ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын Владивосток дахь уулзалт олон улсын анхаарлын төвд байна. Ким Жон Ун Пёньянаас тансаг зэрэглэлийн галт тэрэг хөлөглөн Владивостокт ирсэн бол Путин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ирсэн. Тэдний уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү нийтлэлээр тоймлон хүргэнэ.
Мягмар гаригийн өглөө Ким Жон Уныг Хасан галт тэрэгний буудал дээр буух үед ОХУ-ын төлөөлөгчид улаан хивстэй, үлээвэр найрал хөгжимтэй угтан авав.
Дашрамд дурдахад, энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Ким Жон Уны дүү Ким Ё Жон ч мөн багтжээ.
Юун түрүүнд, Ким Жон Ун ОХУ-ын алс дорнодод орших Восточный сансрын станцад айлчлах үетэй зэрэгцэн Хойд Солонгос улс зүүн эрэг рүү баллистик пуужин харвасан байна. Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо болон Японы эрх баригчид Умардыг пуужин харвасан гэх мэдээллийг баталгаажууллаа. Гэхдээ яг ямар төрлийн пуужин гэдгийг нь хараахан тодорхойлоогүй байна. Пуужин харвасантай холбоотойгоор Японы эргийн хамгаалалтынхан хоёр удаа анхааруулга илгээжээ. Албаныхны мэдэгдсэнээр пуужин Хойд Солонгос, Япон хоорондын тэнгисийн усанд унахаасаа өмнө таван минут орчим явсан. Унахдаа Японы эдийн засгийн онцгой бүсэд тун дөхсөн гэдгийг “NHK” агентлаг мэдээллээ.
Пёньян дахь Сунан орчмоос дахин хоёр богино тусгалын баллистик пуужин харвасныг Өмнөд Солонгосын арми мэдэгджээ.
Пуужин хөөргөх цагийг ийнхүү Восточный сансрын станцад айлчлах үетэй давхцуулсан нь Ким Жон Уны зориуд үйлдэл гэж үзэж байна. Тэр ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж буй гэдгээ зарлаж, олон улсын анхаарлыг татах санаатай гэж “BBC” агентлаг мэдээлэв. Путин сансрын станцад Ким Жон Унаас 30 минутын өмнө хүрэлцэн ирсэн байжээ.
Телеграмд нийтэлсэн бичлэгээс харахад хоёр удирдагч гар барин уулзаж байна. Энэ үеэр Ким Жон Ун ОХУ-ын ерөнхийлөгчид “Завгүй хуваарийнхаа хажуугаар биднийг урьсанд баярлалаа” гэж хэлжээ. Харин Путин “Тантай уулзаж байгаадаа таатай байна. Энэ бол манай шинэ сансрын станц” гэж хэлээд Восточный станцыг танилцуулжээ. Станцад айлчлах үеэр Ангара зөөгч пуужинг хэрхэн угсарч буйтай Ким танилцав. Мөн удирдагчид Союз-2 хөлгийг хөөргөх цогцолбортой танилцжээ.
Сэтгүүлч Путинээс “Хойд Солонгост хиймэл дагуул бүтээхэд нь туслах уу” гэж асуухад “Бид тийм шалтгаанаар л Восточныйд ирлээ” гэж хариулсан байна. Эргэн сануулахад, Хойд Солонгос улс тагнуулын хиймэл дагуулаа сансрын тойрог замд байрлуулах гээд хоёр ч удаа бүтэлгүйтсэн. Тиймээс сансрын хөтөлбөртөө ОХУ-аас тусламж хүсэх болов уу гэж олон улс таамаглаж байв. Мөн “Хойд Солонгосын удирдагч пуужингийн инженерчлэлийг маш их сонирхож байгаа тул Восточный станцад ирсэн” гэдгээ Путин хэлжээ.
Станцад зочлон ирсэн хүмүүс дурсгалын үг бичдэг дэвтэрт Ким Жон Ун “Сансар огторгуйн анхны байлдан дагуулагчдыг төрүүлсэн Орос улсын яруу алдар мөнх байх болно” гэж бичсэн.
ОХУ-ын Украины эсрэг дайнд сум маш их хэрэгтэй. Харин Хойд Солонгост тэдэнд санал болгох зүйл их бий. Тэдний ОХУ-д санал болгох хамгийн өндөр магадлалтай зэвсэг бол сум. Мөн хуучин пуужингуудыг ч мартаж болохгүй гэдгийг Хойд Солонгос судлалын их сургуулийн профессор Ким Дон Юп хэллээ. Хойд Солонгост хэдэн арван саяар тоологдох их бууны сум, пуужин бий гэх тооцоолол байдаг. Учир нь 1953 онд Солонгосын дайн дууссанаас хойш Умард тал дайн хийгээгүй учир цэвэр нөөц бий гэж таамагладаг.
Түүнчлэн Пёньяны галт зэвсгүүд нь ихэвчлэн Зөвлөлтийн зэвсгийн системд суурилдаг нь давуу тал болно.
Уулзалтын үеэр Ким Жон Ун ОХУ-ыг Украинд довтлохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байж магадгүй аж. Ким хэлэхдээ “ОХУ бүрэн эрх, аюулгүй байдлаа ноёрхогч хүчнээс хамгаалах ариун тэмцэлд оржээ. Хойд Солонгос улс Путины бүх шийдвэрийг дэмжиж байна” гэжээ.
Удирдагчдын уулзалтад хоёр улсын топ дипломатууд, цэргийн командлагчид хамт байлцсан. Ким Жон Уны баг бүрэлдэхүүний хувьд Солонгосын ардын армийн командлагч Ри Пён Чол, дэд командлагч Пак Жон Чон, Зэвсэгт хүчний аж үйлдвэрийн газрын дарга Жо Чун Рён нар багтана. Харин Путиныг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар дагалджээ.
Удирдагчид зэвсгийн наймаа ярилцана гэж олон улс харж буй. Тэгвэл тэд эдийн засгийн хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн шинж чанартай асуудлуудыг ч хэлэлцсэн гэв. Тэдний нүүр тулсан уулзалт хоёр цаг орчим үргэлжилжээ.
Ким Жон Ун яриа хэлэлцээ эхлэхийн өмнө сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Бид Хойд Солонгос-Оросын харилцааг нэн тэргүүнд тавьж, цаашид гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгоно” гэжээ. Харин Кремлиэс мэдэгдэхдээ “НҮБ-аас Хойд Солонгост тавьсан хориг арга хэмжээ Пёньянтай харилцах харилцаанд саад болохгүй” гэв.
ОХУ-д зэвсэг зарсныхаа хариуд Ким Жон Ун цэргийн дэвшилтэт технологийг нь хуваалцахыг хүснэ гэж таамаглаж байна. Ингэснээр тэр өөрийн улсын зэвсгийн хөтөлбөрөө ахиулах юм.
ОХУ-ын төрийн мэдээллийн Риа Новости агентлагт мэдээлснээр Ким Жон Ун Лхагва гаригийн 17:34 минутын орчимд Пёньян буцах галт тэргэндээ суужээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ