"Эрдэнэт"-ийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэхээр болж, ажил хаялт зогсов

Хуучирсан мэдээ: 2023.09.15-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт"-ийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэхээр болж, ажил хаялт зогсов

"Эрдэнэт"-ийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэхээр болж, ажил хаялт зогсов

НЭМЭЛТ:

"Эрдэнэт" үйлдвэр ажилчдынхаа цалинг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 30 хувиар нэмэхээр болсноор ажил хаялт ч зогсчээ. Тус үйлдвэрийн уурхайчид өнөөдөр 07:00 цагаас ажил хаялт зарласан юм. Үйлдвэрийн ажилчид сарын өмнө цалингаа нэг дор 50 хувь нэмэгдүүлэх шаардлага тавьж, зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан ч уг саналыг "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагын баг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлж, улмаар ажил хаях хэмжээнд асуудал хурцадсан юм. Харин "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлага, тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо нэлээд удаан хугацаанд зөвшилцсөний эцэст цалинг 30 хувиар нэмэх шийдвэрт хүрснээр ойлголцолд хүрчээ.

Г.Ёндон: Удам дамжсан уурхайчин гэж байх ёсгүй

НЭМЭЛТ: 

“Эрдэнэт" үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Ёндон энэ цаг мөчид ажил хаялт зарласан уурхайчидтай уулзалт хийж байна. Уулзалтын үеэр Г.Ёндон захирал "Өнөөдөр ажилчдын цалинг 50 хувиар нэмэх ямар ч боломжгүй. Ажилчдын цалинг ирэх гурван жилийн хугацаанд үе шаттай нэмнэ. Үр дүнд нь нэг ажилтны цалин нийт 50 гаруй хувиар нэмэгдэх боломжтой.

Тэгвэл уурхайчдын зүгээс дангаараа улсын төсвийн 10 хувийг бүрдүүлдэг улсын үйлдвэрийн хувьд хийсэн ажилдаа таарсан цалин хөлс авъя гэдэг байр суурь илэрхийлэв. Мөн Г.Ёндон захирлын зүгээс “Ажлын байр өвлөгддөг зүйл биш. Би ч гэсэн удам дамжсан уурхайчин. Гэхдээ би аавынхаа ажлын байран дээр ажиллах албагүй. Би үүн дээр хатуу байр суурь баримтална. Намайг ирэхээс өмнө энэ асуудлыг шийдсэн байсан. Тэтгэвэрт гарч байгаа уурхайчны хүүхдийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд үйлдвэрт ажилд авах боломжгүй” гэлээ. Харин уурхайчдын зүгээс энэ асуудлаар шийдвэрээ өөрчлөхгүй гэдэг байр суурьтай байлаа.

"Эрдэнэт" үйлдвэрийнхэн ажил хаялт зарлаж, уурхайг зогсоожээ

"Эрдэнэт" үйлдвэрийн уурхайн ажилчид өнгөрсөн сар /2023.08.23/-д ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Уурхайчид  өнөөдөр /2023.09.15/ 07.00 цагаас эхлэн ажил хаялтаа албан ёсоор эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэх захирал Г.Ёндон  уурхайн үйл ажиллагааг түр зогсоосон гэдгийг мэдээллээ.

Тэрбээр “Миний бие ээлжийн амралтаа авсан үед Үйлдвэрчний эвлэлийн зүгээс ажилт зарласан гэдгийг дуулгах нь зөв байх. Ажил олгогчийн хувьд Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээ мөрдөж ирсэн. Хамтран ажиллах дэгээ гадагш гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэсэн хэлцлийг үйлдвэрийн зүгээс мөрдөж ирсэн. Энэ хугацаанд ажилчдад дарамт шахалт үзүүлэх, хориглосон арга хэмжээ аваагүй. Ажил хаях нь ажилчдын эрхийн асуудал. Нөгөө талаас үйлдвэрийн удирдлагуудын зүгээс ажил хаялтад хүндхэн хандаж байгаа. Бидний зүгээс хууль бус гэж үзэж байгаа зүйлээс уурхайн удирдлагуудын зүгээс уриалга гаргасан. Гэвч өнөөдөр ажил хаялт эхэллээ. Үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Мөнгөншагайгийн зүгээс үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулсан гэсэн нь үндэслэлгүй. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд зургаан удаа хуралдаж, ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн шаардлагыг үйлдвэрийн зүгээс хүлээж авахгүй гэдэг шалтгаанаар хурал хаяж гарсан. Бид үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн шүүхэд хандсан. Ж.Мөнгөншагай 2023 оны хоёрдугаар сард Үйлдвэрчний эвлэлийн даргын сонгуульд өрсөлдөж, сонгогдохдоо ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Бидний зүгээс үүнийг боломжгүй гэж удаа дараа мэдэгдсэн” гэлээ.

Тэгвэл тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга дарга Ж.Мөнгөншагай өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ, “Манай холбоо 7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг. "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын үе үеийн уурхайчин хамт олон хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд 45 жил улс, орон нутгийн төсөвт үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласаар ирсэн. Саалийн үнээ шиг ажилласан.

Цар тахал болон нийгэм эдийн засаг хүндрэлтэй цаг үед Монгол Улсын нийт айл өрх, ААН байгууллагын цахилгаан, ус дулаан, хогны төлбөрийг 1.6 жил төлсөн. Үүний тулд 7000 гаруй уурхайчин зогсох, өвдөх эрхгүй тасралтгүй хариуцлагатайгаар хөдөлмөрлөсөөр ирсэн. Одоо ч бид хангалттай сайн ажиллаж байгаа. 2023 оны эхний зургаан сарын байдлаар улс орон нутгийн төсөв болон ашгийг 50 гаруй хувиар давуулан биелүүлээд байна. Гэтэл 7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй заалтууд үүссээр байхад "Эрдэнэт" үйлдвэрийн захиргаа хүлээж авахгүй байна.

2023 оны нэгдүгээр сараас эхлэн Үйлдвэрийн газрын захиргаанд албан бичгийг таван удаа хүргүүлсэн. Хуулийн хүрээнд хандсан боловч санаачилгыг хүлээж аваагүй. Ажил олгогчийн зүгээс хариу тайлбаргүй, идэвх санаачлагагүй хандаж байгаа нь зогсох эрхгүй хөдөлмөрлөж байгаа уурхайчин хамт олныг үл хүндэтгэсэн үйлдэл болсон. Үүнд бид харамсч байна. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хэсэгчлэн ажил хаялт зарлах үндэслэл бий болж байгаа учраас Засгийн газар, "Эрдэнэт" үйлдвэр, “Эрдэнэс Монгол”-д хүргүүлээд байна. Иймд 2023 оны наймдугаар сарын 30-ны өглөөний 07:00 цагаас эхлэн нэг сарын хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрийн авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэг, зорчигч тээврийн хэсэг ил уурхайн уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлахаа үүгээр мэдэгдэж байна” гэж байлаа.

Д.МЯГМАРДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж