Хараас харанхуй руу тэмүүлэх МАСС

Хуучирсан мэдээ: 2023.09.18-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хараас харанхуй руу тэмүүлэх МАСС

Хараас харанхуй руу тэмүүлэх МАСС

Сошиал хөгжихийн хэрээр мэдээлэл илүү их хурдацтай тархаж, үнэн худлаас үл хамаарч шууд олон нийтэд хүрдэг болсон цагт монголчууд нийгмээрээ асуудалд хөнгөн хандах болж. Мэдээлэл сошиал орчинд хурдтай тархахын хирээр үнэн зөв бодит мэдээлэл байхаас үл хамаараад л нийгмээрээ талцаж хэрэлддэг болсон. Угтаа бол мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, аль нь бодит, үнэн зөв байх вэ гэдэгт шүүлтүүртэй хандах учиртай.

Саяхандаа, Хятадад багш зодуулсан бичлэгийг Монголынх юм шиг ойлгож, сошиал орчинд багш нарыг нэг хэсэг нь ад үзэж, нөгөө хэсэг нь өмөөрч хоорондоо хэмлэлдсэн. Хамгийн сүүлийн бодит жишээ гэвэл донорын асуудал дээр ч одоо ч монголчууд сошиалдаа талцсаар, өмөөрсөөр, хэрэлдсээр, нэгнээ хэмлэсээр. Энэ мэтчилэн сошиалийн элдвийн шуугиан, мэдээлэлд шүүлтүүргүй хандаж, хэн нэгнээ хэмлэх нь нийгмийн том зовлон болоод байна. Сошиал орчинд дахь монголчуудын хандлагаас харвал Монгол Улсад болж, бүтэж байгаа юм алга, ихэнхдээ л болохгүй, бүтэхгүй, хэцүү нь олон мэт ойлголт төрөх, төрүүлэх болжээ.. Энэ нь өөрөө нийгмийн сэтгэл зүй юу эсвэл нийгмийн сэтгэлзүйг ийм болгох хэмжээний технологийн “золиос” уу гэдэгт дүгнэлт хийж, анхаарахгүй бол алсдаа энэхүү мэдээллийн дайн үндэсний аюулгүй байдлын асуудал болж магадгүй байн

 Энэ бол нийгмийг ийм зүйл рүү хөтөлж, ийм талцал хуваагдал, шүүлтүүргүй мэдээллээр бусдын тархийг угаах ажлыг хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид, төр нь ч өөрөө хийдэг болсны үр дагавар. Үнэндээ Монголын төрийн  ажил олон нийтийн сүлжээнд өрнөдөг болсны илрэл.

Гол буруутан нь төр бөгөөд улстөрчид, намчид.  Төр нь хүртэл олон нийтийн хэрэгслээр шүүмжлээд эхэлбэл, гаргасан шийдвэрээсээ буцдаг, сошиалаар ажлаа хийдэг болсон нь ч энэ бүхний буруутан. Нэг бичлэг, нэг зураг гаргаж тавиад л хүнийг сошиалаар “ялладаг”, нэр хүндэд халддаг, цаашлаад амьдрах аргагүй болтол нь буллиддэг энэ технологи Монголд бичигдээгүй хууль мэт үйлчлэх болжээ.

Нийгэм ийм шүүлтүүргүй, харанхуй бүдүүлэг байх тусмаа улстөрчдөд, намчингуудад ашигтай учраас нийтээр нь улныхан гэж хоорондоо ярьж, хэлэлцээд инээлдээд сууж байдгийг нь бид харсан, үзсэн, сонссон.

Сонгууль бүрийн өмнө бичлэг тарааж,  шүүхээр гэм бурууг нь тогтоогоогүй байхад өрсөлдөгчөө намнадаг, харлуулдаг технологи Монголын улс төрд амь бөхтэй оршсоор.  Ерөнхийлөгч байсан хүн нь хүртэл бусдыг бичлэгээр дарамталж, бичлэгийг чинь олон нийтэд тараана гэж айлган сүрдүүлдэг байсан тухай улс төрийн хүрээнд бишгүй л ярьдаг байв. Ерөөс сошиал орчныг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн удирдах, чиглүүлэх энэ технологийг бүх намууд л бүрэн эзэмшиж, бүр тэрний, энэний тролл баг хэмээн цоллуулж байсан нь ч олонтаа. Ерөөс энэ бүхэн нь өөрөө нийгмийн сэтгэлзүйд, ирээдүйд ямар хор уршиг дагуулах вэ гэдэгт санаа тавьдаг нам, улстөрчид байдаг гэвээс худал хэлсэн болох биз. Тэд л троллууд ажиллуулж, тролл баг удирдаж, сонгуульдаж ирсэн. Энэ нь өөрөө одоо бусдын өгөөш болж, гадны гар хөл болсон хүмүүс нь сошиалд дуртайгаа бичиж, тарааж бас л нийгмийн сэтгэлзүйд нөлөөлдөг болсон. Нэг хэсэг нь өөрсдийгөө инфлүүсэр гэж тодорхойлох авч үнэн хэрэгтээ “эрх ашиг”,  сонгууль болохоор бүгдээрээ нам, мөнгө дагаад явчихдаг нь ч нууц биш болсон.

 Үүнд  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарынхан ч онцгой үүрэг гүйцэтгэж буй.

МУБИС-ийн ректор, сэтгүүл зүйн ухааны доткор Ж.Батбаатарын хэлснээр “Угтаа бол сэтгүүл зүй шүүн таслах байгууллага биш, Улаанзагалмайн нийгэмлэгийн үүргийг ч гүйцэтгэх хэрэггүй. Ийм хэтэрхийллүүд уртдаа ардчилсан нийгэм, чөлөөт хэвлэлийн институцэд л хортой” гэдэг үг өнөөгийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хүн бүрт хамаатай бөгөөд ажил үүрэгтээ шингээх ёстой алтан зарчим юм. Гэтэл эрх чөлөөт, ардчилсан нийгмийн сэтгүүлч гээд бусдыг шүүдэг, талцуулдаг, хэн нэгнийг намнадаг, эсвэл буяны байгууллага ажиллуулаад байж болохгүй гэдгийг оновчтойгоор тодорхойлжээ. Сэтгүүл зүйн үүрэг бол дүгнэлтийг уншигчдад үлдээдэг, үйл явдлыг халуун цэгээс дамжуулдаг, баримт нотолгоон дээр суурилж, мэдээлэл түгээдэг зарчмаа баримталхыг үргэлж хичээж, бодлого болгон ажиллах ёстой юм. Хэн нэгнийг буруутгахаас илүү нийтийн эрх ашиг, нийгмийн сайн сайхны төлөө, ардчилсан, чөлөөт хэвлэлтийн институцийг хамгаалах нь ч энэ салбарт ажиллаж байгаа хүн бүрт хамаатай асуудал.

Монгол Улсад фэйсбүүк хэрэглэдэггүй хүн  өнөөдөр бараг үгүй. Найман настайгаас 80 настан нь хүртэл фэйсбүүк, сошиал орчноос мэдээлэл авч байгаа энэ үед юу үнэн, юу худал вэ гэдэгт дүгнэлт авах эрхийг нь мэргэжлийн сэтгүүл зүй олгох учиртай.

Хэн буруутайгаас үл хамаараад сошиал орчин, нийгмийн энэ мэдээлэлд шүүлтүүргүй ханддаг байдал бидэнд удирдагдахгүй, удирдагдахаас ч өнгөрсөн биз. Угаас хувь хүний эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй улс учраас удирдана гэдэг байж болохгүй зүйл. Гэхдээ мэдээлэл түгээж, тарааж байгаа нь ёс зүйгээ баримталж, хүлээж авч байгаа нь шүүлтүүртэй хандахгүй бол талцаж, хуваагдсан, эсвэл шүүлтүүргүй ханддаг харанхуй масс байсаар, тэдний тоо олон болно. Харин нийгмээрээ ийм харанхуй, бүдүүлэг байх нь зөвхөн эрх ашиг, хонжоо хайсан хэсэг бүлэг хүмүүсийн өгөөш л байхаас хэтрэхгүй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж