрхийн дагуу гэрээ байгуулж аудио хэлбэрээр түгээх эрхийг эзэмшиж байгаа юм. Бид зохиолчидтой, зохиогчийн эрхийг эзэмшигч хүмүүстэй нь уулзаж төлбөр төлж, харилцан тохиролцсоны дагуу аудио номуудыг нь бүтээн оруулж байгаа бөгөөд бид дараах 2 зарчмыг баримталж байна. Үүнд:

  1. Монголын орчин үеийн зохиолчдын бүтээлийг Монголын ард түмэн дуртай платформоосоо татан авч, чөлөөтэй сонсох эрх нь нээлттэй байх ёстой.
  2. Бүх зохиолчид өөрсдийн бүтээлээ дуртай аудио платформдоо үнэ хөлсөө тохироод, түгээх эрхтэй байх ёстой, ингэж байж тэд нарын маань орлого өснө, олонд танигдана.

Гэтэл өнөөгөөс 5 жилийн өмнө байгуулагдсан М-плас аудио номын платформ Монголын нэлээдгүй зохиолчидтой 10 жилийн маш хатуу, хаалттай гэрээ байгуулаад, эд нарын бүтээлийг бүгдийг нь монополчлоод, цааш иргэдэд аль болох өндөр үнээр зарж ашиг олох л зорилготой ажиллаж байна. Уг гэрээний дагуу эдгээр зохиолчид өөрсдийн бүтээлээ өөр ямар ч платформ дээр тавихыг нь хуулиар хориглож зөвхөн өөрсдийн ашгийг өсгөхийн төлөө ажиллаж байгаа нь маш ноцтой гэж үзэж байна.

Жишээгээр хэлбэл Монголд ганцхан номын дэлгүүр байна гэж бодъё. Энэ дэлгүүр ганцаараа бүх зохиолчдыг өөр дэлгүүрт ном зарахыг хуулиар хориглоод, харин иргэд уг дэлгүүрээс ном авах гэхээр өндөр үнэ тавьчхаад, энэ ном ганцхан манайд л байгаа, өөр газар зарахыг хориглосон гээд суух нь хэрэглэгчдэд хэр нийцтэй вэ? Гэтэл аудио номын худалдаанд яг л ийм юм болж байна. М-плас зохиолч нартай онцгой хатуу гэрээг 10 жилийн хугацаагаар хийсэн тул, зохиолчид, хэрэглэгчид хоёулаа аль аль нь 10 жилийн турш сонголт байхгүй. Харин уг платформ цаашаа өндөр үнээр номуудыг дамлана. Шударга өрсөлдөөний хуулиар ч энэ хориотой үйлдэл. Ганц газар монопол үүсгээд, хэрэглэгчийн эрх ашгийг ингэж боож болохгүй л дээ. Зохиолч бүр дурын платформтойгоо харилцаад, платформууд хоорондоо өөрсдийн үнэ, чанар, чансаагаараа өрсөлдөх ёстой. Хэрэглэгчид, Монголын ард түмэн хожно.

Zangia Audio бол нэг ч зохиолчтой тийм гэрээ хийдэггүй харин зохиолч бүр дуртай платформтойгоо дуртай гэрээгээ хийж ажиллах нь зөв гэж дэмждэг.

Өнөө цагт хүүхэд, залуусаа эргээд ном уншуулах, ном руу оруулах нь маш чухал ба харин үүнийг хийх хамгийн товч зам бол аудио ном. Аудио номын технологийн дэвшлийг хүн бүр сайн ойлгож байгаа. Цаасан ном хайж гүйхгүй, дуртай газраа, түгжрээнд, эмнэлэгт, амар ч байхдаа хаа сайгүй сонсчихно. Харааны бэрхшээлтэй хүмүүст, настай иргэдэд ямар амар байна. Гэтэл энэ боломжийг хэсэг хүмүүс зөвхөн ашиг, мөнгө хийхийн төлөө ингэж шударга бусаар хаах нь буруу. Үндсэндээ нийгмийн боловсролын замыг хааж байна гэсэн үг. Бид чинь уул уурхай, барилга, банк санхүү гээд том том эдийн засгийн салбаруудаасаа ашиг орлогоо олчихдог улс. Ядаж залуусынхаа оюуны гэгээрэл, мэдлэгт хүрэх замыг мөнгө олох, ашгаа зузаатгах боломж гэж харахаа болимоор байна. Эсрэгээрээ хандив өгч, боловсрол олох процессыг хямд амар болгох ёстой. Өнөөдөр дэлхийд хамгийн их хөгжсөн хойд европын, скандинавын орнууд яг тийм загвараар явж байна. Тэд боловсрол ба эрүүл мэндийн салбарыг ашиг олох салбар гэж үздэггүй тул боловсрол олох өртөг нь асар хямд байдаг. Үр дүнд нь иргэд нь мэдлэгтэй, эх орон нь хөгжлийн түвшин өндөр.

– Нэг жилийн туршид хэчнээн ном бүтээл оруулсан бэ, хэдэн хүн Zangia Audio-оос хэчнээн номыг татаж уншсан бол?

– Нийтдээ бид 250 гаруй аудио ном, аудио хичээл, мөн хураангуй номууд оруулаад байна. Өнгөрсөн жилийн хугацаанд бид 80,000 гаруй байнгын сонсогч, хэрэглэгчидтэй болжээ. Удахгүй англи хэлний цуврал аудио хичээл оруулахаар бэлтгэж байна. Тэгэхээр энэ үзүүлэлтүүдээрээ бид одоогоор Монголд байгаа хамгийн том цахим ном болон хичээлийн аппликейшн болж байна.

Үүнд: студи, дэд бүтэц бэлтгэх дээр маш их хөрөнгө оруулалт шаардагддаг. Дээрээс нь манай дээр аудио номыг бүтээх 10 хүнтэй баг, 50 гаруй зохиолч болон хэвлэлийн газар, 40 гаруй дуу оруулагч нартай 2 жилийн туршид ажиллаж байж эдгээр бүтээлүүд ард түмэнд очиж байгаа.

– Та бүхэн тэгэхээр зохиол бүтээлүүдийг нь цахим хувилбарт оруулах эрхийг авахдаа зохиолч, эрх эзэмшигч нарт нь мөнгө төлж авдаг юм байна. Дээрээс нь аудио ном болгох гэж олон хүмүүс, уран бүтээлчдийг ажиллуулж өөрөөр хэлбэл өгч байгаа зүйлс тань нэлээд өндөр өртгөөр бүтэж байгаа хэр нь үнэгүй түгээж байна. Яагаад? Хаанаас санхүүжилт босгож яаж хийж байна гэдгийг асуумаар санагдлаа.

– Энэ ерөөсөө л манай Zangia.mn-ийн маань шүхэр дор хийгдэж буй цэвэр нийгмийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй төсөл юм. Zangia Audio-оос гадна Zangia Academy гээд мэргэжлийн боловсролыг үнэгүй олгох платформ, Zangia News гээд мэдээ мэдээллийн платформ ажиллаж байна. Энэ төслүүдийн цаад зорилго ерөөсөө л Монголчуудынхаа мэдлэгийг илүү сайжруулах, залуус мэргэжилтэй, мэдлэгтэй түүнийгээ үнэлүүлээд сайн ажлын байртай, сайхан амьдралтай болгоё гэсэн зорилго л явж байгаа.

Бид чинь технологийн компани. Хөгжсөн орны манлайлагч технологийн компаниудыг харж байхад жишээ нь: Гүүгл, Майкрософт, Фейсбүүк бүгд зах зээл дээр байр сууриа нэгэнт эзлээд тодорхой түвшинд хүрчхээд эргээд нийгэм рүүгээ чиглэсэн, хүнд хэрэгтэй юм хийхийн төлөө асар их хөрөнгө, мөнгө зарцуулдаг соёл тогтсон байна. Өөрөөр хэлбэл орчин үед компаниуд зөвхөн мөнгөний төлөө оршдог байхаа больсон байна. Үүнийг дагаад заавал том гэлтгүй, жижиг компаниуд хүртэл, нийгмийн төлөө зорилго нь их тодорхой, нийгмээ гэсэн философи үйл ажиллагаа нь их тод шингэсэн байдаг болж. Одоо үеийн залуус ажилд орохдоо уг компанийн ашгийн хэмжээг биш, харин уг компанийн нийгмийн төлөө баримталж буй философийг ажигладаг болж байна.

Тэгэхлээр бидний оршиж байгаа шалтгаан өөрөө нийгмийн тулгамдсан ямар нэг асуудлын шийдэл байх ёстой. Тэрнээс хийж байгаа юм бүхэн маань зөвхөн ашгаа нэм гэдэг байж болохгүй. Энэ бол хоцрогдож эхэлж байгаа үзэгдэл.

Нөгөө талаас цаасан ном гэдэг чинь тодорхой тоо, хувиар хэвлэгдэж байна. Зарим ховор номуудыг олоход ч амаргүй. Тэгэхээр тэр бүхнийг аудио хэлбэрт оруулах нь нэг ёсондоо цахим номын сан, оюуны архив бий болгож, улсынхаа мэдлэгийн санг үүсгэж хэдэн арван жилээр хадгалах боломжтой болгож байгаа хэрэг шүү дээ. Эдийн засгийн хэмнэлт талаасаа ч тэр цаасан номд бид жил бүр хэчнээн тэрбумыг зарцуулдаг, гэтэл бид цаас үйлдвэрлэдэг орон биш гэх мэтээр экологийн, эдийн засгийн талаасаа ч аудио ном олон давуу талтай юм л даа.

– Тийм юм байна. Нөгөө талаас Улаанбаатар хот шиг маш их түгжирдэг хотод түгжрэлд зарцуулж байгаа цаг хугацааг ном сонсоход, мэргэжлийн хичээлүүдийг сонсоод мэдлэг мэдээлэл олоод авахад зарцуулбал маш өндөр үр дүн, хөрөнгө оруулалт өөртөө хийж болохоор санагдаж байна.

– Саяхан нэг судалгаа харж байсан чинь Улаанбаатарын иргэд өдөрт дунджаар 3 цаг 20 минутыг түгжрэлд өнгөрөөдөг гэсэн байсан. Нэг өдөрт 3 цаг 20 минут гэдэг чинь ажлын 5 хоногт 16 цаг, сардаа 60 гаруй, 1 жилд 700 гаруй цагийг бид түгжрэлд, зам дээр өнгөрөөх нь. Энэ цагийг ашиглаад, дундаж номыг 20 цаг гэж тооцвол жилийн дотор 35 гаруй номыг сонсох боломжтой байна. Эсвэл хичээл сонсоод явж болно. Хэлний хичээл сонсоод явж болно. Гэтэл мэдлэг олж авах процесс чинь өөрөө амаргүй. Нэг ангид бүртгүүллээ, очно, төлбөр төлнө цаг гаргаад сууж чадна, чадахгүй. Энэ саад тотгорууд хүний сурах идэвхийг бууруулдаг.  Тэгвэл Zangia Audio-ийн уран зохиолын номууд, хувь хүний хөгжлийн болон гадаад хэлний хичээлүүд сургалтуудыг хаана ч, хэдийд ч, хэн ч сурах бололцоотой байна. Машин барьж байхдаа, автобусаар явж байхдаа гэртээ хүүхдээ харангаа, аягаа угаангаа сонссон ч болж байна шүү дээ. Малчин хүн ч малын бэлчээр дээрээ хүртэл номоо сонсоод сууж болж байна. Интернэт хаа сайгүй нэвтэрсэн байна.

– Тийм шүү гол нь та бүхэн бас энэ хийсэн зүйлсээ сайн сурталчилж таниулах, ач холбогдлыг нь ойлгуулах, ялангуяа хүүхдүүдэд, өсвөр насныхан залууст ойлгуулах ёстой байх?

– Яахав өнгөрсөн хугацаанд бид контентоо сайжруулах, сангаа бүрдүүлэх, чанартай ном хүргэх тал дээр түлхүү ажилласан. Маркетинг бол айхтар хийгээгүй. Энэ дээр нэг зүйл нэмээд хэлэхэд нийгмийн талын дэмжлэг их чухал байх шиг байгаа юм. Учир нь цахим орчин хэтэрхий түрэмгий байгаа энэ үед бид хүүхэд багачуудаа номд дуртай болгох, чанартай мэдлэг авч сурахад нь тал талаасаа оролцох хэрэгтэй. Энэ үеийнхэнд чинь бас цахим орчныг хэрэглээд сурчихсан том давуу тал байна шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд маань бас хүүхдэдээ үлгэрлэдэг, машиндаа явахдаа дуртай номыг нь хамтдаа сонсдог, гар утсан дээр нь татаад хадгалаад өгдөг эсвэл сонссон номынхоо талаар ярилцдаг цагтай болох ч юм уу тэр талаас нь хүүхдэдээ орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй болов уу. Нэг ёсондоо нийгэм даяараа ном сонсдог тийм сошиал давлагаа өрнүүлж байж сая тогтох соёл юм. Инстаграм, тик ток, фейсбүүк дээр хүн өдөрт дунджаар 5-6 цаг өнгөрөөж байна гэсэн судалгаа байна. Үүний ядаж 2 цагийг ном сонсдог, хичээл сонсдог болгох тал дээр аав, ээж, багш нар дэмжих ёстой байх.

– Миний хувьд танай Zangia Audio дээр номын хураангуй оруулдаг нь их таалагддаг. Шинэ гарсан номуудыг алийг нь авч унших вэ, унших хэрэгтэй юу үгүй юу гэдгийг шийдэхэд амар байдаг.

– Тийм. Орчин үед хэдэн зуун ном шинээр хэвлэгдэж байна шүү дээ. Бараг хүмүүс ном уншихаас илүү ном бичдэг болсон гэдэг ч наргиа байдаг. Тэгэхээр ийм үед хүн үнэхээр тэр номыг худалдан авч унших хэрэгтэй эсэхийг шийдэхэд тусалдаг номын хураангуй их чухал. Нэг талаараа богино хугацаанд тэр номын гол агуулгыг мэдээд мэдлэг авчихна. Гүнзгийрүүлж унших эсэхээ шийднэ. Нөгөө талдаа санхүүгийн хэмнэлт ч хийнэ. Голдуу хамгийн сүүлийн үед гарсан шинэ номуудын хураангуйг манай хамт олон хийж байна.

– Цаашдаа энэ платформыг ямар түвшинд хүргэх, хэрхэн авч явах тал дээр ямар төлөвлөгөөтэй байна вэ?

– Манай уриа "Сонс, Хөгж." Тэгэхээр бидний цаашдын чиг, зорилго их тодорхой. Бид аудио номын сангаа зөвхөн уран зохиол, сонгодог бүтээлүүд биш илүү мэргэжлийн, бизнесийн, технологийн номуудаар баяжуулах мөн маш олон мэргэжлийн сэдвээр сонсдог хичээлүүд оруулна. Ер нь бол би дотроо манай Монголын компаниуд иймэрхүү нийгэмд чиглэсэн, боловсролыг дэмжсэн төслүүд олныг хэрэгжүүлээсэй гэж хүсэж, тэр цаг нь ирсэн гэж боддог.

Бидний зорилго Монголд үүсээд буй мэдлэгийн асар том хоцрогдлыг арилгах, боловсрол эрс тэс ялгааг алга болгох. Учир нь энэ процессыг хурдан хийх нь улсад маань хэрэгтэй.

Аудио ном ядаж л түгжрэл хэмээх энэ их стресс, уур бухимдал дүүрэн цаг хугацааг боломж болгож чадахаар байна шүү дээ. Аудио ном хүний сэтгэл санааг өргөж, сөрөг бодлыг арилгадаг. Сэтгэл судлалын мэргэжлийн сэтгүүл болох Psychology Today сэтгүүлд “Хүний сэтгэлийн түгшүүр, хямралт бодлуудыг өөр хэн нэгний чангаар унших дуу тайвшруулж сөрөг бодлыг өөр зүйлд сарниулахад тусалдаг" гэж дурдсан байх жишээтэй.

Чихээрээ сонсоод нүдэндээ төсөөлөх тэгээд дараа нь тархиндаа буулгаж авах тийм процесс явж байгаа шүү дээ. Тэр хэрээр тархи хөгждөг. Ер нь сонсдог номд хүн бүрэн автдаг. Жишээ нь: “Тунгалаг тамир” романыг би 3 удаа сонссон. Тэр уул усны дүрслэл, гол горхины чимээ, үйл явдлуудад автаж байтал нэг л мэдэхэд хүрэх гэсэн газраа хүрчихсэн дахиад жаахан сонсмоор ч санагддаг. Харин цаасаар 3 удаа унших цаг зав байх байсан болов уу, үгүй юу. Тэгэхээр залуус маань бас энэ ном сонсдог дадалд суралцаасай, амтыг нь аваасай гэж хүсэж байна. Манай Zangia Audio-г хүмүүс их дуртай хүлээн авсан, талархлууд ч их ирдэг. Нэг жилийн дотор 80,000 сонсогчтой болсон, фейсбүүк хуудсыг маань 68 мянган хүн дагасан байгаа нь чамгүй амжилт гэж бид харж байна. Ер нь манай Монголчууд хэрвээ зүтгэвэл нэг юмыг маш хурдан сураад, мэдчихдэг тийм ард түмэн шүү дээ.

– За баярлалаа. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та бүхний зорьсон үйлсэд амжилт хүсье.

Та  Zangia.mn апп-аа татаад Zangia Audio-оо сонсоорой.
Апп татах линк:  https://onelink.to/qvxwva
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж