Төрийн наадамд хэн түрүүлэх вэ гэх наадмын таавартай зэрэгцээд хэнээс допинг илрэх вэ гэдэг нь бас нэг таавар болоод удаж байна. Хэдхэн жилийн улсынхаа баяр наадамт түрүүлж, хотол олноо баясгаж байсан Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрснээр бөх сонирхогчдын дунд багагүй шуугиан тарьж байлаа. Энэ жил мөн адил түрүү бөх маань допингийн шинжилгээнд бүдэрсэн нь багагүй дуулиан, маргаан болж буй юм. Бөх хүн бүдүүн өвсөнд гэх зүйр үг байдаг бол өдгөө бөх хүн допингид гэдэг хэлц үг ч хэдийнэ гарчээ.
Аймгийнхаа /Архангай/ зуун жилд улсын наадмын түрүүтэй очиж байсан М.Бадарч А сорьцтойгоо ч санал нийлээгүй тул Өмнөд Солонгосыг зорьж, итгэмжлэгдсэн лабораторид нь өөрийн биеэр очиж, Б сорьцын шинжилгээний үйл явцыг нүдээрээ харсан сурагтай.
Бүдүүлгээр өгүүлэхэд наадмын есийн давааны дараа М.Бадарчийг допингийн хяналтын өрөөнд шээлгээд шээсийг нь А, Б сорьцны саванд хийсэн гэсэн үг. А сорьцыг эхэлж шинжлэн тамирчин тухайн хариутайгаа санал үл нийцвэл Б сорьцыг нээн шинжилнэ. Тэрнээс биш Өмнөд Солонгос явж, дахин шинжилгээ өгсөн гэж ойлгож болохгүй.
М.Бадарч сүүлийн жилүүдэд тогтвортой сайн барилдаж байсан түүнийг допинг хэрэглэсэн гэхэд итгэх хүмүүс бэрх. Гэтэл шинжилгээний хариу эерэг гарсан нь үндэсний бөхийг цаашид спорт хэлбэрээр хөгжүүлэх үү эсвэл наадам маягаар явуулах уу гэсэн маргаан үүсгээд байгаа юм. Хэрэв Б сорьцын хариу А-тайгаа таарвал М.Бадарч мухардалд орно. Гэхдээ түүнд эрхээ хамгаалах, Монголын бөхийн гэлтгүй спортын салбарт салхи оруулах хүч, боломж байна.
М.Бадарч допинг хэрэглэсэн нь буруу ч, баяр наадмын зохион байгуулах хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага бүхэлдээ хууль бус, дүрэм журмаа зөрчиж ажилласан.
Шинжилгээ авах үйл явцаас энэ бүхэн эхлэлтэй. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ярихдаа "Баяр наадмын өдрүүдэд допингийн шинжилгээг тагнуул, цагдаа, АТГ, сурын холбоо, үндэсний бөхийн холбооны төлөөллийг оролцуулж 32 бөхөөс авсан. Тагнуул, цагдаа, АТГ-ын ажилтнууд сорьцуудыг лабораторид хүргэх хүртэл бичлэг хийж, баталгаажуулсан. Илгээмжийг лабораторид хүргэх хүртэл баталгаажуулсан гэсэн үг" гэв.
Гэвч WADA-ийн дүрмэнд зааснаар шинжилгээ авах үйл явц, хяналтын өрөөнд зөвхөн тамирчин, тамирчны багийн эмч эсвэл дасгалжуулагч, шинжилгээ авах үйл явцыг хянах эрх бүхий лицензтэй эмч, тэмцээний зохион байгуулах хорооны төлөөлөл, шаардлагатай тохиолдолд орчуулагч орно гэж заажээ. Харамсалтай нь Монголд хууль хүчнийхэн, төрийн оролцоо дэндүү их байгаа нь допинг хэн нэгнийг намнах хэрэгсэл болж хувирсан уу гэсэн хардлага төрүүлж байна. Мөн хяналтын өрөөнд камер байршуулсан нь хувийн нууц, тамирчны эрхийг зөрчсөн үйлдэл билээ.
Төр шинжилгээ авах үйл явцаас эхлээд зарлах хүртэл үйл ажиллагаанд оролцсон бол яах вэ? Хэний хариуг зарлах, хэнийхийг дарах вэ гэдгийг төр шийддэг үү?
Ингээд анхнаасаа л шинжилгээ авах үйл явцаасаа алдаа гаргасан. Үүний дараа шинжилгээний хариуг олон нийтэд мэдээллэхдээ ч мөн дүрмийн дагуу ажилсангүй. Өнгөрсөн оны төгсгөлд Монгол Улс допингийн эсрэг үндэсний дүрмээ баталж, тоглоомын дүрмийг нэг болгосон. Харамсалтай нь цагаан дээр хараар баталсан дүрмээ дагаж мөрдсөнгүй.
Наймдугаар сар гараад л амарч дууссан монголчууд хэнээс хориотой бодис илэрсэн бэ гээд хэлэлцээд эхэлсэн. Удалгүй М.Бадарч, Ц.Бямба-Отгон гэх нэрс яригдаж эхэлсэн. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг сүүлдээ М.Бадарч гэж ярих нь ихэсч, сүүлдээ хэвлэлийн мэдээллийн байгууллагууд "эх сурвалж" гэх нэрийн дор М.Бадарч гарцаагүй гээд зарлаад эхэлсэн. Энэ бол дүрэм зөрчсөн үйлдэл. Зохих эрх бүхий байгууллага нь зарласангүй.
Допингийн эсрэг үндэсний дүрмийн "14.5.Мэдээллийг хүлээн авах, танилцах эрх бүхий байгууллагууд (Үндэсний олимпын хороо, Үндэсний паралимпын хороо, Спортын үндэсний холбоо, баг зэрэг) өөрт байгаа мэдээллээ Үндэсний допингийн эсрэг байгууллагыг энэ дүрмийн 14.9-д заасны дагуу нийтэд мэдээлэх хүртэл гадагш задруулахыг хориглоно" гэжээ.
Харамсалтай нь задруулчихсан хэрэг. Монголын хөрсөн дээр наадмын үед спортын үндэсний холбоо гэдэг нь баяр наадмын зохион байгуулах хорооны бөхийн салбар комиссыг хэлнэ. Тэгэхээр мэдээлэл анх задалсан байж бол хоёр л эрх бүхий байгууллага байна. Нэгдүгээрт, МОНАДА буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага. Хоёрдугаарт, бөхийн салбар комисс. Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори шинжилгээний хариуг МОНАДА руу цахимаар илгээдэг. Харин МОНАДА-ийн зүгээс баяр наадмын зохион байгуулах хорооны бөхийн салбар комисст танилцуулдаг. Ингээд үзэхээр хэдхэн хүний дунд л энэ бүх асуудал яригдана.
Ингээд асуудал дууссангүй. Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9.Үндэсний допингийн эсрэг байгууллага нь “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын дагуу тамирчин болон бусад этгээд, энэ дүрмийн 14.2-т заасны дагуу зохих допингийн эсрэг байгууллагад мэдэгдсэний дараа дүрэм зөрчсөн тухай мэдэгдэл хүлээн авсан тамирчин, хориотой бодис, хориотой арга, дүрэм зөрчигдсөн нөхцөл байдал, зөрчлийн шинж чанар болон тухайн тамирчинд түр түдгэлзүүлэх шийтгэл оноосон талаар олон нийтэд мэдээлж болно" гэжээ.
Гэтэл Монголд наймдугаар сарын 21-ний өдөр хаанаас мэдээлэл хийсэн бэ гэхээр бөхийн салбар комисс хэвлэлийн бага хурал зарлаж, нэг бөхөөс хориотой бодис илэрсэн гэв. Дүрмийнхээ дагуу бол үндэсний допингийн эсрэг байгууллага мэдээлэл хийн тэдний амнаас энэ үг унах ёстой байжээ. Үнэндээ сүүлийн үед МОНАДА үндсэн ажлаа бус өөрсдийгөө зөвтгөх, асуудлыг булзайруулах ажлаа л хийж байна.
Зөрчил үүгээр дууссан гэвэл үгүй. Тус хэвлэлийн бага хурлын үеэр бөхийн салбар комиссын зүгээс "Энэ жил 512 бөх барилдсан. Үүнээс 32 бөхөөс шинжилгээ авсан, хариуг нэгтгээд илгээжээ. Үүнээс нэг бөх допинг хэрэглэсэн гэдэг хариу ирсэн байна. Бөхийн нэрийг зарлах болоогүй, түүнд өөрт нь мэдэгдэнэ. Өөрөө Б сорьцыг дахин шинжлүүлэх, эсэхээ шийднэ. Үүний дараа албан ёсоор хариуг зарлаж, арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх юм" гэж ярьжээ. Бас л зөрчил.
Эхлээд 31 бөхийн хариу ирээд сүүлийн ганц хариу наймдугаар сарын 21-нд ирсэн даруйд бөхийн салбар комисс мэдээлэл хийв. Ингэхдээ тухайн бөхөд эхлээд мэдэгдэх бус хэвлэл мэдээллийнхэнд зарлав. Өөрөөр хэлбэл, тухайн бөх шинжилгээнд бүдэрсэн гэдгээ хэвлэлийн байгууллагаас мэдэж байгаа хэрэг. Хувийн нууц, тамирчны эрх ноцтой зөрчигдсөн гэдгийг эндээс тодорхой мэдэж болно.
Энэ жилийн допингийн маргаан ингээд дуусахгүй. М.Бадарч өчигдөр Б сорьцоо нээсэн гэхээр хариу гартал 72 цаг байна. Хариу А-тайгаа таарвал М.Бадарч арслан цолоо хураалгах ч амар өгөхгүй биз.
Юуны өмнө спортын арбитрын шүүхэд хандан эрх нь зөрчигдсөн талаараа гомдол гаргах хэрэгтэй. Тэрбээр хориотой бодис хэрэглэсэн буруутан боловч нөгөө талдаа дүрэм, журмаа зөрчсөн эрх бүхий байгууллагуудын хохирогч билээ.
Энэ хэрэг зөвхөн М.Бадарч гэдэг ганц бөхийн хэрэг биш. Цаашлах тусам Монголын спортын салбарт бугшсан том асуудлыг хуу татах олсны үзүүр юм. Бид та бүхэндээ дараагийн цуврал нийтлэлээрээ хөшигний цаана ямар асуудал үүсээд буйг, шийдэл нь юу болохыг илүү тодорхой тайлбарлах болно.
Холбоотой мэдээ