Энтони Блинкен Хятадын дэд даргатай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.19-нд нийтлэгдсэн

Энтони Блинкен Хятадын дэд даргатай уулзжээ

Энтони Блинкен Хятадын дэд даргатай уулзжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр /2023.09.18/ НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд Хятадын дэд дарга Хан Жэнтэй уулзлаа. Энэхүү яриа хэлэлцээ нь илэн далангүй бөгөөд үр дүнтэй болсныг АНУ-ын Төрийн департмент онцолжээ. Тэд хоёр орны харилцаа холбоог нээлттэй байлгахаар тохиролцсоноос гадна Орос, Украины дайн, Хойд Солонгос, Тайванийн хоолой зэрэг асуудлыг хэлэлцсэн.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны томоохон төлөөлөгчдийн цуврал уулзалтуудын хамгийн сүүлийн үеийнх нь энэ болж байна. Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар Мальтад уулзсан билээ. Мөн АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Жина Раймондо, Сангийн сайд Жанет Йеллен, Байдены цаг уурын асуудал хариуцсан элч Жон Керри нар энэ онд Хятадад айлчилсан.

Харин энэ оны сүүлээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жиньпин нар уулзах төлөвтэй байна. Энэ нь арваннэгдүгээр сард Сан Францискод болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган юм. Гэхдээ Блинкен ч тэр, Хан ч тэр хэлсэн үгэндээ энэ уулзалтын талаар дурдаагүй. 

Энтони Блинкен уулзалтынхаа өмнө сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөхдөө "Дэлхий дахин манай хоёр орныг харилцаагаа хариуцлагатайгаар зохицуулна гэж найдаж буй. АНУ яг үүнийг л хийхээр зорьж байна. Нүүр тулсан дипломат харилцаа бол санал нийлэхгүй байгаа асуудлуудаа шийдвэрлэх хамгийн зөв арга. Мөн хоорондын хамтын ажиллагааны салбараа судлах хамгийн сайн арга зам юм" гэжээ.

Харин Хан Жэн "Яг одоо Хятад, АНУ-ын харилцаанд олон сорилт, хүндрэл тулгараад байна. Хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, харилцаагаа тогтвортой хөгжүүлэхийн тулд АНУ хүчин чармайлт гаргана гэдэгт Хятад найдаж байна. Дэлхий дахинд АНУ, Хятадын тогтвортой, эрүүл харилцаа хэрэгтэй" гэлээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж