МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч маргааш тодорно. Үүнтэй холбогдуулан нэр дэвшиж буй Ш.Мөнхсайхантай ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гэдгээс өөрөөр таныг сайн мэдэхгүй байна л даа?
-Тийм ээ. Намайг Шайрийнямбуу овогтой Мөнхсайхан гэдэг. Бизнесийн салбарт тасралтгүй 18 жил ажиллаж, 10 гаруй бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Бас залуучуудын байгууллагын сонгуульт ажил хийж байлаа. Гэхдээ таны зөв өө. Би олон нийтэд танил гэхээсээ тодорхой хүрээлэл дунд овоо танил хүн байх гэж өөрийгөө бодож байна. Ямар нэгэн байдлаар улстөржиж, аль нэг намын гишүүн болж явсангүй. Төрийн албанд ажилласангүй. Олон нийтийн өмнө гарч бусдыг шүүмжлэх эсвэл гомдоллох ч гэдэг юм уу, тэр тал дээр хичээж байгаагүй. Попорч байгаагүй гэх юм уу даа (инээв). Цэвэр бизнесийн салбарт ажиллаж, цөөнгүй бизнесийг амжилттай хөгжүүлсэн байна. Бизнес хийх, аж ахуй хөгжүүлэх гэдэг бол сэтгэлээ өгсөн хүнд асар их ажил шүү дээ. Тийм ч болохоор манайхан намайг мэднэ гэж бодоод нэр дэвшиж байгаа хэрэг. Ер нь тэгээд одоо эргээд харахад хувь хүний талаасаа бол нэлээд жигдэрсэн байна гэж бодогдоод байгаа юм. Харин Монгол Улсад бизнесийн таатай орчин, тэгш боломж, төр болон бусад нэгдлийн дарамт ямар байгаа талаар яривал урт яриа болно. Өөрийн хэмжээнд, өнгөрсөн туршлагадаа үндэслэж, бас дэлхий нийтийн хөгжил дэвшлийг дагаж өөрчлөгдөх учиртай олон асуудалд бизнес эрхлэгчидтэйгээ нийлээд гарц хайхад зүтгэе, цаг нь иржээ гэж бодоод шийдвэрээ гаргасан.
Худалдаа, үйлдвэрлэлийн салбар гэдэг бол дан ганц энэ танхимд бүртгэлтэй хүмүүст хамааралтай зүйл биш шүү дээ. Улс орны хөгжил, ирээдүйтэй нягт холбоотой.
-Яахав, таны хүслийг бол ойлгож байна. Гэхдээ одоо нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрсийг харж байхад илүү их олны танил хүмүүс байна. Бүр муугаар хэлбэл ард урдаа улстөрийн нам, улстөрч, том компаниудын дэмжлэгтэй гэх юм уу хамгаалалттай гэхээсээ татаастай хүмүүс байна л даа. Тэгэхээр танд боломж хэр байгаа гэж бодож байна?
-Улс төрийн сонгууль биш гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Тийм болохоор “За даа, би ч олны танил биш шүү дээ” гэж бодох айдас алга. Монгод худалдаа үйлдвэрлэл эрхэлж байгаа, нэг малгай дор яваа хүмүүс л сонголтоо хийнэ. Тэр хүмүүс чинь бидний хэн нь хэн бэ гэдгийг мэднэ шүү дээ. МҮХАҮТ-ыг бол би улстөржсөн байгууллага гэж боддоггүй.
МҮХАҮТ нь Монгол Улсын хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа 180,000 ААН-ийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бизнесийн орчныг олон олон боломжуудаар нэмэгдүүлэх чадвартай үндэсний хэмжээний төрөөс хараат бус цорын ганц байгууллага гэж итгэдэг.
Тиймээс сонгуульд хэн нэгэн улстөртэй ойр хүн амжилттай оролцоно гэж итгэхгүй байгаа. Хайрцганд ороогүй, мөнгөний хойноос хөөцөлдөөгүй, нам гэж нялцганадаггүй захирлууд л санал өгнө шүү дээ. Харин хамт нэр дэвшиж байгаа хүмүүсийнхээ талаар яривал зөвхөн сайн талыг нь ярихыг хүсэж байна.
-Ярилцлагыг бага нуршсан байдалтай байгаасай гэж хүсч байна. Тийм болохоор шууд таныг зорилгоо хэрхэн тодорхойлж байгааг асуух нь зүйтэй байх. Мэдээж товчхон хариулна уу?
-Ойлголоо. Мэдээж түрүүн хэлсэнчлэн би аль нэг нам, бүлэглэл, том бизнесийн эрх ашгийг төлөөлдөггүй. Тэгэхээр жинхэнэ бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой болж явах л хүсэлтэй. Миний хувьд дотоод болон гадаад улсын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн олон шинэ боломжуудыг нээж, хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулж, үндэсний компаниудын нэр хүндийг олон улсын тавцанд гаргах ГҮҮР болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Сонгуульд нэр дэвшинэ гэдгийг үүрэг-хариуцлага-итгэл гэж ойлгож байна.
Хэрвээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол залуу хүний эрч хүч, эрдэм мэдлэг, ур чадвараа ашиглан оюунлаг, чадварлаг боловсон хүчний багийг бүрдүүлж, "Би биш бид бүтээдэг" гэх зарчмаар үндэсний компаниудын дуу хоолойг нэгтгэж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгчдийн таатай орчин, тэгш боломжийг бий болгохыг тэргүүн эгнээнд эрхэм зорилгоо болгон ажиллана.
Өчигдрийн туршлагаас сургамж авч, өнөөдрийн үйлийг үргэлжлүүлэн маргаашийн сайхан ирээдүйг хамтдаа бүтээх итгэлээр дүүрэн сэтгэж, өнгөрсөн-одоо-ирээдүйн гурван үеийн хэлхээсийг эрхэмлэн ажиллах болно. Улс орон төдийгүй, дэлхий нийтээрээ амаргүй цаг хугацааг туулж байгаа энэ үед иргэнийхээ үүргийг ухамсарлан өөрийн мэдэх, чадах туршлагадаа тулгуурлан эх орныхоо үндэсний баялаг бүтээгчидтэй хамтран бэрхшээлийг боломж болгон хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө зүтгэнэ дээ. Та маш ерөнхий асуулт тавьсан учраас би бас товчхон маш ерөнхий байдлаар хариуллаа. Маргааш /2023.09.20/ манай МҮХАҮТ-ын 21 дүгээр Их хурал болно. Тэр үеэр бизнес эрхлэгчид маань нэр дэвшигчдээс асуулт асууж, мөрийн хөтөлбөртэй нь танилцах учиртай. Тэнд л маш дэлгэрэнгүй ярина даа.
-Нэг талаас хариуцлага, нөгөө талд бас их асуудалтай байгууллага л даа. Асуудалтай гэдэг нь өмнөх удирдлагуудынх нь хийж байсан элдэв шалдав нугалаа байна. Дээр нь маш олон байгууллагыг нэгтгэсэн. Тэр хэрээр бараг хүн болгон нь өндөр амбицтай. Хэл амтай байгууллага гэх юм уу даа?
-Манайд засч залруулах зүйл, үргэлжлүүлэх хөгжүүлэх зүйл ч олон. Түүнийг худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг хамт олонтойгоо хийе, бүтээе гээд зорьж байна. Бэрхшээл яривал дуусахгүй. Одоо шийдэл ярих, ажиллах цаг болсон. Иймээс танайд өгч байгаа ярилцлагаараа дамжуулаад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгааг минь дэмжиж, хүч өгч хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсэж байгаагаа илэрхийлье.
Биеийн амрыг харж хойш суулгүй, та бүхнийхээ эрх ашгийг төлөөлж зүтгэж чадна аа. Хувь хүнийхээ итгэл үнэмшлээр үндэсний компаниудынхаа өмнө Тэгш сонголт-Өргөн боломжийг бий болгохын төлөө нэр дэвшиж байгаа. Хувийн хэвшил бол улс эх орны ирээдүй.
Би дөрвөн хүүхэдтэй айлын тэргүүн. Хүүхдүүдийнхээ амьдрах ирээдүйн Монгол орныг сайн сайхан байгаасай гэж хүсэж байна. Аа харин таны хэл амтай, амбицтай гэж хэлж байгаатай бол санал нийлэхгүй. Манай бизнес эрхлэгчид маш шударга хүмүүс. Бас амьдрал таньсан хүмүүс байдаг. Тийм болохоор бэрхшээл байгууллага дотор биш харин гадна байна гэж бодож байгаа шүү.
Холбоотой мэдээ