Ханжоугийн Азийн наадмын талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2023.09.15-нд нийтлэгдсэн

Ханжоугийн Азийн наадмын талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Ханжоугийн Азийн наадмын талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

19 дэх удаагийн Азийн наадам есдүгээр сарын 23-ны өдөр Хятадын Жөжян мужийн төв Ханжоу хотод эхэлнэ. Аравдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлэх энэ удаагийн наадамд 45 улсын баг тамирчид 40 спортын 61 төрөлд хурд, хүч, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа уралдуулах аж.

Ханжоугийн наадам анх 2022 оны есдүгээр сарын 10-наас 25-ны өдрүүдэд болохоор товтой байсан ч Covid-19 цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, ирэх долоо хоногт эхлэх гэж байна.

Хятад улс түүхэндээ гурав дахь удаагаа Азийн наадмыг зохион байгуулж буй. Тэд өмнө нь 1990 онд Бээжинд, 2010 онд Гуанжоу хотод тус тус наадам хүлээн авсан түүхтэй.

Ингээд та бүхэндээ ирэх Азийн наадмын онцлох үйл явдлуудыг танилцуулъя.

ӨРСӨЛДӨГЧГҮЙ ХАНЖОУ

2015 онд 2022 оны Азийн наадмыг зохион байгуулах хотын сонгон шалгаруулалт зарлагдсан. Тус шалгаруулалтад Хятадын Ханжоу хот ганцаараа саналаа өгч, өрсөлдөгчгүй тодорсон. 2015 оны есдүгээр сарын 16-ны өдөр Туркменистан улсын Ашгабат хотод болсон Азийн олимпийн зөвлөлийн 34 дэх ерөнхий чуулганы үеэр Ханжоуг тодорсныг албан ёсоор зарласан юм.

ПАРИСЫН ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОНО

Байт харваа, бокс, брейк бүжиг, хоккей, орчин үеийн таван төрөлт, дарвуулт завь, теннис, усан поло, синхрон сэлэлт гэсэн есөн спортын тамирчид ирэх жилийн Парисын олимпийн төлөө давхар өрсөлдөнө. Ингээд үзэхээр дээрх спортын Ази тивийн шилдэг тамирчид Ханжоуд хуран цуглаж, 2024 онд хэн нь хүн төрөлхтний баяр цэнгэлийн ноён оргилд торгон жолоогоо өргөхөө шийднэ.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Ханжоу хот Азийн наадамдаа зориулан метроны шугам нээжээ. Тус хотын 19 дүгээр шугамын 19045 дугаар галт тэрэг өнгөрөгч тавдугаар сарын 16-ны өдөр анхны үйлчилгээндээ гарч, зорчигчдоо хүлээн авсан гэнэ. Наадмын ерөнхий өнгө болох үзмэн ягаанаар тус галт тэрэгний бүхий л суудал, цонх, бариулыг "гангалжээ".

Мөн шинээр 14 спортын барилга байгууламжийг ашиглалтад оруулав. Энэ удаагийн наадам нийт 44 байршилд тэмцээн уралдаанаа явуулах бөгөөд үүний 30 нь өмнө нь байсан бол 14 нь будаг нь ханхалсан шинэхэн ажээ. Ихэнхи барилга байгууламжууд Ханжоу хотод боловч зарим тэмцээн уралдаанууд Жинин, Нинбо, Шаошин, Вэнжоу зэрэг ойр хотуудад болох товтой.

ЦАХИМ СПОРТТОЙ АЗИЙН НААДАМД ТАВТАЙ МОРИЛ

Ханжоугийн Азийн наадмын хөтөлбөрт цахим спорт багтсан нь шинэлэг зүйл болсон.  "Arena of Valor", "Dota 2", "Dream of the Three Kingdoms 2", "EA Sports FC", "League of Legends", "PUBG Mobile", болон "Street Fighter V" зэрэг төрлөөр Азийн шилдгүүд өрсөлдөнө. Монгол Улсаа төлөөлөн "PUBG Mobile" болон "Dota2" төрлүүдэд IHC Esports-ийн багууд өрсөлдөнө.

ОРОС, БЕЛАРУСИЙН ТАМИРЧИД ОРОЛЦОХ УУ?

Дайны улмаас дэлхийн спортын ертөнцөөс тусгаарлагдаад буй Орос, Беларусийн тамирчдыг Азийн наадамд оролцох эсэх яриа нэг хэсэг гарсан. Азийн олимпийн зөвлөлийн зүгээс ч Орос, Беларусийн тамирчдыг ирэх Парисын олимпод дэмжих үүднээс оролцуулах хүсэлтэй байв. Олон улсын олимпийн хороо ч тэдний санааг дэмжиж, зөвшөөрсөн. Харамсалтай нь есдүгээр сарын 2-ны өдөр Орос, Беларусь улсууд Азийн наадамд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

ДОРНОД АЗИЙГ ДОНСОЛГОХ МОНГОЛЫН БАГ

Монгол Улсын баг тамирчид Тегеран 1974″ Азийн наадмаас эхлэн нийт 11 удаагийн наадмаас 24 алт, 46 мөнгө, 85 хүрэл нийт 155 медаль хүртээд байна гэж олимпийн хорооноос мэдэгдлээ. Энэ удаагийн наадамд эх орноо төлөөлөн 34 спортын 36 төрөлд 400 гаруй тамирчин, 200 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэнэ.

Монголын багийн тугчдаар 3х3 сагсан бөмбөгийн тамирчин Б.Ариунцэцэг болон хөлбөмбөгийн тамирчин А.Дөлгөөн нар сонгогдсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж