Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр /2023.09.19/УИХ түгжээ үүсгэж байна гэж мэдэгдлээ.
Энэ тухай тэрбээр “Улаанбаатар хотын эрх зүйн шинэчлэлтэй холбоотой асуудлыг зайлшгүй хийхээс аргагүй байгаа. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам нийтийн тээврийн автобусны жолоочид зөвшөөрөл өгдөг, эрх өгдөг байж болохгүй ш дээ. Ийм зүйл хотод маш их байгаа. Жишээ нь хот автомашины үзлэг, оноишлгоо хийдэггүй. Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвд оношилгоо хийдэг. Дугаар бүртгэл нь тэнд байдаг. Дээрээс нь дугаар олголтыг тэнд хийдэг. Хот дээр хийдэггүй ш дээ.
Бүх эрх мэдэлтэй хүмүүс, яам тамгын газрууд зөвшөөрлийг нь салгаад авсан учраас өнөөдөр Улаанбаатар хот хүндрэлтэй байдалд орсон.
Энийг болиулах зорилгоор хуулийн зохицуулалт оруулах гэж байгаа юм. Байх ёстой юмыг нь хотод нь байлга, өөрсдөө тэр бодлогын юмаа шийд. Битгий хэрэгжилт, өдөр тутмын аж ахуйн үйл ажиллагаанд оролцоод төрийн үйл ажиллагааг булингартуулаад, сааралтуулаад, будилаантуулаад бай. Техникийн нөхцөлтэй уялдуулсан олон зүйлээс түгжрэл үүсч байна.
Тийм учраас хууль эрх зүйг нээж өгөөч, хөгжлийн саад болж байгаа, хязгаарлаад байгаа эрх зүйн орчныг нээлттэй болгож өгөөч. Улаанбаатар хотын хөгжилд битгий тушаа болоод бай л даа. Иргэд, аж ахуйн нэгжид цаашдаа хөгжих боломжийг нь нээж өг л дөө.
Өнөөдөр жишээ нь хууль тогтоох дээд байгууллагад шүүмжлэлтэй хандах зүйл асар олон байгаа. Дүлийрчихсэн, өөрсдийн зөв гээд итгэчихсэн. Нийгэм нь хөгжөөд урагшаа явах гээд байдаг тушаа болоод байдаг. Түгжрэл тэнд байгаа байхгүй юу.
Улаанбаатар хоттой холбоотой эдийн засгийг боомилж байгаа зүйлийг тавьж өгөөд, иргэд болоод аж ахуй нэгжид ажил эрхлэх боломжийг нь тавьж өгөөд, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх зам гүүр зэрэг том бүтээн байгууллатад оролцох эрхийг нь хуулиар хамгаалж хангаж өгөөд, боломжийг нээж өгөх ёстой.
Гэтэл арван хэдэн жилийн өмнө болохгүй байсан, бүтэхгүй байсан. Тэр үед тэгж алдаж байсан гэх. Энэ цаг үед хүмүүс өөр болж, аж ахуй нэгжүүдийн хариуцлага өндөр болчихоод байна. Улаанбаатар хотыг хөгжүүлье, нийтийн тээврийг хөгжүүлье гэвэл хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлье гэвэл боомилж байгаа асуудлууд, тархинд байгаа түгжээгээ тайлаад бусдад ажил эрхлэх боломжийг нь нээж, хөгжих боломжийг нь олгох ёстой. УИХ дээр түгжээ байна гэж би харж байгаа. Ялангуяа орон нутгийн байгууллага урагшаа хөгжих гээд яваад байдаг, иргэд аж ахуйн нэгжүүд маш өндөр шаардлага хүсэлт тавиад байдаг.
Хөгжих боломжоо харчихаад энэ зохицуулалтыг хийгээд өг, дэмжээд өгөөч гэхээр хуулиараа хаачихдаг. Бүх юмыг хууль мэднэ гэдэг, ингээд түгжрээд байж байгаа.
Тийм учраас Улаанбаатар хотын хөгжлийг хурдасгах, иргэд аж ахуй нэгж иргэдэд бизнес эрхлэх боломжийг нээж өгч, тэлж өгөх, нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хувийн хэвшил өөрөө хийдэг болох орон зайг нээж өгөх ёстой. Юм болгоныг төр ачаан дээрээ нэмж, үүрч болохгүй, дийлэхгүй” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ