Украины арми Лхагва гаригийн өглөө Крым дэх Оросын хөлөг онгоц засварын баазад довтолжээ. Үүний улмаас Оросын хоёр байлдааны хөлөг онгоц гэмтжээ. Мөн 24 хүн шархдсаныг Севастополь хотын захирагчаар ОХУ-аас томилогдсон Михаил Развожаев мэдээллээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр Хар тэнгисийн флотын засварын бааз болгон ашигладаг Севастополь дахь Серго Орджоникидзегийн нэрэмжит усан онгоцны үйлдвэр рүү 10 далавчит пуужин, гурван автомат ажиллагаатай завиар халдсан байна. Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн долоон пуужинг устгасан бол эргүүлийн хөлөг онгоц Василий Быков бүх завийг устгасан гэв.
Гэмтсэн байлдааны хөлгүүд нь дизель цахилгаанаар ажилладаг Ростов-на-Дону шумбагч онгоц болон том десантын Минск онгоц аж. Хоёр хөлгийг зогсоолд байрлуулсан бөгөөд засвар үйлчилгээ хийж байсан. Ростов-на-Дону нь калибр далавчит пуужин тээвэрлэх чадвартай харьцангуй орчин үеийн шумбагч онгоц юм.
Байгууламж руу харвасан далавчит пуужин нь радарт үл үзэгдэх чадвартай "Storm Shadow" пуужин байсныг цэргийн блоггер баталжээ. "Storm Shadow" пуужинг Их Британи, Франц улсууд хамтран бүтээсэн бөгөөд Украины зэвсэглэл дэх хамгийн холын тусгалын зэвсэг юм. Пуужингуудыг Су-24М онгоцноос Хар тэнгис дээгүүр харвасан гэв. Харин долоон пуужинг "Pantsir-S1" агаарын довтолгооноос хамгаалах системээр устгасан.
"Тулааны талбарт ялалт байгуулах гол арга бол Оросын логистикийг устгах явдал. Логистикийн арми үгүй бол тэд манай газар нутгийг булааж чадахгүй." гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак хэлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ