МАН-ын улигт шоу: С.Зоригийг хөнөөсөн хэрэг ба “эзэн”-ий хэрэг

Хуучирсан мэдээ: 2023.09.19-нд нийтлэгдсэн

МАН-ын улигт шоу: С.Зоригийг хөнөөсөн хэрэг ба “эзэн”-ий хэрэг

МАН-ын улигт шоу: С.Зоригийг хөнөөсөн хэрэг ба “эзэн”-ий хэрэг

УИХ-ын ээлжит сонгууль болоход зай, лай байгаа хэдий ч албан бусаар сонгуулийн сурталчилгаа болон субботник өнгөрсөн оноос эхэлсэн гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. Үнэндээ, эрх баригчдын, тэр тусмаа эрх мэдэлтнүүдийн сэвж, ярьж байгаа сэдэв бүхэн сонгууль угтсан пропагандаа болох нь нэн ойлгомжтой байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа агаад Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн үг нь өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдвүүдийн нэг байлаа. Тэрбээр “Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэгийн асуудал сөхөгдсөн даруйд гадаад руу гараад зугтчихсан. Монголд тэднийг санхүүжүүлж, хамгаалж байгаа хүмүүсийг тасална. Цаг хугацаа тэдний эсрэг "цохилж" байгаа. Бид энэ том мөнгөний мафийн эсрэг ухарч, өрөвдөж, бууж өгч болохгүй. Засгийн газар болон ард түмэн бид энэ асуудалд хамт байх ёстой” гэснээс харвал ирэх сонгуульд МАН-ын авч орох гар дахь хөзрүүдийг нэг нь “сахал” хочит Д.Эрдэнэбилэгтэй хийх дайн бололтой.

“ЭЗЭН”-ИЙ ХЭРЭГ

Монголын эдийн засаг, улс төрийг хууль шүүхтэй нь атгасан гэж үргэлж хардагддаг, харагддаг сахал Д.Эрдэнэбилэгийн хувьд өнгөтэй, мөнгөтэй бүхэн дээр эзэн суусан нь худлаа биш юм.  “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр,  Хөтөлийн цемент шохой, Асгатын мөнгөний орд, Халзанбүргэдэй газрын ховор элементийн орд гээд байгалийн баялгийн өрмийг нь хуу хамсан тэрбээр эхнээсээ төрд хөрөнгөө хураалгах болсон. Эдгээр орд, уурхайг хууль бусаар авсан гэж Л.Оюун-Эрдэнэ түүнийг нэг бус удаа зарлаж байв. Харамсалтай нь, хууль шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг хурааж эхэлсэн нь засагт хасах оноо цуглуулах болсон юм.

Д.Эрдэнэбилэгтэй хийж буй МАН-ын дайн найман жил үргэлжилж буй. 2016 онд МАН засгийн эрх авснаас хойш Д.Эрдэнэбилэгийн өмчид байсан орд газруудыг "Эрдэнэт"-ээс эхлээд ээлж дараалан хураан авах ажиллагааг эхлүүлсэн. Энэ талаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Байгалийн баялагтаа эзэн болох нь маш чухал. Засгийн газар хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллана, хувийн өмчид халдахгүй. Баялаг бүтээгч, бизнес  эрхлэгчдийг хөхиүлэн дэмжинэ. Харин хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг буцааж авна.

Монголын 3.2 сая иргэн хамтдаа хүртэх учиртай байгалийн баялгийг нэг хоёр компани, гэр бүл хувьдаа авсан зүйл байна. Үүний улс буцааж авах ёстой гэж үзэж байна. Энэ бол шударга ёс гэж бодож байна. Зах зухаас нь авч байгаа, Баялгийн сангаа байгуулна.  Энийг харин гуйвуулж, хувийн өмчид халдаж байна гэж ухуулга сурталчилгааг зохион байгуулалттайгаар хийж байгаа юм билээ. Тийм зүйл байхгүй. Энэ бол шударга ёс гэж бодож байна” гэж байв.

Үүнээс нэг жилийн дараа тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө “Задарсныг засаглаж, ядарсныг хамгаалдаг төртэй байх” тухай амлаж байсан.

Тэгвэл найман жил засгийн эрхийг барьсан МАН өнөөх л Д.Эрдэнэбилэг гэх мангастайгаа байлдаж байгаагаа ярьсаар. Эл сэдэв МАН-ын хувьд “шинээрээ” харин монголчуудын хувьд нэгэнтээ хуучиржээ. Хэрэвзээ Д.Эрдэнэбилэг гэгч үнэхээр задарсан нэгэн мөн юм бол засаглах хугацаа, эрх мэдэл МАН-д хангалттай байлаа.

С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ

С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн 1998 оноос хойшхи  өнгөрсөн хугацаанд МАН-ын сонгууль болгоноор ярьдаг ганц хэрэг болсон. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг олж тогтооно гэж амалсан болгон УИХ-ын гишүүн, сайд болдог нь бараг жам ёсных болж хувирсан. Жишээ нь, Ц.Нямдорж дөрвөн удаа хуулийн салбарыг толгойлохдоо С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр ажиллаж ирсэн.  2016 оноос хойш тэрбээр Хууль зүйн сайд гэхээсээ илүүтэй С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчөөр ажилласан. Эцэстээ ЗГХЭГ-ын дарга байхдаа тэднийг шүүхийн шийдвэрээр суллуулж аваад ордноос явсан нь уг хэргийг захиалагч нь МАН, тэр тусмаа Ц.Нямдоржийн бүлэглэл байжээ гэсэн ойлголтыг төрүүлсэн юм. Уг нь УДШ гурван шатны шийдвэрээ үгүйсгэн, Ц.Нямдоржийн улс төрийн "даалгаврыг" биелүүлэхдээ хэрэгтнүүдийг алуурчин биш  гэж цагаатгасан юм биш.  Эрүүдэн шүүлгүйгээр энэ хэргийг мөрдөн шалгаад ир гэж мөрдөн прокурорт буцаасан.  Хэн гэгч прокурорын ширээнд хэрэг тоосонд дарагдаад хэвтэж байгаа нь бүү мэд. Ямар ч байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн нь нотлогдож, гурван шатны шүүхээс ял шийтгэл авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар МАН-ын сонгуульд ашиглагдах нь тов тодорхой байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр хүн амины онц ноцтой хэргийн сэжигтэн хэвээрээ байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ардын баатраар тодрох нь холгүй телевизийн нэвтрүүлгийн гол дүрүүд болж хувирсан юм.

Хэлмэгдэж, зовсон хүний дүрд хувирах тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүд  гэж хардаг хүмүүс харин чиг олон байна. Өөрөөр хэлбэл, сонгууль болгоноор мөрийн хөтөлбөртөө “зоож” ирсэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэдэг МАН-ын энтертайментаас иргэд үнэндээ залхдаг болсон байна. Учир нь МАН амалсан ёсоороо С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн алуурчдыг илчлэх, илрүүлэх хангалттай хугацааг өнгөрөөсөн. Хэргийг замхруулахаас өөр шидгүй суугаа МАН төрийн эрх барьж байгаа цагт С.Зоригийн алуурчид ял шийтгэлээ эдлэхгүй гэдэг нь ойлгомжтой болсон.  Тиймээс С.Зоригийн үхэл, Д.Эрдэнэбилэгийн өмчөөр шоудалгүй хийсэн бүтээснаа яривал илүү оноо цуглуулж магадгүй юм. Учир нь аливаа зүйлийг олон яривал улиг болдог гэдэг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж