Монголбанк шинээр 50, 100 мянгатын том дүнтэй мөнгөн дэвсгэрт хэвлэнэ гэх яриа, таамаг сүүлийн жилүүдэд эрчээ авсан. Хамгийн сүүлд Монголбанкнаас УИХ-д өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд шинээр том мөнгөн дэвсгэрт хэвлэх асуудлыг судлах талаар дурдсан нь бий. Улмаар 50, 100 мянгатын дэвсгэрт хэвлэх агуулгатай өгүүлбэр багтаасан нь эдийн засагчдын дунд маргаан дагуулж байлаа.
Тэгвэл Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлэлийн тогтоолын төслийг намрын чуулганы эхэнд өргөн мэдүүлнэ. Төв банк энэ удаад төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд “Үнийн өсөлтийг 6 хувь орчимд барих” зорилтоо дэвшүүлжээ. Гэвч инфляц ирэх онд хүлээлтээс өндөр гарах магадлал давамгайлах болсон. Хэдийгээр Монголбанкнаас инфляц буурах хандлагадаа орсон гэх мэдээлэл өгч байсан ч өнгөрсөн наймдугаар сард 10 хувийн өсөлт үзүүлж, эргэн 2 оронтой тоонд ороод байна. Мөн үнийн өсөлтөд голлон нөлөөлдөг гадаад шок, тээвэр зэрэг хүчин зүйлсийг хязгаарлаж чадаагүй тохиолдолд 2024-2025 онд инфляцыг 16 орчим хувь хүртэл алдах магадлалтай аж. Үүнээс гадна УИХ, Засгийн газрын зүгээс ирэх онд парламентын сонгуультай холбоотойгоор төсвийн зарлагыг нэмэгдүүлнэ. Энэ эрсдэлийг хязгаарлаж чадаагүйгээр Монголбанк инфляц 6 хувьд барих зорилтоо хэрэгжүүлж чадахгүй. Тухайлбал, УИХ 2023 оны төсвийн тодотголоор халамж, цалин тэтгэврийг нэмсэнээр Монголбанк инфляцын төсөөллөө 2 хувиар нэмэгдүүлсэн байлаа. Хамгийн гол УИХ, Засгийн газраас төсвийн зарлагыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлснээр төгрөгийн ханшийн уналтыг дэмждэг. Энэ нь иргэдийн орлогод шууд нөлөөлөх замаар цаас болоод буй үндэсний мөнгөн дэвсгэртүүдийг илүү том мөнгөн дэвсгэртээр солиход хүргэх урвуу хамааралтай билээ. Монголбанкны 2022 оны судалгаанд энэ тухай маш ойлгомжтой тайлбарласныг хүргэе.
ӨДРӨӨС ӨДӨРТ АШИГЛАЛТААС ГАРЧ БУЙ ЖИЖИГ МӨНГӨН ТЭМДЭГТ
Монгол Улс хамгийн сүүлд 2006 онд 20 мянгатын мөнгөн дэвсгэртийг 2006 онд хэвлэж хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Одоогоор Монгол Улсын бэлэн мөнгөний гүйлгээнд 1-20,000-т гэсэн нийт 11 төрлийн цаасан тэмдэгтийг хүчин төгөлдөр ашиглаж байна. Тэгвэл мөнгөн дэвсгэртүүдийг анх гаргаснаас хойших 29 жилийн хугацаанд мөнгөн тэмдэгтийн бүтэц, худалдан авах чадварт дараах өөрчлөлтүүд гарчээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2019 онд дундаж цалин 1,124,300.00 төгрөг (394.5 ам.доллар) байжээ. Энэ хэмжээний цалинг бэлнээр гар дээр авахад 56 ширхэг 20 мянгат, эсвэл 112 ширхэг 10 мянгатын дэвсгэрт шаардлагатай. Хөгжиж буй бусад орнуудтай харьцуулж үзэхэд, дундаж цалинг том дүнтэй дэвсгэртээр бэлнээр олгоход 5-6 ширхэг дэвсгэрт шаардагддаг байна. Улмаар Монгол Улсын төв банк зохистой хэмжээнээс 10 дахин их дэвсгэрт ашиглаж байгааг дурджээ.
Нийт 11 төрлийн цаасан мөнгөн тэмдэгт байгаа хэдий ч 1-т, 5-т, 10-т, 20-тын дэвсгэртийг цөөн тохиолдолд бэлэн мөнгөний хариулт төдийхнөөр ашигласан болсон байна. Тэдгээрийн худалдан авах чадвар нь “0” байгаагийн дотор 1-т, 5-тын дэвсгэртийг ихэвчлэн зориулалтын бусаар ашиглах хандлага нэмэгдсэн. Үүнээс шалтгаалан жижиг дүнтэй дэвсгэртүүд гүйлгээнээс бараг арчигдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, жижиг мөнгөн тэмдэгт хэвлэх зардал нэрлэсэн дүнгээсээ ч өндөр гарах болжээ. Энэ нь шаардлагагүй илүү зардал болж байгааг Монголбанкнаас онцолсон байна.
Түүнчлэн бага дүнтэй мөнгөн тэмдэгтийн насжилт том дүнтэй мөнгөн тэмдэгтээс богино байгаа бөгөөд бага дүнтэй дэвсгэрт олныг хэвлүүлэхийн оронд том дүнтэй цөөн дэвсгэрт хэвлэхэд хүргэх юм.
ЭДИЙН ЗАСАГ ТЭЛСЭН Ч ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТ ТОМОРСОНГҮЙ
Монгол Улсын эдийн засаг өсөн томорч, 1993 онд 227 тэрбум төгрөг байсан ДНБ 2021 онд 43 их наяд төгрөгт хүрч, 189 дахин өссөн байна. Гэвч инфляцын өсөлтөөс шалтгаалан 1993 оноос хойш манай улсын мөнгөн тэмдэгтүүдийн дотоод худалдан авах чадвар үлэмж муудсан. Тухайлбал, 20 мянгатын дэвсгэртийн бодит худалдан авах чадварыг инфляцаас хамааруулан өнөөгийн байдлаар тооцвол, анх гүйлгээнд гаргаж байсан үеэс 70 хувиар буурсан буюу 2006 оны үнээр 5960 төгрөгтэй тэнцжээ. Мөнгөн дэвсгэртийн худалдан авах чадвар муудсаар байгааг харуулах өөр нэг хүчин зүйл нь түүний гадаад валюттай харьцах ханш юм. Хамгийн том дэвсгэрт болох 20 мянгат дэвсгэрт анх гүйлгээнд гаргаж байсан 2006 онд 17 ам.доллартай тэнцэж байсан.
Тэгвэл 2022 оны судалгаагаар 6.4 ам.доллартай тэнцэж байгаагаас үзэхэд гадаад худалдан авах чадвар 2.6 дахин буурсан гэсэн үг. Гэтэл манай улстай орлогын түвшнээрээ ойролцоо улсуудын хамгийн том мөнгөн дэвсгэрт нь дунджаар 40 ам.доллартой тэнцэж байна. Дотоодын хэрэглээний хувьд ч том мөнгөн тэмдэгтийн хэрэглээ эрс өсчээ. Тухайлбал, 20 мянгат дэвсгэрт мөнгөн дүнгээрээ зах зээлийн 67 хувийг дангаараа эзлэх болсон байна.
Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний дотоодын жижиглэнгийн зах зээл дээрх үнийг судалж үзэхэд, орос, ширхгийн бохь 100-200 төгрөг төгрөг байна. Улаанбаатар хотын гэр хорооллын ус түгээх худагт 10 литр усыг 10 төгрөгөөр худалдаж байгаа зэрэг монгол төгрөг инфляцаас шалтгаалан үнэгүйдэлд орсон. Үнэгүйдэлд орсноос шалтгаалан жижиг дэвсгэртийг хэвлэх өртөг нь нэрлэсэн үнээс өндөр байх болсон. Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн урт хугацааны үргэлжилсэн сулралтаас шалтгаалан гадаад худалдан авах чадвар муудав.
Холбоотой мэдээ