Нохой шуугиулсан “ноён”

Хуучирсан мэдээ: 2023.09.20-нд нийтлэгдсэн

Нохой шуугиулсан “ноён”

Машинаараа хүн дайрах гээд хөөж явсан Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарын тариаланчдад 9 тэрбумаар улсын төсвөөс хашаа барьж өгчээ. Энэ жил ч биш, 2019 оноос хойш хашаа барьж өгөх ажлын эхлүүлсэн аж. Өнгөрсөн хугацаанд Л.Чинбат нарын хашаанд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдийг зарцуулснаа салбарын сайд хэлсэнгүй. Харин хойшид энэ ажлыг Ерөнхий сайд дэмжихээ сэлэнгэчүүдэд амлан алга ташуулсныг Х.Болорчулуун сайд бахтай "шулганав".  Төртэй сүлжилдсэн бизнес өнөөдөр хэрхэн цэцэглэж буйн тод жишээ Л.Чинбат болов. Өөрөө охин компаниудаараа дамжуулан элдэв дэмжих сангийн мөнгийг хүртээд зогсохгүй охиноо төрийн сайд болгон тансаглуулж, тариагаа төсвийн мөнгөөр хашаалан хамгаалуулжээ.  Монголын Засгийн газрын тэргүүн авлигатай тэмцэнэ, алагчлалгүй ард түмэндээ хандана гэдэг ч ажил амнаасаа алд дэлэм зөрдөг зөвхөн ганцхан жишээ энэ. Төрийн албыг наймааны схем болгосон, газрын наймааг гааруулсан гэж М.Энхболдын эсрэг жагсаал хийхдээ юу гэж хэлсэн билээ. Өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд хийж буй этгээд "Иргэдийнхээ итгэлийг албан тушаалаар наймаалцахгүй! Би ямар нэгэн албан тушаал дээр очихгүй" гэж хэлсэн билээ. "Монголын За-Андагаар буй заа" гэх үгний гүн утгын талаар энэ хүнтэй яриад хэрэггүйг туулсан зам нь харуулаад өгөх шиг.

МАН-ын өнөөгийн удирдлагын нийтлэх төрх нь өрсөлдөгчдөө хулгайд гүтгэж шуугиулаад араар нь арчаагүй зорилгоо гүйцэлдүүлдэг явдал болов. Гүтгэлэг үнэн болдог, гүтгэсэн, дайрсан шударга, баатар болдог ажээ. "Хулгайчийг хараарай" гэж хашгирсаар эрх мэдэлд хүрээд хэзээ ч нөгөө хулгайчаа бариулдаггүй нь нэг бол хулгайчийн хамсаатан эс аваас түүнээс өөрцгүй болой.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ:

-Нийгэм, эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд намын удирдлагууд, намын нөхөд, үе, үеийн Ерөнхий сайд нар болон эдийн засагч нартай зөвлөлдөж, ажиллана. Ер нь цаашдаа манай улс Эдийн засгийн хөгжил, инновацийн яам байгуулж, тогтвортой бодлоготой явах учиртай… 2021 он нэгдүгээр сар 27.

Тэр намын дарга болоод ингэж хэлсэн юм. Юун зөвлөгөө авах. Бурууг бусдад өгөөд өөрөө "амаргүй нөхцөл байдал" гэх үгийн ард нуугдсаар ирсэн нь үнэн. Өнөөдөр ч Цар тахлын үеийн хууль үйлчилсэн хэвээрээ байна. Гүйцэтгэх засаглалаа хянах ёстой парламент өөрийн бүрэн эрхээ шилжүүлээд гурван жилийн нүүрийг үзэж байна. Энэ хооронд төсвийн мөнгийг ямар ч хяналтгүйгээр зарцуулж, 2016 онд 120 мянга орчим байсан төрийн албаны бүтэц 300 мянга болтлоо данхайжээ. Энэ бүхнийг нь иргэд шүүмжилбэл,

"Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан" гэж хүсээгүй байхад нь хүчээр боочихсон аятай дэмийрдэг.

Яг үнэндээ өнгөрсөн 33, өмнөх 69 жилийн хугацаанд түүн шиг хэзээ ч ийм их эрх мэдэлтэй Ерөнхий сайд Монгол Улсад байсангүй. УИХ-аа өөртөө үйлчлүүлж, сайд нараа УИХ-аар батлуулах бус өөрөө томилдог, АТГ-ыг атгандаа оруулсан, давхар дээлээ Үндсэн хуулиар албажуулсан гээд бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн ч гоншигоноод байдаг. Өнөөдөр ковидын үед үйлчилсэн хууль, үрсэн, завшсан төсвийн мөнгөний балаг арилаагүй төдийгүй, тайлагнаагүй таг чиг түгжээд нэг дуулианыг нөгөөгөөр дараад л сууж байх.

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ:
– Эрдэнэт, Оюу Толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Ордонд хүч мөхөствөл олон нийтэд хандана. /2022 оны дөрөвдүгээр сар 5/

Ийн хэлээд УИХ-ын сонсгол хийж баахан хүнийг хулгайч, луйварчин болгоод олон нийтээр барьж идүүлэхээр баахан нэрс гаргасан. Харин 56 хоног үргэлжилсэн шүүх хурлыг шууд дамжуулснаар хэн нь гүтгүүлж, хэн нь хамгаалалтад оров гэдгийг эрүүл саруул ухаантай хэн боловч хангалттай харах боломжтой байв.

"Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Та бүхэн нүүрсний хэдэн төгрөг цуглуулсан байж болно, Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай. Үүнийг жагсаал зохион байгуулсан зарим нэг нүүрсний хулгайчдад хандаж хэлмээр байна." /2022-12-06/ гэж бас л шуугиулсан.

Залуусын жагсаалыг зориуд өөрсдийн гар хөлөөрөө саармагжуулан санасандаа хүрч чадсан тэд нүүрсний хулгайчид гэж хэдэн хүн зарлаад  шүүхэд 11-хэн нөхрийг оруулж ирсэн нь юу болоод буйг хэлээд өгөх шиг. Энэ хэрэгт УИХ, Засгийн газрынхан бүгд оролцсон гэдгийг золионд гарсан гомдогч хэлээд авсан. Тэд үнэнд гүйцэгдээд л байдаг…

"Төрд үүрлэсэн авлигачидтай тэмцэнэ, дараагийн бөмбөг төмөр зам, тээврийн салбарынхны дунд тэсэрнэ шүү" гэж хэлээд орой нь УБТЗ-ын хурган даргаас хэчнээн тэрбумыг илрүүллээ. Энэ нь авлигатай тэмцээд байгаа мэт боловч намынхаа хулгайчиддаа сануулга өгөөд байгаа шантааж байв.

"Байгаль орчны яамны газрын наймаачид болгоомжтой байгаарай. Монголбанкны газрын дарга нар банк бус санхүүгийн байгууллагаа одоо боль. Авлигачдыг удахгүй илчилнэ, ард нь байгаа улстөрчдийг ч нэрлэнэ" /2023 нэгдүгээр сарын 6/

Хаана байна вэ, Монголбанкны авлигачид. Өнөөдөр эдийн засгаа хорлоод байгаа юм шиг шийдвэрийг Монголбанкнаар гаргуулаад байгаагийн цаад эзэн нь Ерөнхий сайд биш гэж үү?

-Өнөөдөр би энэ үгийг хэлээд шүүмжлэлд өртөх байх. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт 17-18 нас болж залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг гэж байгаа юм. Ингэж байж идэвхтэй иргэнийг бий болгодог" 2021-03-05

Гэж амьдрал мэдэхгүйгээрээ айлын эхнэрүүдэд шуугиулж явсан тэрбээр Дарханд очоод бас шуугиулав. Авлигатай тэмцэнэ гэдэг намын нөхөдтэйгөө тэмцэхийн нэр гэж пээдийж байсан тэр шалдаа буугаад бүх эрх мэдлийг атгаж буй хэр нь тэтгэвэрт гарсан өвгөчүүлийн нэрийг өнөөгийн болох бүтэхгүй бүхний эзэд гэж цоллон шуугиулж явна.

"Тамхи татаж байгаад хаячихлаа. Хэдэн төгрөгийн торгуультай вэ. Шууд 50 сая төгрөг болго. Тэгээд яах вэ дээ. Мөнгөтэй бол болно шүү дээ. Торгуулийг нь нэмчих" гэж л дэлхийгээс тасархай юм ярьдаг хүн яаж буурай монголын бодит амьдралыг ойлгох билээ.

Нэг иймэрхүү нохой шуугиулдаг Ерөнхий сайдтай болоод бид дээрдсэнгүй. Ноёнтой өштэй бол толгойгүй, нохойтой өштэй бол хормойгүй гэгчээр өөрийг нь шүүмжилсэн болгоныг троллуудаар дайруулж, хулгайч, адгийн шаар мэтээр харлуулж, өөрийнх нь гүтгэлэгт итгэж шүүх ял өгөхгүй болохоор шүүх рүү шүлсээ үсчүүлээд дураараа донгосч явдаг ийм нэгэн этгээд Монголыг шуугиулсаар. Үлгэрт итгэсэн монголчууд талцан хэрэлдсээр. Үр дүн нь өнөөгийн бидний амьдрал. Нохой шуугиулахаас илүү айлд орж, аж байдалтай нь танилцаж, арай дөнгүүр юм ярьж явбал адаглаад өөрт нь хэрэгтэйсэн… Давхар дээлтнүүдийн чинь тоогоор, данхар төрийн албаны бүтэц болгон Монголын асуудал болчихсон байна. "Төрийн албыг 30 цомхотгоно" гэсэн чинь яалаа. МАНАН бүлэглэл, өнгөрсөн 30 жилийн алдаа, эмэгтэйчүүдийн эрт гэрлэлт, өөр юу ч билээ, манай хүнд саад хийсэн үү? Эсвэл нохой зассан хүндээ янаг гэгчээр авлигачдаа хамгаалаад явна уу? Нөгөө олон их наядын хэргүүд, нүүрсчид гэж 11 хүнд байсан хэрэг үү?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
8
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж