О.Баасанхүү: Н.Удаанжаргалыг зугтаалгасан хүмүүс бүгд эрүүгийн гэмт хэрэгтнүүд

Хуучирсан мэдээ: 2023.09.18-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: Н.Удаанжаргалыг зугтаалгасан хүмүүс бүгд эрүүгийн гэмт хэрэгтнүүд

О.Баасанхүү: Н.Удаанжаргалыг зугтаалгасан хүмүүс бүгд эрүүгийн гэмт хэрэгтнүүд

Нүүрсний хулгайн гэх хэргийн ажиглагчаар шүүх хуралд оролцож байгаа хуульч О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Нүүрсний  гэх хэргийн шүүх хурал олон нийтийн анхаарлын төвд байна. Та уг хуралд ажиглагчаар сууж байгаа гэсэн. Хуульчийн хувьд шүүхийн үйл явцыг  хэрхэн харж байна даа?

-Хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагаа дуусаж байж, прокурор шүүхэд хэрэг оруулдаг. Шүүхээр эхний хурал явж байхад оролцогч тал гурван удаа эрхээ эдлэх боломжтой. Эхний удаа шүүгчээс татгалзаж болно. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж болно. Гурав дахь нь шүүхийн зөвлөлд хандаж болно. Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн шүүгчдийн зөвлөлөөр асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг нарын шүүх хуралд ажиглагчаар сууж байхад, эхний удаа нэг өмгөөлөгч ирээгүй гэдэг шалтгаанаар хойшилсон.  Хоёр дахь удаагаа шүүгчээс татгалзсан. Чингэлтэй дүүргийн шүүх уг асуудлыг хэлэлцээд зөвшөөрөөгүй. Тэгсэн чинь Б.Ганхуяг нар Чингэлтэй дүүргийн шүүхээс татгалзсан. Одоо гурван дүүргийн шүүгчдийн зөвлөл уг асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана.

-Шүүхээс, шүүгчээс татгалзана гэдэг цаг хожих алхам мөн үү?

-Хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх байгалийн жам эрхтэй. Би хэрэг хийсэн гэж хэн ч хүлээн зөвшөөрдөггүй. “Надад ял өг” гэж хэн ч хэлэхгүй. Хуульд байгаа боломж бололцоогоо ашиглаад явна. Б.Ганхуяг нарын гэм бурууг тогтоох үйл явц болоогүй. Гэхдээ шүүх хурлын үйл явцыг харж байхад надад хуульч хүний хувьд нэг зүйл сонин санагдсан. Мөрдөн байцаалд дууссан тохиолдолд хэдхэн шалтгаанаар цагдан хорьдог. Дахин гэмт хэрэг хийж магадгүй. Эсвэл хэргийг шалгахад төвөгтэй нөхцөл үүссэн. Оргон зайлсан ч гэдэг юм уу, тодорхой асуудлаар цагдан хорьдог. Мөрдөн байцаалт дууссан тохиолдолд заавал цагдан хорих шаардлагагүй тэгш мэтгэлзээнээр шүүхийн  үйл явц өрнөх ёстой. Бид чинь хүний эрхийг дээдлэх чиглэлээр хуулиуд баталчихсан хүмүүс. Би УИХ-д байхад Ц.Нямдорж, Х.Нямбаатар энэ тэртэй хэрэлдэж байгаад хууль батлуулсан. Тэр хуулиуд хэрэгжихгүй 11 хүнээс ганцыг нь л хорьж байна. Хорихдоо Б.Ганхуяг гэдэг хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд гаргана гэж байгаа. Хэргийг нь шүүхэд шилжүүлэхгүй бол хугацаагүй хорино гэж байгаатай ижил. Тэгэхээр Б.Ганхуяг хувь хүний зүгээс буруутай эсэхээ хурдхан шүүхээр тогтоолгоё гэдгээ эхний шүүх хурал дээр хэлж байна билээ.

-Б.Ганхуяг 2022 оны өвлийн жагсаалыг дарахын тулд намайг хорилоо гэж хэлж байсан. Энэ хэргийг дагасан улс төрийн үйл явц эдрээтэй байна. Та юу гэж харж байна?

-Б.Ганхуяг хэлчихсэн. Миний хувьд гэсэн байгаа мэдээллээр нүүрсний 132 иргэн, 2 хуулийн этгээд буюу компанийг яллагдагчаар татсан. Үүн дотроос улс төрд нөлөө бүхий УИХ-ын 13 гишүүн байгаа. Хэвлэлээр долоон хүний нэр явж байна. Дээрээс нь Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан хүмүүсийг нүүрсчин гэдгийг тогтоох эсэх үүрэгтэй ажлын хэсэг гараад, сэжигтэн яллагдагчаар татсан гэж ойлгож байгаа. Б.Ганхуягийн шүүх хурал дээр 68 этгээдийн талаар мэдээлэл өгсөн. Тэд хаана байна гэж яриад байсан шүү дээ.

-Нүүрсэн дээр олборлолт, тээвэр, оффтейк гэрээ, борлуулалт гэсэн дөрвөн төрлийн хулгай явсан гэж ойлгож байгаа. Оффтейк гэрээг хуульч хүнээс асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Нүүрсний хулгайг хэдэн төрөл гэдгийг тогтоож албажуулаагүй байна. Ямартай ч  жилдээ нэг тэрбум ам.долларын борлуулалт хийдэг компанид төдий дайны худалдан авалт байсан гэсэн ойлгож байгаа. Жишээ нь, "Эрдэнэт" үйлдвэр жилдээ 700 саяын борлуулалт хийгээд 350 сая ам.долларын худалдан авалт хийдэг. Магадгүй, тэнд өрнөдөг шиг бэлгэвчний шахааны буюу авлигалын асуудал "Эрдэнэс Тавантолгой"-д байсан. Б.Ганхуягийн яриагаар бол түүнийгээ “Жорлонгийн хэрэг” гэж нэрлээд байна лээ. Дараагийн нэг ноцтой зүйл нь 25 км-т нүүрс тээвэрлэх үнэ 250 км-ээсээ өндөр байсан. Тээвэр асар өндөр үнэтэй байсан. Яагаад ийм өндөр үнэтэй байна гэхээр Хятадын хил дээр овооруулсан нүүрсэн дундаас нь ашиг авсан байх магадлалтай. Хятадын талаас энэ талаар тодорхой мэдээлэл өгсөн байхыг үгүйгэхгүй. Тээвэр ийм болсон учраас зургаан орчим сая  тонн нүүрс сох дутсан гэдэг дүгнэлт байгаа. Энэ бол 600 саяар яригдах ам.доллар. 1.8 их наяд төгрөг гэсэн үг. Би УИХ-ын гишүүн байхад Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгчтэй зөрчилдөж эхэлсэн. Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалт эхлэхэд цэргийн байгууллагыг оруулсан. Би үзэл санааны хувьд тэр алхмыг дэмжээгүй.

-Цэргүүдээр бүтээн байгуулалт хийлгэх нь хямд, чанартай л гэж байсан санагдаж байна. Та яагаад буруу гэж үзсэн юм?

-Цэргийн байгууллага оруулна гэдэг нь бүхнийг нууцад оруулах санаа. Ажил хийхийг бол дэмжиж байгаа. Нууцлалд орсон шороон далан хэдэн төгрөгөөр босоод, тэрийгээ хэдээр үнэлээд “Голомт”-д өгсөн юм. Хэрвээ та юм уу, би юм уу барьчихсан ажлаа хүнд тийм хямд өгөх үү. Мухар төмөр зам болоод дууссан биз дээ. Оффтейк өөрөө маш ноцтой. Богд хан төмөр замаас эхлээд  хэд хэдэн юм байгаа шүү дээ.  Үнийн дүнг аваад үзвэл, 1.8 их наядаас давсан хулгай яригдана.

-Гэтэл оффтейк гэрээний гол оролцогч нь гараад зугтаачихсан?

-Зугтаасан гэхээс илүү зугтаалгасан. Н.Удаанжаргалын ээж аав юу гэх бол. Хөдөлмөрийн баатар цолтой жижигхэн залуу нүүрсний хулгайг ярих нь гээд зугтаж гардаггүй л байхгүй. Энд байгаа зугтаалсан хүмүүс бүгд эрүүгийн хэрэг үйлдэж байгаа юм. Мөрдөн байцаалтад санаатай саад учруулах, бусдыг оргон зайлуулах бүгд хуульд зүйл заалттай байгаа шүү дээ. Энэ талаар “Шувуу” ажиллагааг хариуцаж байгаа хүмүүсээс асуух хэрэгтэй. Мөн А.Амундра гэдэг Ерөнхий сайдын зөвлөх оролцсон гэж ойлгож байгаа. Ер нь аливаа зүйлийг шалгаж байгаа бол сууриар нь шалгах ёстой.

-Таныг УИХ-ын гишүүн, мэдээлэлд ойр байхад нүүрсний хулгай дуулдаж байв уу?

-Сүүлд би ганцаараа МАХН-ын төлөөлөл байсан. Нэг хүнд бүх зүйлд хүрэх хүч байдаггүй.  УИХ-ын гишүүнээр 8 жил ажилласан. Мөн хүний наймааны золиос болохгүй нь тулд Ардчилсан намд элссэн. Манай намын дарга байсан хүн бүх хүнээ МАН-д зарчихсан шүү дээ. Зарагдсан хүмүүс нь сайд хийгээд явж байна. Нүүрсний хулгайн хувьд “Шударга 5”-аас шууд хариулт өгөх ёстой. Одоо тэдний хэд нь нүүрсний хэрэгт холбогдоод байгаа билээ. Хулгайч нар хувьсгал хийдэггүй байхгүй юу. Тэр тавын 2 нь лав хулгайч болчихлоо.

-Нүүрсний хулгайн асуудалд АН-ынхан ч оролцсон юм биш үү. Та АН-ын гишүүний хувьд юу хэлэх вэ. Жишээ нь, Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлчихлээ?

-Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд онцлогтой. Компанийн хувьцаа эзэмшигч гэж ойлгож байгаа. Орон нутгийн хяналтад явдаг компанийн асуудал. Тэр бол нүүрсний хулгай биш.  Ерөнхий сайдын хэлээд байгаа 20 их наяд төгрөгийн нүүрсний хулгай бол өөр. Т.Доржханд гишүүний яриад байгаа 44 их наяд төгрөгийн хулгайг бид ярих ёстой. Хулгайч ханьсах дуртай гэдэг шиг нөгөө л сөрөг хүчин хэрэгтэй болсон байх. Ардын намынхны нэг онцлог байна. Авлигалыг ганцхан Н.Энхбаяр дарга хийсэн юм уу. Газрыг ганц М.Энхболд зарсан юм уу. Одоо нүүрсний хулгайгаа ганц Б.Ганхуягийн духан дээр наах гэж байна. Ард түмнийг унтуулах тоглолт хийх гэж байна. Метро барихад хамгийн ихдээ 10 их наяд төгрөг хэрэгтэй. Гэтэл 44 их наядын нүүрсний хулгай яригдаж байна. Ковидын төсөв ч гэсэн ийм зүйл болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж