Мэрэгчдийн үүдэн шүд нь үргэлж ургасаар байх агаад ямар нэгэн зүйлийг мэрэхэд нь богиносдог. Харин төрийн албанд намаар нөлөөлж орсон “мэрэгчид” олдсон цаг хугацаандаа олигтойхон шиг “мэрэхийг” хичээх бөгөөд түүнд их багын асуудал яригдана уу гэхээс идээгүй, уугаагүй тухай дуулах нь ховор. Мэрэгчдээс хамгийн аюултай нь харх агаад түүнтэй дэлхий нийтээрээ тэмцдэг ч дийлсэн нь тун чиг ховор.
НҮҮРСНИЙ ХЭРЭГ “ХУЛГАНЫ” ХЭРЭГ БОЛОВ
Монгол Улсын ДНБ-тэй дүйх хэмжээний мөнгөн дүнтэй гэж сэвсэн нүүрсний гэх хэрэг боловсон жорлонгийн хэрэг болоход ойрхон байгаа бололтой. Засгийн газрын тэргүүн сүр бадруулан шалгаад байсан хэрэг эцэстээ иймэрхүү байдлаар замхрах нь тодорхой байсан бөгөөд гэнэн итгэмтгий монголчуудад “Шүүхийнхэн хэрэгсэхгүй болох вий. Хамтдаа хэрхэн шүүхийг нь харцгаая” гэсэн үгний учир шалтгаан одоо л ойлгогдож байх шиг. Хөгжлийн банкны хэрэг явдал ч эхлэх үед нь сүр бадруулж, албан тушаалаасаа буусан хоёр ч Ерөнхийлөгч, хэд хэдэн Ерөнхий сайд нарыг дуудуулж, УИХ-ын сонгол хийгээд “урвагч, хулгайч, шамшигдуулагч” мэт зарлаад байсан эцэстээ зээлээ төлсөн, төлөөгүй асуудал болоод шүүхээр шийдэгдсэн.
Өдгөө хоёр дахь том хулгайн талаар ухуулах сценари бэлэн болоогүй байтал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг яваад эхлэв. Хараат бус бие даасан байдлыг хангахын оронд ам нээвэл халдаж байдаг улстөрчид шүүхэд эдийн засгийн аргаар хэрхэн нөлөөлж буйг нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр гүйсэн хулгана харуулаад өгөв. Тэрхүү бичлэгийг эвлүүлэг гэж тайлбарласан ч үнэндээ бодит амьдралд ойртсон эвлүүлэг гэлтэй. Шүүхүүдээс үнэнийг нэхсэн жүжиг тоглосоор байгаа ч тэнд шүүх хуралд оролцогчдын үгээ чөлөөтэй хэлэх боломж бололцоо ч хангалтгүй байгааг хоёр хүн чөлөөтэй зөрчих зайгүй хурлын танхимаас нь харж болно. Есөн сар ганцаараа хоригдсон гэх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс, шүүхээс, мэдээж "хулганаас" ч татгалзсан юм.
ХОРИН ШАРААС 40 ИХ НАЯД ХҮРТЭЛХ “МЭРЭГЧИД”
“Хүргэн хүү” кинонд нэгдэлд хөрөнгөө алдахгүй гэсэн Жамц баян хүргэнтэйгээ нийлэн сэм хорин шараа мөнгө болгон хадгалдаг. Хувийн өмчөө хамгаалсан энэ үйлдэл зөв ч тухайн нийгэмдээ энэ мэтийг хийгчдийг хүчээр үзэн ядуулсан түүх Монголынх. Харамсалтай нь, кино коммунизмыг магтан дуулах ёстой болохоор үйлийн үрээр хураасан мөнгийг нь хоёр гуравхан хулгана үгүй хийчихдэг. Аль ч цагт хоол хүнснээс эхлээд малын бэлчээрийг хүртэл үгүй хийчихдэг мэрэгчдэд монголчууд дургүй. Киноноос ялгаатай нь төрийн албанд мэрэгчтэй адил хэр нь түүнээс ч аюултай үзэгдэл бий болсон нь төсвийн мөнгийг бүх шатандаа “мэрэх явдал”. Үүнийг удаа дараагийн хулгайн том хэргүүд харуулаад байгаа хэрэг.
Б.Ганхуяг урьдчилсан хэлэлцүүлгээр үүнийг батлан “Нүүрсний хэрэг гэж сүртэй яриад байсан оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэрэг хаана байна. Би АТГ-т бүгдийг хэлсэн, дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө үлдчих юм уу.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгост орд зарсныхаа хариуд явуулсан мөнгөө над дээр бичээд явах юм уу. Нүүрсний мөнгөөр санхүүждэг хэвлэлүүд гадаа байгаа. Иргэний хөдөлгөөн яаж санхүүждэг юм, жагсаал яаж санхүүждэг юм, хэн санхүүжүүлдэг юм, яамдаас хэдийг авдаг юм, энэ бүхнийг би яримаар байна” гэж хэлсэн юм. Ингэж хэлсэн хэр нь “Гэхдээ би итгэдэг шүүгчдээ яримаар байна. Яагаад гэвэл энэний дараа нь хэрэг үүсгээд араас нь намайг дуудах гээд байна шүү дээ” гэсэн нь хамтрагчиддаа өгсөн сануулга байв. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан ч иймэрхүү байдлаар сануулга өгөөд, унавал хамтдаа унана гэдгээ хэлээд яваа. Бид хоёрыг яллах гэж байгаа бол хэргээ задлаад УИХ, засгийн газрын гишүүдтэйгээ хамтдаа унана гэж тэд айлгаж байна. Мэдээж 40 их наядыг тонохын тулд 11 хүн, нэг гишүүн, нэг компанийн захирал жижигдэнэ. Тиймээс хэрэг задрах тусам иргэд хэрхэн хулгай хийснийг нь мэдэх бол хэргийг задруулахгүй байх сонирхол шүүхт биш гүйцэтгэх засаглал, хууль тогтоогчид л бий. Харж л сууя даа.
ЭРҮҮ ЦАГААН ХУЛГАНА
Хулганы хор богино хугацаанд мэрэгч амьтдад нөлөөлдөг. Хэсэг хугацааны дараа дархлаа тогтоод точигнуулж өгдөгтэй адил тэдний дуулиан ч хэсэг хугацаанд өрнөөд дараагийн дуулианаар мартуулдаг бөгөөд өмнөх хулгайчид илүү туршлагажаад тогтолцоо бий болгож нийгмийн тонон дээрэмддэг жишээг 60 тэрбумын схемээс, Хөгжлийн банкны хэргээс, Засгийн газрын хэрэгжүүлээд байгаа бодлого, баригдаж буй барилгаас ч бид харж байна. Монголчууд хулгана жилдээ баяжина гээд л хараад суугаад байх хооронд төрд гарсан этгээдүүд ийнхүү хулгайлаад сууж байна. Мэдээж хулгана гай тарина уу гэхээс гийргүүлэхгүй нь тодорхой. Монголын төрийг зайдагнаж, зах хязгаарыг нь хэлээд буйн цаана “хархнууд” л гүйлдэж, хамаг өнгөтэй өөдтэй мэрсээр байна. Тэдний шүд улам бүр хурц ургасаар байх.
Оюутны холбооны ерөнхийлөгчөөс Монголын төрийн өмчит хамгийн том үйлдвэрийн захирал болсон залуу ямар их хөрөнгөтэй болсныг нь бүгд ам булаалдаад ярьдаг ч яаж болсоныг нь хэн ч тоодоггүй нь төрийнөмчийн хулгайг бидний сэтгэл зүй хэзээний хүлээн зөвшөөрчихснийг харуулна. Б.Ганхуяг ах нараа даган “хулгай” хийж яваад золиос болж буй ээлжит залуусын нэг болохоос хулгай хийгээгүй нь юу л бол. Өнөөдөр намынхаа ах нарын сонгуулийн мөнгийг босголцон төрөөс хулгай хийсэн хэргээр ял авсан хүн бүхний дээр байж л байна. Насаараа төрд зүтгэсэн гэдэг ч хувийн бизнес хийсэн хүнээс ч хураасан нь их хулгайч шударга имижтэй тэтгэвэртээ гарсан гэх ч одоо ч нөлөөтэй байсаар л байна. Хонконг, Кантон зэрэг том хотуудад хулгана тахал тарааснаас болж 15 сая орчим хүн үхсэн гэх тоо байдаг. Харин Монголд "мэрэгчдийн" балгаар хэдэн хүүхэд, хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч буйг хэлэх нөхцөл алга. Орчин үеийн ертөнцөд нохой мууртай, муур хархтайгаа эв найртай амьдардаг болсонтой адил бид ч тэдэнд найр тавьсаар байх уу? Өнөөдөр энэ хэрэгт хэдэн хүн холбоотой гэж зарласнаас хэд нь замаасаа замхрав? Эцсийн эцэст энэ хэргийн нотлох баримтыг хулгана "идээд" дуусах вий! Хотоороо цахилгааны болсон шалтгаан шувуунаас болж болсон юм чинь хавтаст хэргийн нотлох баримтыг хулгана мэрэх эсэхийг хэн мэдлээ. Чадах л улс…
Холбоотой мэдээ