Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
Ц.Жадамбаа: АН нүүр царайгаа өөрчилж, хандлагаа өөрчилнө
АН-ын 15 дэд даргын нэг нь Ц.Жадамбаа. Тэрбээр Ардчилсан намын чөлөөт эдийн засаг, бизнесийн орчин, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбар хариуцсан дэд даргаар ажиллаж байна. Түүнтэй АН болоод цаг үеийн асуудаар ярилцлаа.
–Ардчилсан нам саяхан ҮБХ-оо хуралдуулж, салбар, чиглэл хариуцсан 15 даргатай боллоо. Харин иргэдийн зүгээс 15 дэд даргы данхар бүтэц хэмээн шүүмжилж байна. Яагаад 15 гэж?
-АН-ыг ийм олон дэд даргатай болно гэдэг хүлээлт нийгэмд байгаагүй байх л даа. Яагаад гэвэл түүхэндээ АН нэг даргатай, дэд даргатай, Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн бүтэцтэй ажиллаж байсан. Би 2008-2012 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, улс төрийн бодлогын даргаар дөрвөн жил ажилласан хүн. Тэр үед бүтэц, зохион байгуулалт их энгийн ойлгомжтой байсан. Энэ удаагийн бүтэц АН-ын 33 жилийн түүхэн дэх хамгийн том бүтэц болсон. Яагаад том бүтэцтэй болчихов гэвэл бүх л хүн мэдэж байгаа. Уулзсан хүн бүр асуудаг.
“Танай яам яах гэж байна, хэзээ учраа олох гэж байна, сөрөг хүчний ажлаа хийхгүй юм уу” гэдэг. Бараг гурван жилийн “зовлон” шүү дээ. Энэ хугацаанд дотоод үл ойлголцсон байдал нь сөрөг хүчний ажлаа хангалттай хийх түвшинд хүрээгүй. Нэг үгээр хэлбэл бид анхан шатны нэгжүүдтэй ажиллаж чадаагүй.
Өнөөдрийн улс оронд үүссэн зарим алдаатай бодлогод дугараагүй нь бидний буруу байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, дотогшоо, гадагшаа ажлаа хийж чадахгүй байсаар байгаад арван сарын дараа дараагийн сонгууль эхлэх гэж байна. Энэ арван сарын хугацаанд үндэсний хэмжээний хоёр дахь том намд хийж хэрэгжүүлэх олон ажил байгаа. Жишээ нь иргэдийнхээ саналыг сонсч, мөрийн хөтөлбөр стратеги боловсруулах гэхчлэн олон ажил үгүйлэгдэж байгаа учраас дээрх бүтэц зурагдан гарч ирсэн. Монгол Улс 21 аймаг, 9 дүүрэг, 30 нэгж, 369 сумтай. Энэ болгонд буюу анхан шатанд очиж ажиллахад ганц дарга хүрэлцэхгүй. Тиймээс 15 дарга маань хуваагдан нэг дэд даргад нэг дүүрэг, нэг аймаг, зарим дэд дарга нар хоёр аймгийг хариуцаж ажиллана. Эдгээр хариуцсан аймаг дүүрэгтээ төлөөллөөр очиж ажиллах юм. Зорилго нь анхан шат, дүүрэгт АН-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой.
Бид гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлж чадаагүй ажлаа арван сарын хугацаанд яаж багтаах вэ хэмээн өдөр болгонтой уралдаж байна.Энэ бүтэц нийгмийн шаардлагаар, бидний дотоодын хэрэгцээгээр үүссэн.
Р.Даваадорж: Эрх баригчид “хөөстэй тоо”-гоор иргэдээ молигодож байна
Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа талаар Эдийн засаг хөгжлийн сайд болоод Сангийн сайд мэдэгдсэн. Эдийн засаг өссөн шалтгааныг юу гэж дүгнэж байна?
-Эдийн засгийн өсөлт өмнөх онуудтай харьцуулахад харьцангуй боломжийн байна. Манай улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувь агшаад дараа жил нь 1.4 хувийн өсөлт төдий байсан. Өнгөрсөн жил 4.8 хувийн өсөлттэй гарсан. ДНБ хэмжээ 2019 онд 37.8 их наяд байсан бол 2022 онд 52.8 их наяд төгрөгт хүрсэн гэж эрх баригчид гайхуулж байсан. Харамсалтай нь, 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцвол манай улсын ДНБ 2019 онд 27.9 их наяд байсан бол 2022 онд ердөө 28.4 их наяд буюу 2019 оныхоо хэмжээнд байсан гэсэн үг. Энэ хооронд хүн ам мэдээж өссөн байгаа. Бодит байдал дээр ийм байхад иргэдээ хэдэн тоогоор хуурах нь явуургүй асуудал. Тэгвэл 2022 оны ДНБ-ний 24 их наяд төгрөг хаачив гэдэг асуулт гарна даа. Эрх баригчдын монгол төгрөгийг хэрхэн үнэгүйдүүлсэн хэмжээ гэж ойлгож болно. Төсөв, мөнгөний бодлого хэрхэн уялдаагүй явсан, монгол төгрөг хэрхэн цаас болсныг харуулах маш тааруу үзүүлэлт юм. Энэ нь иргэдийн халаасаар дамжин ядуу иргэдийн тоо өсөж, Монгол Улсад дундаж давхрага үгүй болсныг харуулах муу үзүүлэлт. Харамсалтай нь, эрх баригчид өөрсдийгөө дөвийлгөж “хөөстэй тоо”-гоор иргэдээ молигодож байгаа хэрэг. Өнөөдөр ч байдал тийм сайжирчихсан зүйл огт алга. Нүүрс биет хэмжээ болон үнийн хэмжээ өндөр байгаа нь эрх баригчдын гайхуулах сэдэв болж. Урд хөршийн эдийн засаг олон улсад сэтгэл зовоох асуудлын нэг болсоод байгаа. Хятадад үл хөдлөх хөрөнгийн болон банк санхүүгийн салбар, залуусын ажил эрхлэлт, юанийн ханшийн сулрал гээд асуудлууд ар араасаа босож байна.
Тиймээс нүүрс үргэлж өндөр үнэтэй байхгүй гэдэг түгшүүрийг ойлгож байгаа хүн эрх баригчид дотор өнөөдөр лав алга. Өөрсдөө нүүрс үүрээд гаргачихсан мэт гайхуулж байгаа харагдсан. Дахин хэлье, эдийн засгийн өнөөгийн өсөлт бол ердөө түүхий эдийн үнийн хөөсрөл шүү.
-Долдугаар сарын 1-ний өдрөөс Биржийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн гэдгийг хэлж байна. Энэ оны эхний найман сарын байдлаар хилээр гарсан нийт нүүрсний хэдэн хувийг биржээр худалдаалсан байна вэ?
-Аливаа шинээр эхлүүлж буй ажилд эерэг, сөрөг үр дагавар гарах нь дамжиггүй. Уул уурхайн бирж гэдэг нь олон худалдагч, худалдан авагчийг цуглуулаад нээлттэй дуудлага худалдаагаар бараа бүтэгдэхүүнээ арилжих явдал. Хамгийн гол нь үйлдвэрлэгчид ба эцсийн хэрэглэгчид оролцдогоороо онцлог. Бид уурхайн амнаас худалдаа хийх нэрээр олон жил алдагдалтай ажилласан. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн хоёр жил коксжих нүүрс 400-600 ам.долларын хооронд хэлбэлзсэн. Гэвч бид нар аман дээрээс нь 60 ам.доллароор зарж байсан. Ийнхүү эдийн засгаа сэргээж, ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх сайхан боломжоо алдчихсан. Үнэхээр харамсалтай. Нүүрсний үнэ асар өндөр, орлого олох боломжтой үед эдийн засгаа элгээр нь хэвтүүлээд зогсохгүй нэг хүнд оногдох гадаад өр 33 сая төгрөгт хүрчээ. Ам.долларын ханшаа 80 хувь алдаж, өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ нугарч өслөө.
Иргэдийн амьдрал нийтээрээ хүндэрч Монголд дундаж давхарга бараг устлаа. Энэ бол нүүрсээ хямдаар зарж, дундаас нь унац унагааж байсан цөөн хэдэн эрх баригчид ийнхүү улсаараа тоглолоо. Нүүрсийг биржээр худалдаж эхэлсэн нь ядахдаа хулгайд цэг тавих болов уу гэж горьдож байгаа.
Уул уурхайн биржийн тухай хуулийг долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн үр дүнд биржээр худалдах нүүрсний хэмжээ, үнэ тодорхой хэмжээнд өссөн нь үнэн. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд найман сарын байдлаар нийт 4,966,000 тонн нүүрсийг нээлттэй арилжсан. Үүнээс 3,110,000 тонн нүүрсийг цахим арилжаагаар, 1,856,000 тонн нүүрсийг уул уурхайн бүтээгдэхүүний биржээр тус тус арилжсан байна. Энэ нь тийм сүрхий тоон үзүүлэлт ч биш юм.
Д.Батнаран: Зүрхний хэм алдалтыг эмчлэх хөлдөөх аблаци эмчилгээг нэвтрүүллээ
Улсын нэгдсэн III төв эмнэлэг зүрхний хэм алдагдлыг эмчлэх шинэ арга нэвтрүүлсэн байна. Энэ талаар тус эмнэлгийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч Д.Батнарангаас тодруулан хүргэж байна.
-Монголчуудын дунд сүүлийн үед зонхилон тохиолдож байгаа зүрхний хэм алдалтын шинж тэмдгийн үед ашиглах эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлж байгаа юм байна. Тус аргын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Зүрхний хэм алдагдал бол монголчуудад түгээмэл тохиолддог эмгэг. Тэр дундаа хамгийн их тохиолддог хэм алдагдал бол тосгуурын жирвэгнэх хэм алдагдал байдаг. Уг хэм алдагдлын тухайд тархины харвалт, зүрхний дутагдал, нас баралтаар хүндэрч, хүний амьдралын чанарт нэлээд нөлөөлдөг. Энэ хэм алдагдалыг засах үндсэн эмчилгээний нэг арга бол түлэх эмчилгээ болон аблаци эмчилгээ гэж бий.
Аблаци эмчилгээ дотор хөлдөөх аблаци эмчилгээ сүүлийн үед нэвтэрч байгаа чухал аргуудын нэг.
Тус эмчилгээг Улсын III төв эмнэлэг 2019 оноос ойш нэвтрүүлэхийг зорьж ажиллалаа. Ингээд ковидын улмаас саатал гарч хойшилсоор өнөөдөр хөлдөөх аблаци эмчилгээг БНХАУ-ын профессорууд болон Медтроник компанитай хамтран Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх боломж бүрдэж байна. Маргааш, нөгөөдрөөс зарим өвчтөнүүдэд уг эмчилгээг хийж эхлэхээр бэлтгэл байдлаа хангаад байна.
-Дийлэнх иргэд зүрхний хэм алдалт зөвхөн өндөр настнуудад зонхилон тохиолддог гэж ойлгодог. Гэтэл сүүлийн үед залуучуудын дунд энэ өвчнөөр өвдөх, гэнэт зүрх нь хаагдах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа нь олны ахаарлыг татаж байна. Үүний шалтгааныг юу гэж харж байна?
-Тосгуурын жирвэгнэх зүрхний хэм алдалтад яах аргагүй насжилт нөлөөлдөг. Хамгийн сүүлд 2019 онд Монгол Улсад хийгдсэн халдварт бус өвчний шалтгаан болон эрсдлийг тодруулах судалгаагаар тосгуурын жирвэгнэх хэм алдалтын тархалт 15-60 насны иргэдийн дунд 5.3 хувьтай байгаа нь тогтоогдсон. Энэ бол нэлээд өндөр тархалт.
Түүнчлэн 60-70-аас дээш насанд энэ тархалтын хувь хэмжээ хэд дахин нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор дээр дурдсан бусад хүндэрлүүд нэмэгддэг. Цаашлаад хөдөлмөрийн чадвараа алдахтай зэрэгцэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтмол зардлууд огцом нэмэгддэг. Энэ эмчилгээг хийхэд эмчилгээний үндсэн гурван чиглэл байдаг. Нэгдүгээрт, харвалтаас сэргийлдэг, хоёрдугаарт, шинж тэмдгийг засахыг зорьдог. Үүний гол арга нь аблаци буюу хэвийн хэм рүү шилжүүлдэг. Эмийн эмчилгээ хэрэглэхээс гадна түүнтэй ижил хэмжээнд аблаци эмчилгээ хийгдэх ёстой.
Өмнө нь хийх боломжгүй байсан энэхүү эмчилгээ нэвтэрснээр эмчилгээ үр дүнтэй байх боломжийг улам нэмэгдүүлж байна. Хөлдөөх гэдэг бол зүрхний хэм алдагдлыг эмчлэх эмчилгээний нэг арга.
Үүнээс гадна радио долгионоор түлэх аргууд байдаг. Бусад аргуудтай харьцуулахад хөлдөөх аблаци эмчилгээний үр дүнгийн хувьд ойролцоо боловч энэ аргад зарцуулах хугацаа, хүндрэл бага байдаг нь түлхүү ач холбогдолтой.
Өмнө нь зүрхний хэм алдагдалтад эмийн эмчилгээ хийдэг байсан боловч эмийн эмчилгээ үр дүн муутай байгаа тохиолдолд дараагийн эмчилгээний сонголт байдаггүй байсан. Тэгвэл эмийн эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байгаа тохиолдолд хөлдөөх, түлэх эмчилгээ хийх боломж бүрдэж байна.
-Зүрхний хэм алдагдах шинж тэмдгийг хэрхэн мэдэх боломжтой вэ. Шинж тэмдэг илэрч байгааг анзаарахгүй явсаар хүндрүүлэх тохиолдол бий юу?
-Зүрхний хэм алдагдал дотроо олон төрөл бий. Хэм алдагдлын үед зүрхний хэм жигд бус болдог. Хэрэв хүний зүрхний хэм жигд бус болвол түүнийг илрүүлэх үндсэн арга нь зүрхний цахилгаан бичлэг хийлгэх. Зүрхний цахилгаан бичлэгийг улсын, хувийн эмнэлэг аль нь байхаас үл хамаарч бүх шатны эмнэлгийн байгууллагад хийлгэх боломжтой. Өртөгийн хувьд хямдаас гадна зүрхний хэм алдагдлыг илрүүлэх хамгийн үр дүнтэй арга юм.
Хэрэв ямар нэгэн байдлаар зүрх дэлсэх, жигд бус цохилж байгаа шинж тэмдэг илрэх юм бол зүрхний бичлэг хийлгээд харьяа дүүргийнхээ эмчид үзүүлэхэд хангалттай.
Гол асуудал юу байна гэхээр тосгуурын жирвэгнээ хэм алдалын тухайд дийлэнх нь шинж тэмдэггүй байдаг. Харамсалтай тохиолдолд тархины харвалт, зүрхний дутагдал, өөр бусад шинж тэмдгийн хүндэрлүүд гарсны дараа оншлогдох тохиолдол бий. Тийм учраас урьдчилан сэргийлэх товлолт үзлэгүүдэд хамрагдаж, зүрхний цахилгаан бичлэг хийлгэх нь зүйтэй. Дор хаяж судсыг нь бариад, зүрхийг нь чагнаад зүрний хэм жигд бус байгааг илрүүлэх нь оношилгоо, эмчилгээнд чухал нөлөөтэй байдаг. Хэрэв зүрхний хэм алдагдлыг эрт илрүүлж чадвал цаашдын хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой.
"Нөхөр минь бусдын гарт амиа алдсан нь удахгүй тодорхой болно"
Албан ажлаар явж байх үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах "Хасу шивэрт" рашаан сувилалд харамсалтайгаар амь насаа алдсан Анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх эмч Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэгтэй ярилцлаа.
-Хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн зургадугаар сард та бүхэн шинжээчид болон хуулийн байгууллагынханд хандаж гомдолтой байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэг шалгах явцад дорвитой өөрчлөлт гарав уу?
-Бид хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий шалгуулах хүсэлтүүд болон тухайн хэргийн газраас олдсон нотлох баримтад шинжилгээ хийж өгөөч гэж хүсэлт гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс хамаарч гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ гэж прокурорын зүгээс тайлбар хийж, татгалзсан хариу өгч байгаа нь хэргийг зориудаар удаашруулж, хугацаа алдуулж, нотлох баримтын ач холбогдлыг бууруулж байна гэж харж байна.
Өмнө нь энэ хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгч удаа дараа санаатайгаар мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчиж байсан. Тэр нь ч тогтоогдож арга хэмжээ авч, хариуцлага тооцож, тухайн мөрдөгчийг хэргээс татгалзуулан гаргасан. Дахин шинээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.
Мөн өмнөх прокурор нь ч бас солигдсон. Хэрэг гарснаас хойш даруй 1 жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа боловч хийгдсэн ажиллагаа маш хангалтгүй байгаа талаар Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат хэлж байсан. Би хэвлэлийн бага хурал хийсний дараахан М.Чинбат прокурортой уулзсан юм. Хуулийн байгууллага бодит үнэн байдлыг тогтоож шалгах ёстой байтал зөвхөн өндрөөс унаж нас барсан байдлаар хэт талыг барьж ажиллаад байгааг бид хөндлөнгийн нөлөө орж байна гэж хардаж байна. Одоог хүртэл өндрөөс унаж нас барсан гэх таамаглалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж, нотолж чадахгүй байгаа юм. Тиймдээ ч үүнийг тодорхой болгож нотлох зорилгоор өндрөөс унасан гэх нөхцөл байдалд физикийн тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдийг оролцуулан дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
Монгол Улс хавдар судлалын хөтөлбөргүй, төлөвлөгөөгүй, мөнгөгүй байгаа нь үнэн
Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.
-Хавдар судлалын салбарт тулгамдаж байгаа асуудал эрдэм шинжилгээний хурал жил бүр зохион байгуулагддаг. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын хүрээнд ямар асуудлууд яригдаж байна вэ?
-Хамгийн гол нь тусламж үйлчилгээ тэр дундаа эмчилгээний үр дүнг хэрхэн сайжруулж, тухайн иргэний амь насыг хэрхэн уртасгах, эмчилгээг дангаар нь хийх үү, хосолсон байдлаар хийх үү, эмчилгээний арга барилын үр дүнгүүд ямар байгаа талаар судалгааны үр дүнг танилцуулж байна. Сэргээн засах үеийн эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлснээр өвчтөнүүдийн амьдралын чанарт, хугацаанд нь ямар өөрчлөлт үзүүлж байна гэх мэтчилэн тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж байна. Эмчилгээнд эмийн болон бусад шинэ төрлийн эмчилгээг оруулахад ач холбогдол нь ямар байх, үйл ажиллагаандаа юуг анхаарах талаар судалгаа хийж, үр дүнгийн талаар бусаддаа танилцуулж Монгол Улсын 21 аймгийн хавдар судлаач эмч, сувилагч нар оролцож байна.
-Жил бүр хавдраар өвдөх иргэдийн тоо өсөх боллоо. Үүний шалтгаан нөхцлийг юу гэж харж байна?
-Монгол Улс төдийгүй дэлхий дахинд хавдраар өвдөх иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Учир нь, хүн амын нас уртасч байна. Нас уртасхын хэрээр хүний бие мах бодид гарч байгаа эдийн эсийн өөрчлөлтийн тоо нэмэгддэг. Тийм учраас хавдрын өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Үүнээс гадна хавдрын тоо нэмэгдэхэд маш олон хүчин зүйл нийгэмд байна. Тухайлбал, тамхидалт, архидалт, таргалалт гэх мэт амьдралын буруу хэвшил, дадал зуршлуудын улмаас хавдрын тоо өсч байна. Тийм учраас хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эрт илрүүлэгт хамрагдах, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээнүүдийг авах ёстой. Энэ чиглэлээр бид хангалттай ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Учир нь Монгол Улс хавдар судлалын хөтөлбөргүй, төлөвлөгөөгүй. Зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээнд суурилсан нэгэнт үүссэн хавдарт хэрхэн тусламж үйлчилгээгээ хүргэх вэ гэдэг тал дээр хичээж ажиллаж байна. Х
авдрын өвчлөл дэлхий нийтэд харанга дэлдэж байна. Монгол Улс хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Тийм учраас дэлхийн улс орнуудын эрдэмтэн судлаачид эрүүл мэндийн тогтолцоо ирээдүйд хавдрын өвчлөл, хавдрын тусламж, үйлчилгээнд суурилсан эрүүл мэндийн тогтолцоо болж хувирч байгаа талаар ярьж байна. Монгол Улсад хавдар өвчлөлийн, нас баралтын тэргүүн эгнээнд орж ирж байгаа асуудлыг нийгмийн хүрээнд урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллаж чадахгүй байна. Хэдий тийм боловч Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас эрт илрүүлгийг орон даяар зохион байгуулж байна. Эрт илрүүлгийн үйл ажиллагаа заавал нийт массыг хамарсан байх ёсгүй. Тодорхой өвчлөлийг бууруулах чиглэлээр зохион байгуулдаг байгаасай гэж бодож байна.
–Хавдраар өвдсөн болоод нас барсан иргэдийн статистик мэдээллээс хуваалцвал?
-Өмнөх жилүүдэд 6200-6400 орчим иргэн шинээр өвдөж байсан бол 2022 онд 6885 хүн шинээр өвчилсөн байна. Харин нас баралтын тоо тогтмол хэмжээнд буюу жил бүр 4500 орчим иргэн хавдраар нас барж байна. Өвчлөл нэмэгдэхийн хэрээр нас баралтын тоо нэмэгдэнэ. Хэдий тийм боловч нас баралтыг багасгах үндсэн шалтгаан бол хожуу илэрч байгаа хавдрын тоог багасгах ёстой. Хожуу оншлогдож байгаа өвчлөлд үзүүлэх тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах гэх мэт олон зүйлсээс нас баралтын тоо хамаарна. Нас баралтыг бууруулахын тулд эрт илрүүлж, оношилж, эмчилгээний чанарыг сайжруулах ёстой. Дэлхий дахинд нэвтэрсэн үр дүн сайтай эмчилгээнүүдийг оруулж ирэх ёстой, хими, туяа эмчилгээний тусламж үйлчилгээний хүртээмжийг сажруулах ёстой. Та бүхний мэдэж байгаачлан хавдар судлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг улсдаа ганц эмнэлэг 1980 онд байгуулагдсан байр орон сууцандаа өнөөдрийг хүртэл тусламж үйлчилгээг үзүүлсээр байна.
Холбоотой мэдээ