Их Британи хагас цэрэгжсэн ОХУ-ын "Вагнер" бүлэглэлийг албан ёсоор террорист байгууллага хэмээн мэдэгдэж, хориг арга хэмжээ авахаар зэхэж байна. Тус мэдэгдэл Вагнер бүлэглэлийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин нас барснаас хойш долоо хоногийн дараа гарлаа. Мэдэгдэл Баасан гаригт олон нийтэд ил болсон ба Вагнер группт гишүүнээр элсэх, өмнө нь элссэн хэнбугайд ч хориг арга хэмжээ үйлчлэх аж. Мөн хагас цэрэгжсэн тус бүлэгт ямарваа нэгэн тусламж үзүүлсэн этгээдэд их хэмжээний мөнгөн торгууль ноогдуулан, 14 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлэх юм байна. Өнгөрсөн долоо хоногт Их Британы Дотоод хэргийн сайд Суэлла Браверман хориг арга хэмжээг танилцуулахдаа Вагнерийг “дэлхийн аюулгүй байдалд заналхийлсэн” гэж мэдэгджээ. “Вагнер эмх замбараагүй байдлыг нэмэгдүүж, Кремлийн зорилгийг биелүүлэхээр ажилж байна. Тэд бол террористууд. Их Британи хуулийн хүрээнд хатуу арга хэмжээ авна” гэж Суэлла Браверман хэлэв. Тиймээс Вагнер бүлэглэлийг дэмжих нь Их Британид эрүүгийн хэрэгт тооцогдох болов. Их Британийн хувьд Хамас, Боко харам зэрэг 78 бүлэглэл "террорист" ангилалд багтдаг байна. Евгений Пригожин 2014 онд үүсгэн байгуулсан "Вагнер " хагас цэрэгжсэн бүлэглэл нь Ерөнхийлөгч Владимир Путины төрийн эрх мэдлийн гол хэрэгсэл юм. Тус бүлэглэл нь Сири, Ливи, Мали, Төв Африкийн бүгд найрамдах улс зэрэг улс дахь Путины холбоотнуудад дэмжлэг үзүүлдэг байжээ.
Эх сурвалж:BBC