Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-наас 26-ны өдрүүдэд Сербийн нийслэл Белград хотноо болж буй. Энэ удаагийн дэлхийн аварга нь Парисын олимпийн өмнө болж байгаа гэдгээрээ онцлогтой бөгөөд олимпийн эрх олгох өндөр ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар /2023.09.18/ эрэгтэйчүүдийн 61, 70, 86, 125 кг-ын аваргууд, медальтнууд тодроод байна.
61 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн Н.Наранхүү барилдсан боловч эхний барилдаандаа Украины Валентин Блиасецкийтай учраа таарч, 12-8 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн юм. Харин 70 кг-ын жинд Э.Тэмүүлэн Гүржийн Георгий Элбакидзетэй хүч үзэн 8-2 гэсэн харьцаатай мөн дийлдэж, тэмцээнээ өндөрлүүлэв. Тэгвэл 86 кг-д Б.Бат-Эрдэнэ эхний барилдаандаа Өмнөд Солонгосын Кан Даэкюүг, удаах барилдаандаа Туркменистаны Довлетмырат Оразгылыджовыг тус тус ялсан ч шөвгийн 16-д Ираны алдарт бөх Хассан Язданиг дийлсэнгүй. Улмаар дагах барилдаандаа Австралийн Жэйден Александр Лоренсийг ялсан ч дараагийн дагах барилдаандаа олимпийн хүрэл медальт Америк гаралтай Сан Мариногийн иргэншилтэй Майлес Аминед ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Энэ удаагийн ДАШТ-ээс медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан М.Лхагвагэрэл 125 кг-ын эхний барилдаандаа Хятадын Дэн Живэйд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн.
Дээрх дөрвөн жингийн гуравт нь АНУ-ын тамирчид алтан медаль хүртсэн. Тодруулбал, 61 кг-д Вито Аружау, 70 кг-д Зайн Ретерфорд, 86 кг-д Дэвид Тэйлор нар манлайлжээ. Харин 125 кг-ын жинд Амир Хоссейн Заре түрүүлж, дэлхийн хошой аварга болжээ.
- Вито Аружау /АНУ/
- Абасгаджи Магомедов
- Тайрбек Жумашбек Уулу /Киргизстан/, Шота Партеназе /Гүрж/
- Зайн Ретерфорд /АНУ/
- Амир Мохаммед Яздани /Иран/
- Рамазан Рамазанов /Болгар/, Арман Андреасян /Армен/
- Дэвид Тайлор /АНУ/
- Хассан Яздани /Иран/
- Майлс Амине /Сан-Марино/, Азамат Даулетбеков /Казахстан/
- Амир Хоссейн Заре /Иран/
- Гено Петриашвили /Гүрж/
- Таха Акгул /Турк/, Мэйсн Пэйррис /АНУ/
Холбоотой мэдээ