Тэвэр дүүрэн ном барьсан тэгээд бас өөр нэгэн номын эрэлд гарсан бололтой өрөөтэй номын нэршлийг тогтож уншаад алгуурхан нэг нэгээр нь хөлөө зөөх 20 гаруй насны тод өнгө бүхий хувцасласан охин 34 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа номын баярын, бас нэгэн тод өнгө болж харагдана.
Бороотой бас жиндүүхэн өдрүүд энэ удаагийн номын баярын өдрүүдэд үргэлжилсэн учраас гурван хоног зохиогдох байсан тус баяр дахин нэг өдөр үргэлжлэхээр болсон нь нүдээ олсон шийдвэр болжээ. Өчигдөр 17.00 цагийн үед номын баярыг зорих уншигч олны хөл тасраагүй, зохиолч, уншигчдын халуун дотно уулзалт үргэлжилсээр байсан юм.
Ө.ЦЭРЭНТОГТОХ: ЭНЭ ЖИЛ ТҮРЭЭС 880 МЯНГА БОЛЖ ӨССӨН
Сүхбаатарын талбайн зүүн буланд байрлах “Ховор номын худалдаа” уншигчдын дунд эрэлт ихтэй, элдэв ховор номууд ихтэй тул тус асраар зочлох иргэд олон байв. Энэ хэд вэ, тийм ном байна уу гэхчилэн яриа өрнөнө. Тус ховор номын худалдаа эрхлэгч Ө.Цэрэнтогтохын хувьд жил бүр зохион байгуулагддаг номын баярт дөрөв дэх жилдээ оролцож байгаа гэдгээ хэлж байна. Энэ жилийн тухайд цаг агаарын хувьд хүйтэн, бороо хур элбэг байсан учраас өмнөх жилүүдийг бодвол өнгөрөгч өдрүүдэд хөл хөдөлгөөн бага байсан гэнэ. Тиймээс цаашид номын баяр болох өдрийн товыг гаргахдаа цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргадаг бол хэн хэндээ л амар юм даа хэмээн инээмсэглэнэ.
Учир нь, ном зөөж, тээвэрлэхэд овор хэмжээ ихтэй учир бороонд норох, салхинд хийсэх гэх мэт асуудал бэрхшээл олон тулгардаг аж. Түүнчлэн жил бүр номын худалдаанд оролцох түрээсийн үнэ өсч байгаа нь номын худалдаа эрхлэгчдэд ашиг орлого олох боломжийг багасгаж байна гэв.
Тухайлбал, дөрвөн жилийн өмнө гурван өдөр асар түрээслэх үнэ 300 мянган төгрөг байсан бол энэ жил 880 мянган төгрөг болж өссөн байна. Тиймээс энэ худалдаанаас ашиг олох гэхээс илүүтэй иргэдийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийж байгаа үйлдэл гэж боддог хэмээн нүд нь гялалзан ярина. Түүнд номын баяр, номын худалдаа, уншигч олонтой холбоотой ярих сэдэв, хэлэх үг олон байгаа нь илт. “За байз өөр юу ярих билээ. Би жаахан бодъё” гэснээ "Номын худалдаа эрхлэг гэдэг нэг талаараа буянтай ажил. Нэг үеэ бодвол хүмүүс оюундаа хөрөнгө оруулдаг болсон байгааг харахад бахархмаар санагддаг. Ном уншдаг, дурладаг хүмүүсийг харахаас ч андахгүй. Сонирхож байгаа номынх нь талаар юм уу тэр чигийн холбогдолтой номын талаар яриа өрнүүлэхэд дуусахгүй арвин яриа болно. Зарим нь сонирхож байгаа номоо авах гээд мөнгө нь хүрэхгүй үе тохиолдоно. Өгөөд л явуулчихдаг. Гэтэл дараа нь дутаасан мөнгөө өгөөд дээр нь дахиад нэмж ном авахаар ирдэг хүмүүс ч бий. Мартснаас залуучуудыг залхуу хойрго гээд муулаад байдаг харин ч залуучуудын дунд ном уншдаг залуус маш их болсон байна. Тэр хэрээр улс орны ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Эцэст нь ганц зүйл хэлэхэд сүүлийн үед хийсвэр, уран зохиолын номнууд их хэмжээгээр хэвлэгдэж тэр хэрээр нийгэмд эрэлттэй байх шиг байна. Уг нь шинжлэх ухааны, эрдэмтэн, судлаачдын томоохон бүтээл туурвил, Монголын түүх, зан заншилтай холбоотой номнуудыг түлхүү хэвлэдэг, түүнийг нь уншдаг бол жинхэнээсээ оюун ухааны сэргэлт болно. Түүнчлэн нийтийн номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр төр засгаас бодлогоор анхаарах нь зүйтэй" гэв.
ЭРЭЛТТЭЙ ТАЙЗ…
Тус асараас цааш чиглэвэл ногоон зүлэг бүхий байгууламжийн гол хэсэгт залуучууд бөөгнөрчээ. Дөхөөд очвол “Илүү их сонсоё” уриатай тайз засч, нээлттэй микрофон ажиллуулсан нь ийнхүү оролцогч болоод үзэгчдийн хөлд дарагдсан нь энэ аж. Сургуулийн сурагчид болоод оюутан залуус өөр өөрийнхөөрөө тайзыг эзэгнэж дуулж, бүжиглэсээр…
Тус арга хэмжээ эхлээд цаг гаруй үргэлжилж байгаа хэдий ч 20 гаруй хүүхэд дуулж, 5-6 хүүхэд шүлэг унших, хамтлагаараа гарч ирж бүжиглэх гэх мэтээр залуучуудыг өргөн хүрээнд хамруулсан сонирхолтой үйл явдал болж байгаа талаар зохион байгуулагчид хэлж байна. Мөн тус тайз эрэлт ихтэй байгаа бөгөөд тайзан дээр гарах дарааллаа хүлээх залуусын тоо 20 гарчихсан байгааг хэлж байна.
Хэн, хэнийг ч шүүхгүй тайзнаас буухад алга нижигнүүлэн баяр хүргэх шинэ үе. “Өөртэйгөө айдастайгаа нүүр тулж өөрийгөө сорьж үзэхийг хүссэн учраас тайзан дээр гарч дуулсан. Би чадлаа” хэмээн бахархал дүүрэн бас багахан сандралтай ярих энэ охиныг А.Халиун гэдэг. Тэрбээр, дөнгөж сая тайзан дээр 290 хамтлагийн “Be my summer” дуугаар бут авсан. Түүний хувьд жил бүрийн номын баярыг тэсэн ядан хүлээдэг оюулаг уншигч. Мөн улам их унших зорилт тавьсан хэмээн даруухан инээмсэглээд найзуудынхаа зүг одов.
Б.ШҮҮДЭРЦЭЦЭГ: НОМЫН ХУДАЛДААГ НӨАТ-ӨӨС ЧӨЛӨӨЛӨХ НЬ БОДИТ ДЭМЖЛЭГ БОЛНО
Номын баярыг анх зохиогдож эхлэх үеэс нь буюу 34 дэх жилдээ оролцож байгаа ховор зочдын нэг бол Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Шүүдэрцэцэг. Тэрбээр хэлэхдээ, энэ удаагийн номын баяр түүхэндээ анх удаа үргэлжилж байна. Мөн дэлхийд алдартай Хятадын зохиолч Үй Хуа болон Өвөрмонгол, Буриад, Оросоос зохиолчид ирж оролцож байгаа нь энэ удаагийн номын баяр олон улсын хүрээнд болж өргөжиж байгаа нь сонирхолтой. Бүхий л зохиогч ном бүтээгчдийн хувьд уншигчидтайгаа амьд холбоо тогтоодог, ном унших соёл түгээдэг, өргөн утга агуулгатай соёл гэгээрлийн ажил номын баярт оролцох нь утга төгөлдөр зүйл. Тиймээс зөвхөн номын худалдаа болдог мэтээр өнгөц харж, дүгнэж болохгүй. Номын баярт оролцож байгаа хэвлэлийн газрууд, ном бүтээгчид өндөр зардлаар номын баярт оролцож, энэ үеэр хямдралтай худалдаа зохион байгуулдаг учраас ашгийн төлөө гэхээс илүү соёл гэгээрлийн ажил. Дэлхийн томоохон хотууд өөрсдийн гэсэн номын яармаг, үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Улаанбаатар хот номын баяртай байгаа нь дэлхийн хэмжээний хот болсны бас нэг үзүүлэлт болж байна. Миний хувьд энэ удаагийн номын баярт “Улаан могой” гэх уран сэтгэмжийн романыхаа II ботийг хэвлэлээс аваад шинэ номтой оролцож байна.
Монголчууд таамаглаж ярьдагт дургүй байдаг. Ном уншдаг иргэдийн тоо өссөн, буурсан гэдгийг нүдэн баримжаагаар юм уу, нэг хоёр өдөр зохиогдож байгаа номын баяраар дүгнэх боломжгүй л дээ. Нарийн судалгаа хийх ёстой. Дэлхийн бусад оронд тухайн орны иргэдийн дундаж нь долоо хоногт хэдэн цагийг ном уншихад зарцуулж байна, жилийн орлогосоо хэдэн хувийг нь ном худалдаж авахад зориулав гэдэг тодорхой статистик мэдээлэл дээр тулгуурлаж ярьдаг. Үнэндээ номын ертанц, худалдаа хүнд байдалтай байгаа. Covid-19-өөс хойш олон тооны номын дэлгүүр үүд хаалгаа барьсан. Дорнод аймагт байсан гурван номын дэлгүүр үүд хаалгаа барьсан байна. Улаанбаатар хотод цөөн хэдэн том дэлгүүр үлдсэн. Жижиг газрууд дампуурлаа зарласаар байхад ном унших соёл нэмэгдсэн, илүү их уншдаг болсон гэж таамгаар хэлэх боломжгүй. Иргэдийг ном унших соёлд уриалан дуудна гэдэг зөвхөн худалдаа төдий зүйл биш л дээ. Төрийн бодлого хэрэгтэй.
Тухайлбал, төрөөс номын худалдааг НӨАТ-аас чөлөөлөөд өгчихвөл хэн хэндээ бодит дэмжлэг болно. Тухайлбал, нүүрээ бүтэн өргүүлэх мэс засал 10 сая төгрөгийн үнэтэй байхад тэр гоо сайхны эмнэлгүүд НӨАТ-аас чөлөөлөгдчихсөн байдаг. Энэ бол тансаг хэрэглээ. Гэтэл анагаахын үйлчилгээ нэрэн дор шугуулаад тансаг хэрэглээг НӨАТ-аас чөлөөлчихсөн байдаг. Номын салбар, худалдаа эмзэг байгаа энэ үед төрөөс бодлогоор дэмжих нь чухал.
КРАШДАА ЗОРИУЛСАН СОНГОЛТ
Энэ жилийн номын баяр өмнөх жилүүдийг бодвол цар хүрээ өргөн харагдаж байна. Оролцож байгаа байгууллагууд болоод номын сонголт улам илүү өргөжсөн байна. Мөн хүүхэд залуус олноороо оролцож байгааг харахад сайхан байна. Би крашдаа зориулж “Өвсөнд мэхийх нил цэцэг” гэх ном авсан хэмээн Д.Сугармаа яриа дэлгэв. Бид хоёр уншсан болоод уншихыг хүсч байгаа номынхоо талаар ярьж байх үед тэрбээр хоёр ном уншмаар байгаагаа хэлж байсан. Түүний нэг нь энэ ном. Тиймээс крашдаа бэлэглэхээр шийдэж энэ номыг авсан гэнэ. Түүний гарт хэд хэдэн номууд байх бөгөөд хуучин номын хэсгээс авсан болов уу гэмээр жижигхэн бор ном анхаарал татна. Ном бас крашынхааа талаар ярьж байгаа учраас ч тэрүү түүний царай улам гэрэлтэж, нүд нь гялалзсаар дараагийн сонгосон номоо тайлбарлав. “ Хуучин номын хэсгээс хүүхдийн хүмүүжлийн тухай 1981 онд бичигдсэн энэ номыг авахаар шийдсэн” хэмээн эргүүлж, тойруулж үзүүлнэ. “Миний хувьд боловсролын салбарт ажилладаг учраас 1980-аад онд хүүхдийг хэрхэн хүмүүжүүлж, юу зааж, ямар арга ухаан ашигладаг талаар унших нь үнэхээр сонирхолтой санагдаж байна” гэв. Залуус эрж хайж, шилж, сонгож уншдаг болжээ.
УНШИХААС ГАДНА СОНСОХ БОЛОМЖ БАЙГАА НЬ САЙХАН
Б.Золбоо:
-Энэ жилийн номын баяр илүү их зохион байгуулалттай болж байна. Бүх зүйл эмх цэгцтэй санагдаж байна. Миний хувьд гэрлийн өргөөний судруудыг түлхүү их уншдаг. Тийм ч учраас шинээр гарсан Үнэгний домог номыг худалдаж авахаар ирсэн. Сүүлийн үед залуучуудын дунд ном унших соёл их дэлгэрч байна. Зарим нь цаасан хэлбэрээр нь уншиж амжихгүй бол сонсдог номыг чөлөөт цагаараа сонсох нь элбэг болсон байна. Зарим тохиолдолд ажлынхаа цагаар сонсдог номноос сонирхдог зохиолчынхоо номыг Залуучуудын хандлгаа, зорилго, харах өнцөг үнэхээр их өөрчлөгдөж байна. Залуус оюундаа хөрөнгө оруулж ном худалдаж авдаг, зорилго тавьж уншдаг болсон. Бүр уншсан номоороо цэц булаацалдаж хэн нь илүү их уншиж, илүү их мэдэж байгаагаараа өрсөлддөг болсныг харахад сайн санагддаг. Бас үеийнхээ найзууд, ах эгч нараасаа үлгэр дууриалал авч ном унших соёлыг цаашид улам өргөжүүлэхийг хүсдэг.
Ярих зүйлтэй, унших номтой шинэ шинэ бүтээл туурвилтай номын баяр нар, хур дагуулсаар дөрвөн өдөр Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Цас ханзарч, ус урсаж, цэцэг нахиагаа дэлгэх хаврын дэлгэр өдрүүдэд дахиад л номын баяр үргэлжилнэ… Уншиж судалсан, бичиж тууривсан, эрж хайсан, уулзан учирсан учирлууд хөвөрнө..
Холбоотой мэдээ