Хөвсгөл органик мах үйлдвэрлэгч аймаг болохоо зарлалаа

Хуучирсан мэдээ: 2023.09.14-нд нийтлэгдсэн

Хөвсгөл органик мах үйлдвэрлэгч аймаг болохоо зарлалаа

Хөвсгөл органик мах үйлдвэрлэгч аймаг болохоо зарлалаа

Хөвсгөл аймаг 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах, ойрын ирээдүйд органик мах махан бүтээгдэхүүн экспортлогч аймаг болохыг зорьж, малаа бүртгэлжүүлэх, малчдаа чадавхжуулах, малын эрүүл бүсээ нэмэх зорилт тавиад байна.

Үүний тулд малчин, мах үйлдвэрлэгчид, мал аж ахуйн бүртгэлжүүлэлт, стандарт чиглэлийн мэргэжилтэн, судлаач,  ХХААХҮЯ болон сумдын удирдлага, бусад холбогдох салбарын төлөөлөлтэй хамтран хэлэлцлээ.

“Органик мал аж ахуйн баталгаажуулалт ба органик мах, махан бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх боломжууд” сэдэвт хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Мал аж ахуйн үндэсний бүртгэлийн холбоо, Монголын Махны холбоо, мах экспортлогчдын төлөөлөл болон эрдэмтэн докторууд оролцож, орон нутгийн малчид, сумдын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалангийн мэдэгдсэнээр цэвэр цэнгэг устай, онгон дагшин газар нутагтай, нүүдлийн уламжлалт арга технологитой  Хөвсгөл аймаг органик мах үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж Хөвсгөлчүүд үзэж 2023 оны “Органик Хөвсгөл” жил болгон зарлаж хэд хэдэн ажил эхэлжээ. Тэрбээр дэлхийн зах зээлд бэлчээрийн малын мах үнэд орж байгаа цаг үед стрессгүй аргаар малаа төхөөрдөг гээд боломжууд өргөн. Гол нь малчид, үйлдвэрлэгчид, төр, холбоод, бизнес эрхлэгчид хамтран ажиллах хэрэгтэй байна. Мөн малчид илүү сайн ойлгож, манлайлан оролцох эрх, үүрэгтэй. Үүний тул малчид цөөн тооны өндөр ашиг шимтэй малтай байх, гарал үүсэл нь тодорхой байх, малаа бүртгэлжүүлэх хэрэгтэй байна" гэлээ.

Монгол Улсад одоогоор 400 гаруй махны үйлдвэр байдгаас төхөөрөх үйл ажиллагаатай цех 100 гаруй бий. Гэвч олон улсын стандарт нэвтрүүлсэн үйлдвэр нь 10 хүрэхгүй. Олон улсын ISO стандартыг хэрэгжүүлэхэд манай үйлдвэрүүд асуудалтай тулгардаг байна. Стандарт бүрэн хангаж байж органик мах махан бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулдаг гэж хэлэлцүүлэгт оролцогч зөвлөх мэргэжилтнүүд онцолж байлаа.

Хөвсгөл аймгийн хувьд агаар, ургамал, өвс тэжээл, маллах арга ажиллагаа нь малын гаралтай бүтээгдэхүүнүүд органик гэдгийг баталж байгааг судлаачид онцлов.

Ургамал судлаач, доктор Ж.Оюунмаа “Хөвсгөл аймгийн мал байгалийн бүс бүслүүрээр тайга, өндөр уулын хээр, ойт хээр, хээр гэсэн бүс бүслүүрт бэлчдэг. Ихэнх газар нутаг нь өндөр уулын болон ойт хээрийн бүст байдаг.  Аймгийн бүх газар нутгийг улсын тусгай хамгаалалттай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Улсын тусгай хамгаалалтад орсон зургаан дархан газар бий. Хамгийн сүүлд 2022 онд дэлхийн шим мандлын сүлжээнд Хөвсгөл нуур орсон нь энэ нутаг өөрөө органик гэдгийг дэлхий нийт баталсан хэрэг.

Энэ бүслүүрт Хөвсгөл нуур орчмын 8 сумын газар нутаг ордог. Ийм газарт бэлчиж уснаас нь ундаалж, тайга, ойн ургамал, эмийн ургамлаар хооллож байгаа мал эрүү, цэвэр юм” гэж байлаа.

Гэвч экспортод органик мах гаргахын тулд заавал баталгаажуулах шаардлагатай болдог. Айдасгүй тавлаг байдлыг хангаж төхөөрсөн, хэрхэн загсаасан, яаж хадгалсан, ямар үзүүлэлтийг хангасан, технологийн шаардлага хэрхэн хангасан зэрэг нь чухал байдаг байна. Үүнд хүрэхийн тулд Хөвсгөл аймаг алхам хийж анх удаа органик мах экспортлогч аймаг болохоо зарлаж малчид, үйлдвэрлэгчдээ хамтдаа чадавхжуулж, сургаж бэлтгэж байгаа нь маш зөв алхам. Малчны сууриас эхэлдэг стандартыг мөрдөж эхлэх алхмаа Хөвсгөл аймаг эхэлжээ гэж Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын аудитор С.Лхагвасүрэн онцоллоо.

Хөвсгөл аймагт унаган байгаль, цэнгэг уснаас гадна уул уурхайн үйлдвэр байхгүй учраас байгаль орчин нь цэвэр. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэг боломж нөхцөл нь энэ гэж ХХААЯ-ны ахлах шинжээч, техникийн ухааны доктор  Д.Батмөнх мэдэгдлээ.

ХХААХҮЯ-ны зүгээс органик мах үйлдвэрлэгч Хөвсгөл аймгийн бодлогыг дэмжиж байна. Зөвхөн органик мах биш  органик сүү, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой аймаг гэж харж байна.” гэж мэдэгдлээ.

Хөвсгөл аймаг жилд 1.5 саяас 1.8 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 240 тэрбум төгрөгийн мах нийлүүлж, мал аж ахуйн салбар орлогоороо улсад тэргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж