УИХ Монгол Улсын 2022 оны төсвийн хуулийг батлахдаа гэр хорооллын 00-ыг шинэчлэх, нийтийн эзэмшлийн орон сууцны дулаалгад зориулж хөрөнгө хуваарилсан зэрэг нь төсвийг үр дүнгүй зарцуулах нэг шалтгаан болж буй юм. Энэ асуудлын хүрээнд Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын ахлах аудитор Б.Сандуйжаваас дараах тодруулгыг хийлээ.
-Үндэсний аудитын байгууллага Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийгээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Нийтлэг гарч буй зөрчил нь юу вэ, цаашдаа юуг анхаарах шаардлагатай байна вэ?
-Төрийн аудитын байгууллага нь 2022 оны улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт , үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1369 төсөл арга хэмжээ хэрэгжихээр төлөвлөгдсөнөөс 6.1 их наядын төсөвт өрөгтэй ба 1.4 их наядын санхүүжигдэх дүнтэй батлагдсан байгаа. Гүйцэтгэлийн аудит хийх явцад хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн шатан дээр зөрчил нийтлэг илэрсэн. Тэр зөрчлийн голлох асуудал нь бэлтгэл хангах шат, техникийн нөхцөл болон магадлал, зураг төсөл хийх ажил хангалтгүй байна.
Тодруулбал, 2022 онд 664 төсөл арга хэмжээ шинээр хэрэгжүүлэхээр баталснаас барилга байгууламж , их засварын ажилд хамаарах 502 төсөл байгаа. Үүнээс 406 төсөл арга хэмжээ нь төслийн шаардлага хангаагүй байхад батлагдсан байх жишээтэй.
Шинээр хэрэгжих төсөл арга хэмжээний эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг нь тооцоод урсгал зардал болон төсөвт үзүүлэх ачааллыг гаргасан байх ёстой. Гэтэл энэ ажил маш хангалтгүй хийгдсэн. Мөн УИХ-аар төсөв хэлэлцэх шатанд төсөл арга хэмжээнүүд өөрчлөгдөж, санал орж ирсэн гэдгээр батлагдах зөрчил гарсаар байна. Өмнө жилүүдэд ч гарч байсан зөрчил. Тухайлбал, 664 төсөл арга хэмжээнээс 104 нь УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд нэмэгдсэн байх жишээтэй. Эдгээр төсөл арга хэмжээн дотор барилга байгууламжийн хяналт тавиагүй, төслийн шаардлага хангахгүй төслүүд багтсан байдаг.
Төсвийн тухай хуульд холбогдох шаардлагатай бүх техникийн нөхцөлүүдээ авсан, зураг төсөл нь батлагдсан, магдлалаар тэр нь баталгаажсан байх төсөл арга хэмжээг төсвийн төсөлд тусгана гэж заасан байдаг. Гэтэл энэ шаардлагыг хангахгүй төсөл арга хэмжээ маш их багтсан.
Шинээр хэрэгжүүлэхээр батлагдсан 664 төсөл арга хэмжээнээс 406 нь дээрх шаардлага хангаагүй. Дотор нь ангилаад үзэх юм бол зарим төсөл арга хэмжээний магадлалын хугацаа дууссан, зарим нь бол хууль батлагдсаны дараа он гараад магадлалууд нь баталгаажсан зөрчлүүд байгаа.
Хуульд сүүлийн хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр магадлалтай тийм төсөл арга хэмжээг төсөвт тусгана гэж заасан байдаг. Гэтэл энэ шаардлагыг хангахгүй төсөл арга хэмжээнүүд батлагдаж байна гэсэн үг.
-Та бүхний гаргасан тайланг харахад зарим төсөл арга хэмжээ 6-11 жил үргэлжилж байна. Энэ юунаас болоод ингэж сунжраад байна вэ. Жишээлбэл, Ерөнхий сайдын багцаас санхүүжилт авч хэрэгжихээр төлөвлөсөн зургаан ч төсөл харагдана, 6-11 жил үргэлжилж байх юм?
-2010 оноос эхэлсэн төсөл арга хэмжээ цөөнгүй байгаа. Эдгээр нь дийлэнхдээ спорт цогцолборууд. Дархан-Уул аймагт баригдаж буй спорт цогцолбор, Сүхбаатар, Налайх дүүрэгт төлөвлөгдсөн төсөл арга хэмжээнүүд юм. Удааширч буй гол шалтгаан нь тухайн төсөл арга хэмжээнүүд хэрэгжих хугацаанд нийт санхүүжилтийг тэнцүү хуваарилж өгөхөөр хуульд заасан байдаг. Энэ нь эргээд санхүүжилтийг хэтэрхий багаар төсөвлөхөд хүргэж, санхүүжилтийн дутагдалд оруулах. Зарим тохиолдолд гүйцэтгэгч аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай холбоотойгоор төсөл арга хэмжээ олон жил үргэлжлэх. Эсхүл түрүүн дурдсан төслийн шаардлага хангаагүй байхад нь төсөл арга хэмжээг баталдаг зэрэг шалтгаан нөхцөлүүд олон. Эцсийн дүндээ энэ нь төсөвт үргүй зардлыг нэмэгдүүлэх эрсдлийг бий болгож байна.
-Үргүй зардлыг нэмэгдүүлэх эрсдэл үүсгэж байна гэдгийг илүү тодруулахгүй юу. Яг ямар эрсдэл үүсгэж байна гэж ойлгох вэ?
-Жишээ татвал, төсөвт өртөг нь магадлалаар баталгаажаагүй байгаа нь дахиад төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэх, олон жилээр үргэлжлэх эрсдэлийг үүсгэж байгаа. Хэдэн төгрөгийн төсөвт өртөгтэй байх ёстой вэ гэдэг магадлалаар баталгаажсан зүйл гараагүй учраас дараа нь магадлалаар баталгаажихаар их юм уу эсвэл бага гарахаар тухайн төсөл арга хэмжээ төлөвлөсөн хугацаандаа дуусахгүй байх, дахин төсөвт өртөг нь нэмэгдэх төсвөөс үргүй зардал гарах үр дагавар маш их.
-Эрчим хүчиний нэг төсөл арга хэмжээ 2017 оноос эхлэн төлөвлөгдсөн ч одоог болтол хэрэгжээгүй байх юм. Төсөл 6 жил шахам үргэлжилж байгаа шалтгаан нь юу юм бол. Энэхүү төсөл арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-2017 онд л энэхүү төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж, анх төлөвлөсөн байдаг. Эрчим хүчний яаманд харьяалагдах ёстой дулааны шугам сүлжээний ажлыг Барилга хот байгуулалтын сайдын багцад оруулснаас болоод хэрэгжилт удааширсан байгаа. Тийм учраас гол чиг үүргийн яаманд нь ажлыг шилжүүлээд тухай бүрт нь шийдээд явах ёстой гэдэг зөвлөмж өгсөн.
Уг нь бол энэхүү төсөл арга хэмжээ маань Улаанбаатар хотын төв магистрал шугамын нэг юм. Саппорогийн уулзвараас Нарны гүүр хүртэл буюу хуучнаар Тээврийн товчоо хүртэлх дулааны шугамыг шинэчлэх, өргөтгөх шаардлагатай байгаа. Нийт 24.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажил. Үүнд 4 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгогдсон. Маш ач холбогдолтой, чухал төсөл байхад анхаарал хандуулдаггүй.
Төсөл арга хэмжээ хэрэгжихгүй удаашрах тусам тэрхүү магистрал шугамын дагуу шинээр барилга байгууламж баригдаад байдаг. Нэг ёсны магистрал шугамаа барих болоход тэрхүү баригдсан барилга байгууламжийг сүйтгэх, эсвэл нөхөн төлбөр төлөх шаардлага үүсгэж буй. Тийм учраас Ерөнхий сайдад хандан анхаарал хандуулаач ээ гээд албан шаардлага хүргүүлсэн.
-Энэ төсөл арга хэмжээ шиг маш чухал анхаарах шаардлагатай өөр ямар төсөл байна вэ?
-Дорнод аймагт баригдаж байгаа цахилгаан станцын барилгын хөрөнгө оруулалтыг шийдэхгүй байсаар хүндрэл үүсээд байгаа. Учир юу вэ гэвэл, энэхүү төсөл арга хэмжээ нь БНХАУ-ын Хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээ юм. Гэтэл Монголын тал 2023 оны аравдугаар сараас урьтаж, шаардлагатай хөрөнгө оурулалтыг шийдээгүйгээс болж, хэлэлцээр нь цуцлагдаад дахин эхнээс нь хийх үү гэдэг бэрхшээл хүндрэл тулгараад байгаа. Хэрэв энэ төсөл хэрэгжих юм бол зүүн бүсийн цахилгаан хангамж бүрэн шийдэгдэх чухал ач холбогдолтой төсөл юм.
Гэтэл чухал ач холбогдолтой төсөл дээрээ хөрөнгөө шийдэхгүй хэрнээ төрийн өмчид шилжих боломжгүй ч юм уу, нийтийн эзэмшлийн байрны гадна пасадыг янзлах, гэр хорооллын жорлонг шинэчлэх, эсвэл гэр хорооллын айлуудад халаагуур тавьж өгөх ч гэх юм уу улсын төсөвт хамаарахгүй хувийн хэвшлийн хөрөнгийг шийдэж өгдөг. Хэрвээ ач холбогдлоор нь эрэмбэлж, оновчтой төсөл арга хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилж чадсан бол зүүн бүсийн аймгууд цахилгааны хувьд асуудалгүй, мөн Улаанбаатар хотын дулааны гол магистрал шугам шинэчлэгдэх бүрэн боломж байсан. Эдгээр асуудлыг шийдвэрлэчих бүрэн боломжтой хөрөнгийг жорлонг шинэчлэх зэрэгт зарцуулсан байгаа нь харамсалтай.
Тийм учраас оновчтой төсөл арга хэмжээндээ улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилах шаардлага байгаа юм.
-УИХ-аар улсын төсөв хэлэлцэж эхлэхэд тойрог руугаа хөрөнгө оруулалт татна гээд нэлээн том дажин үүсдэг. Энэнээс болоод хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилж чадахгүй байна уу, аль эсвэл төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаад байгаа юм уу. Гол алдаа юун дээр гараад байна вэ?
-Төлөвлөлттэй л холбоотой юм. Тухайн орон нутагтаа юу шаардлагатай, хэрэгтэй байна вэ гэдгээ тодорхойлох асуудал шаардлага хангахгүй байна. Төсөл арга хэмжээгээ зөв тодорхойлоогүйгээс гэнэтийн байдлаар төсөл арга хэмжээг оруулж ирэх ч юм уу. УИХ-ын хэлэлцүүлгийн шатан 664 төсөл арга хэмжээнээс 104 нь Засгийн газрын өргөн барьснаас өөрөөр буюу УИХ-ын гишүүдийн саналаар ч юм уу нэмэгдэж байгаа. Тэгэхээр анхан шатандаа юу хэрэгтэй байгаа вэ гэдгээ мэддэггүй, төлөвлөлтөө сайн хийж чаддаггүйтэй холбоотой юм. Шаардлагатай асуудал гарангуут ийм зүйл хэрэгтэй байна гэдгээр төсөл арга хэмжээгээ тусгадаг. Төлөвлөлтөө маш сайн хийчих юм бол төсөв ерөнхийлөн захирагч нар өөрсдөө шаардлагатай төсөл арга хэмжээгээ Сангийн яаманд ирүүлээд Засгийн газарт оруулаад, УИХ өөрчлөхгүй баталж чадвал эдгээр зөрчлүүд багасна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ