Монгол Улсын гавьяат дуучин С.Жавхлан есдүгээр сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Дулаахан намар” бие даасан тоглолтоо хийхээр болжээ.
Тоглолтоо “Дулаахан намар” гэж нэрлэсэн нь олон жилийн өмнө аав Д.Самандынхаа тэрлэж үлдээсэн шүлэгт нь Д.Пүрэвсүрэн зохиолчоор ая хийж, хөг эгшиг тааруулсан нь нэгэн сайхан бүтээл болж, эгшиглэх болсон. Уг дууг С.Жавхлан гавьяат дуулж, олонд хүргэсэн. Монголын сайхан аавуудад зориулсан энэхүү бүтээл монголчуудын зүрх сэтгэлд хүрсэн, омогшил төрүүлсэн нэгэн сайхан дуу болж, хоногшсон.
Хэд хоногийн өмнө тэрбээр “Төв цэнгэлдэхэд тоглолт хийх үү яах вэ. Санал ирээд хоёр сар боллоо. Санаа оноо юу байна вэ” гэж фэнүүдээсээ санал авч байсан юм. Фэнүүдээсээ санал авсан нь ч учиртай бололтой. Төв цэнгэлдэхийг дүүргэх хэмжээний хүн тоглолтыг нь үзэхгүй бол "шатах” эрсдэл бий.
Сануулахад тэрбээр 2003 оноос эхлэн бие даасан тоглолтоо хийж эхэлсэн байдаг. Энэ удаагийн “Дулаахан намар” тоглолт нь түүний хувьд бие даасан 14 дэх удаагийн томоохон тоглолт болох нь ээ.
Мөн нийтийн дууны ертөнцөд цахиур хагалж явсан 2004 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Монголын үнэртэй салхи” бие даасан хоёр дахь тоглолтоо хийж байжээ.
Холбоотой мэдээ