Хятадын Гадаад хэргийн сайд асан Цин Ган долдугаар сард албан тушаалаасаа огцорсон. Түүнийг АНУ-д Элчин сайдаар ажиллах хугацаандаа гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэж өнөөдөр /2023.09.19/ "Wall Street Journal" сэтгүүлд мэдээлжээ.
Цин Ганы энэ үйлдэл Хятадын үндэсний аюулгүй байдалд халдсан эсэхийг тодруулах мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Коммунист намын дотоод шалгалтаар Цин Ган АНУ-д суух хугацаандаа энэ хэрэгт холбогдсон нь тогтоогдсон гэж тайланд дурдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д түүний хүүхэд төрсөн аж.
Тэрбээр 2021 оны долдугаар сараас энэ оны нэгдүгээр сарыг хүртэл АНУ-д суух Хятадын Элчин сайдаар ажилласан. Үүнийхээ дараа нэг сар чимээгүй байсны эцэст ахмад дипломатч Ван Игийн оронд Гадаад хэргийн сайдаар томилогдсон боловч долдугаар сард учир битүүлгээр албан тушаалаасаа огцорсон билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ