МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлөөс танхимын удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар өнөөдөр /2023.09.19/мэдээлэл хийлээ.
Бизнес эрхлэгчдийн нэгдсэн МҮХАҮТ-ын 21 дүгээр их хурал маргааш буюу есдүгээр сарын 20-нд болох гэж байна. Энэ удаа 2019 онд сонгогдсон Хяналтын зөвлөлөөс мэдээлэл хийж байгаагаа хэлсэн юм.
Хяналтын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Г.Хонгор:
-МҮХАҮТ бол төрийн хуультай, Монголын хамгийн том төрийн бус байгууллага. Тэгэхээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ танхимд юу болж өнгөрөв, ямар алдаа дутагдал гарч, нийгэм эдийн засгийн багц асуудлуудад ямар байр суурь илэрхийлэв гэдэг зүй ёсны асуудал гарч байна. Танхимын их хурлаар эдгээр асуудалд хариулт өгч, цаашдын Монголын эдийн засгийг яаж авч явах вэ гэдэгт хариулт өгөх ёстой. Ирээдүйн гарц гаргалгааг ярихаас өмнө өнгөрсөнд хийсэн ажлаа дүгнэх ёстой. Байгууллага хөгжихийн тулд санал шүүмжлэлийг хүлээж авдаг байх хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн МҮХАҮТ-ын үйл ажиллагаа явцуу хүрээнд цөөн томоохон компаниудын үйл ажиллагааг дэмжихэд чиглэж байна. Нөгөө баялаг бүтээдэг жижиг дунд бизнес эрхлэгчид энэ танхимаас гадуур үлдчихээд байна. Өнөөдөр нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрсэн. Банк зээлийн үйлчилгээ төдийлөн сайн биш байна. Жишээлбэл, Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн сангийн үйл ажиллагаа нь бизнес эрхлэгчдэд хүрч байна уу, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, нийгмийн даатгалын сангийн захиран зарцуулалт, ажилгүйдэл, татварын шууд бус дарамтууд, даатгуулагчийн эрх ашиг зэрэг том асуудлын нэгэнд ч байр сууриа илэрхийлж байгаагүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны ард дөрлүүлсэн бух шиг мөлхөж байна. Уг нь бизнесийн байгууллага маш эрчтэй, хүчтэй, шаламгай байх ёстой.
Энэ ажлаа хийхгүй байгааг Хяналтын зөвлөл шүүмжилж байна. Танхимын баялаг бүтээж байгаа 1000, 1000 гишүүнийг огт дэмжихгүй байна. Тиймээс 21 дүгээр их хурлыг хийхдээ ил тод, нээлттэй зохион байгуулаасай гэж хүсч байна.
Хамгийн сүүлийн ганцхан жишээ дурдахад, МҮХАҮТ-ын их хурал болох гэж байгаатай холбоотойгоор танхимын гишүүдийг хайрцагласан гэх мэдээлэл ирж байна. Шударга гишүүд эхнээсээ хэлж байна. Өнгөрсөн хугацааны алдаагаа илэн далангүй ярихыг хүсч байна. Самрын гарал үүслийн гэрчилгээ олгох нэрийн дор танхимын удирдлага оролцож, самрын экспортыг гацааж, асуудал үүсгэчихээд одоо хятадын тал экспортоо зогсоосон байна лээ гээд сууж байгаа нь үнэхээр гутамшигтай санагдаж байна. Хятадын тал ийм бичиг өгч, цуцалсан байсан гэдэг тайлбарыг хийж байсан. Махны экспортын тухайд ч мөн адил. Малчид махаа экспортлох гэхээр зуучлагч хийх ёстой танхим хангалтгүй ажиллаж байна" гэв.
Мөн тэрбээр "Танхимын барилгын асуудал 10 жил өнгөрсөн ч одоо ч хэвээрээ байна. Танхим дансандаа 2019 оны байдлаар 3 сая ам.доллартай тэнцэхүйц мөнгөн төгрөгтэй байсан. Энэ мөнгийг харилцах дансанд хадгаламжид аваачаад байршуулсан гэж харсан. Тэр мөнгийг үйл ажиллагаандаа ашиглаж, гишүүдээ дэмжих ёстой байтал нэг ч дарга хариу өгдөггүй. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн танхимын хаяа бараадсан, хэдэн том компаниуд л байна. Дараагийн үедээ халаагаа өгдөггүй, амь бөхтэй оршиж байна. Тийм учраас их хурлаараа асуудлыг хэлэх ярих цаг болсон. Танхим 160 гаруй ажилтантай яамны хэмжээнд ажиллаж байна. Хүний нөөцийг буруу хийж байна" гэдгийг онцлов.
Холбоотой мэдээ