"Blackpink" хамтлагийн “Born Pink” аялан тоглолт бүтэн жил үргэлжилсний эцэст Сөүл хотод хаалтаа хийлээ. Сөүлд хоёр өдөр үргэлжилсэн тоглолтод 35 мянган шүтэн бишрэгч хүрэлцэн ирэв. Үзэгчид ихэнх нь ягаан, хар өнгийн хувцастай тоглолтод ирсэн бөгөөд хамтлагийнхныг тайзнаа гарч иртэл "Blackpink" гэж орилжээ. Хамтлагийн гишүүд ягаан лазер гэрэл дор тайзнаа гарч ирж, тоглолтыг "Pink Venom" дуугаар эхлүүлсэн. Тайзыг солонгос үндэсний байшингийн дээвэр загвараар засчээ.
Хамтлаг таван дуу дуулсны дараа гишүүд соло уран бүтээлүүдээ хүргэв. Тухайлбал, Женни "Solo", "You & Me", Рүжэ "Gone", Жисүү "Flower", Лиза “Money” дуунуудаа тус тус дуулжээ.
Соло тоглолтуудын дараа хамтлаг долоон жилийн ойгоо зарласан. "Энэ аялан тоглолтыг зохион байгуулах гэж хичээнгүй ажилласан хүн бүхэнд баярлалаа. Бид бие биеэ дэмждэг учир энэ хүртэл явж ирлээ. Долоон жилийн аяллаа эргээд харахаар солонгос дахь шүтэн бишрэгчидтэйгээ тийм ч ойр ойр уулзаж чадаагүй юм билээ. Тийм ч учраас хаалтын тоглолтоо Сөүлд хийхээр шийдсэн. Бүх шүтэн бишрэгчийнхээ хайр, дэмжлэгт талархаж байна. Бид хамгийн сайнаараа үргэлжлүүлэн хичээх болно" гэж Женни хэлжээ.
Хамтлагийн "YG Entertainment"-тай байгуулсан гэрээ дуусч буйд санаа зовж байсан шүтэн бишрэгчдэд Женнигийн хэлсэн үг итгэл найдварыг өгчээ. Гэхдээ бүх дөрвөн гишүүн гэрээг үргэлжлүүлэхээр гарын үсэг зурсан эсэхийг хараахан нийтэд зарлаагүй. Гэрээг 2023 онд сунгана гэдгийг "YG Entertainment" мэдэгджээ.
"As If It’s Your Last" буюу "Энэ чиний сүүлчийн удаа мэт" дуугаар хамтлаг “Born Pink” тоглолтоо өндөрлөв. Тэд дэлхий даяар 34 хотод 66 удаа тоглолт хийж, 1.8 сая үзэгчийг цуглуулжээ.
Эх сурвалж: KOREA HERALD
Холбоотой мэдээ