Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тэргүүнд бичигддэг АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа 2023 оны нэгдүгээр сард Ж.Вердийн “Травиата” дуурьд дуулсан. Харин энэ удаа Япон улсын сонгодог урлагийн тайзнаа "Травиата" дуурьд дуулжээ.
Тодруулбал, Итали улсын Ром хотын дуурийн театрын уран бүтээлчид болон энэ цагийн дуурийн супер ододтой хамтран Ж.Вердийн алдарт бүтээл "Травиата" дуурийг Токио хотын "Bunka Kaikan" театрын тайзнаа өчигдөр /2023.09.13/ дуулжээ. Түүний дараагийн тоглолт есдүгээр сарын 16, 18-нд болох гэнэ.
Тэрбээр анх 2010 онд Оросын алдарт дуучин Галина Вишневскаягийн нэрэмжит уралдаанд оролцоод, нэгдүгээр түүврээсээ хасагдсан байна. Үүний дараа Парист болсон уралдаанд шилдэг 20 дуучны нэгээр шалгарчээ. Ийнхүү тэрбээр амжилт руу алхам алхмаар дөхсөөр л байв. Харин 2011 онд Буриадад болсон “Вайкаль” олон улсын уралдаанд түрүүлж, тэр жилдээ Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс хоёрдугаар байр болон үзэгчдийн нэрэмжит шагналыг эх орондоо авчирсан юм. Үүнээс хойш монгол залуугийн нэр дэлхийд шуугиан тарьж эхэлсэн түүхтэй.
Э.Амартүвшин 2015 онд дуурийн урлагийн оргил, дэлхийн шилдэг дуучин шалгаруулах “BBC Cardiff Singer of the World” наадмын хоёр том шагналын нэгийг хүртсэн билээ. Э.Амартүвшин одоо дэлхийн алдартай тайзан дээр жинхэнэ мэргэжлийн дуучин гэдгээ харуулахаар хөдөлмөрлөж буй.
Холбоотой мэдээ