Нэгэн эхийн хэвлийгээс мэндлэж, нэг гэрт өссөн төрсөн дүүгээ "танихгүй" болтлоо баяжиж, томорсон Л.Энх-Амгалан нь Л.Оюун-Эрдэнийн танхим дахь поп сайдуудын нэг. Тэрбээр Булган аймгийн цагдаагийн дарга асан Л.Ганбаатар гэх дүүгээ сайд болсныхоо дараа албан тушаалд тавьсан гэх шүүмжлэлд хариу өгөхдөө "Булганы цагдаагийн дарга миний төрсөн дүү юм билээ" гэсэн нь нийгмийн эсэргүүцэл, шүүмжлэлийг дагуулсан.
Тэрчлэн БЗС-аас эхнэр нь, төрсөн дүү нь зээл аваад түүнийгээ төлөөгүй нь баримтаар дэлгэгдсэн. Хэрэвзээ хууль, дүрэмтэй улсад Л.Энх-Амгалангийн энэхүү үйлдэл нь албан тушаалаасаа огцрох хэмжээний ёс зүйн хариуцлага тооцох ёстой асуудал мөн. Гэвчиг "Манай дүү бас БЗС-аас зээл авсан байна лээ" гэх мэдэн будилсан үгээрээ хэвлэлийнхний амыг таглаад өнгөрсөн.
Тэвэг өшиглөж, плов хийж олон нийтийн сүлжээнд багагүй попордог түүний үг, үйдэл нь БСШУ-ны салбарыг толгойлох хэмжээний "эрүүл сэтгэц"-тэй хүн биш гэж харагдуулах нь цөөнгүй. Энэ удаад ч ээлжит нэгэн тэнэглэлээ нуугаагүй нь олон нийтийн сүлжээнд хэл ам дагуулахад хүргэв. Тэрбээр твиттер хуудсандаа "Яагаад дунд сурдаг сурагчид амжилтад хүрэх нь илүү байдаг вэ" гэсэн мэдээллийг дамжуулсан нь БСШУ-ны сайдын боловсролын тухай ойлголт, төвшин ямархуу хэмжээнд байдгийг яруу тодоор харууллаа гэж хэлж болно. Өмнө нь тэрбээр олимпиод зохион байгуулахыг хориглож, англи хэлийг багаас нь үзэхийг эсэргүүцэж байсан агаад Л.Энх-Амгалан Монголын боловсролын салбарыг удирдаж байгаа нь боловсролын салбарын том эмгэнэл болчхоод байна.
Ерөнхийлөгч нь Монголын баялаг эрдэмтэй, эрүүл монгол хүн болохыг зарлаж, төсөл хөтөлбөр хүртэл хэрэгжүүлж байхад салбарын сайд нь дунд сурдаг хүүхдүүд амжилтад хүрдэг гээд эсэргүү мэдээлэл шейрлэж суугаа нь ичгэвтэр бөгөөд эмгэнэл юм.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ