Хиймэл оюун ухааны технологид суурилсан эрт илрүүлэг, үзлэг оношилгооны “NURA-Монгол” төв өнөөдөр/2023.09.17/ нээлтээ хийлээ. Жилд 30 мянган хүнд үйлчлэх боломжтой “NURA Монгол” төвийг “Таван богд групп” нээж байна.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, аялал жуулчлал, авто зам, эрүүл мэнд, боловсролын салбарт төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшилд илүү боломж олгох зарчим баримтлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч эхлээд байна. Дараагийн чухал салбар бол эрүүл мэндийн салбар юм гэдгийг тэмдэглэлээ.
Мөн “Манай улсад хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоо эмчилгээний төв нээгдсэнээр онош тодруулах гэж цаг алддаг, өндөр үнэтэй шинжилгээнд хамрагдахаар Солонгос, Турк зэрэг улс руу явдаг байдлыг халах боломж бүрдэж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар төдийгүй улс орны эдийн засагт ч эергээр нөлөөлнө” гэв. Өмнө нь эрт илрүүлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ эмнэлгийн тусламж үйлчилгээ, үзлэг оношилгооноос шалтгаалан гадагш гарч буй валютын урсгалыг дотооддоо үлдээхүйц тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээ бүхий компанийг дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд илэрхийлж байсан юм.
“NURA” төв нь Японы Фүжифилм корпорацын компьютер томограф, маммографи, дэкса зэрэг эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг дэлхийд алдартай сүлжээ байгууллага юм. Япон, Энэтхэг улсад салбартай бөгөөд өдгөө Монгол Улсад гурав дахь салбараа нээж байна.
Холбоотой мэдээ