БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын цөмийн хүчин чадалтай стратегийн бөмбөгдөгч онгоц, хэт авианы пуужин болон байлдааны хөлөг онгоцны үйлдвэрийг Батлан хамгаалах сайд Сергей Шойгугийн хамт үзэж, ажлын явцтай танилцлаа. Номхон далайн Владивосток боомт хотоос 30 миль (50 км) зайд орших Оросын Кневичи нисэх онгоцны буудалд Сергей Шойгу Бямба гаригт Кимийг угтан авсан байна. Дараа нь Хойд Солонгосын удирдагч хүндэт харуулын жагсаалыг үзэж сонирхсон.
Шойгу цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай, Оросын цөмийн агаарын довтолгооноос хамгаалах хүчний гол тулгуур болох Ту-160, Ту-95, Ту-22М3 зэрэг стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг үзүүлэв гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Мөн Шойгу өөрсдийн пуужин, бөмбөгдөгч онгоцнуудыг Москвагаас Япон руу хурдтай нисч, буцаж ирэх боломжтой хэмээн магтжээ. Хэвлэлийнхэн мэдээлэхдээ, Ким Жон Унд Оросын үйлдвэртэй танилцах нь ихээхэн тааламжтай байсан тул нүүрэнд нь баясал тодорсоор байсан гэв. Шойгу түүнд цөмийн болон ердийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай “Кинжал” агаараар хөөргөх хэт авианы пуужингаар тоноглогдсон МиГ-31И дуунаас хурдан сөнөөгч онгоцыг үзүүлжээ. Уг пуужин нь 1500-2000 км (930-1240 миль) тусах чадвартай бөгөөд 480 кг (1060 фунт) хүртэл жинтэй. Энэ нь дууны хурднаас 10 дахин их хурдтай явах чадвартай.
Өмнөд Солонгос, АНУ Баасан гаригт Хойд Солонгос, Оросын цэргийн хамтын ажиллагаа нь НҮБ-аас Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчиж байна гэж мэдэгдэв. Орос улс Кимийн айлчлалыг олон нийтэд сурталчилж, 1948 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр байгуулагдсан БНАСАУ-тай цэргийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар олон удаа дурдсан юм. Москва Пхеньянтай найрамдалт харилцаагаа сэргээсэн нь Кимд Оросын зарим эмзэг пуужингийн технологийг ашиглах боломж олгох магадлалтай. Мөн Украин дахь дайнд Оросыг зэвсэглэхэд Хойд Солонгос тусалж магадгүй гэж АНУ болон Өмнөд Солонгос эмээж байна.
Холбоотой мэдээ