Л.Гантөмөр: Бидний үйл хэрэг нэгдүгээрт Монгол Улсын төлөө

Хуучирсан мэдээ: 2023.09.13-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр: Бидний үйл хэрэг нэгдүгээрт Монгол Улсын төлөө

Л.Гантөмөр: Бидний үйл хэрэг нэгдүгээрт Монгол Улсын төлөө

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн санаачлагаар залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн хөрөнгө оруулалт, цаашдын боломжийн талаар намын гишүүд, дэмжигчидтэй нээлттэй ярилцаж, санал санаачилгыг сонсох зорилгоор "Эдийн засгийн форум”-ыг бүсчлэн зохион байгуулж буй. Энэ удаад Төвийн бүсийн эдийн засгийн форумыг Дундговь аймагт зохион байгуулж байна. Уг форумд Өмнөговь, Архангай, Өвөрхөнгай, Төв, Дундговь аймгийн Ардчилсан намын гишүүд, бизнес эрхлэгч зэрэг нийт 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Форумыг нээж Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хэлсэн үгэндээ "Бидний үйл хэрэг нэгдүгээрт Монгол Улсын төлөө, хоёрдугаарт Ардчилсан намын төлөө, гуравдугаарт, орон нутгийнхаа төлөө, дөрөвдүгээрт би өөрийнхөө төлөө гэдэг дээр төвлөрөх болно.

Либерал бодлого гэдэг өргүй улсыг бүтээдэг юм. Төрийг чинь тамгагүй болгоно шүү гээд зүгээр нэг компанийн захирал хэлж байна. Монгол Улс ядуураад байгаа шалтгаан бол төрийн өмчийн үйлдвэрүүд, тэдгээрийн удирдлагатай холбоотой.

33 жилийн өмнө Ардчилсан нам Монголын ард түмэнд маш тодорхой стратегийг хэлж өгсөн. Бид үг хэлэх, сонгох, сонгогдох эрхийг өгнө гээд өгч чадсан, өмчтэй болгож өгнө гээд бүгдийг нь өгч чадсан. Энэ бол хамгийн том стратеги юм. Бид цаашид энэ стратеги руу явах болно" хэмээсэн юм.

С.Баярцогт: МАН долларын ханшийг өсгөж, 3470 болгосон

Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “2013 онд Ардчилсан нам Чингис бондыг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгоод энэнийхээ үр дүнд аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой авто замаар холбосон. Улаанбаатар хотын өнгө зүсийг шинэчилсэн. Үйлдвэр,  үйлчилгээ эрхэлдэг газруудад зээл олгосон. Тэр үед нэг хүнд оногдох өр 15 сая төгрөг байсан. Гэтэл Ардын нам 7 жил засаглахдаа нэг хүнд ногдох өрийн хэмжээг  30 сая төгрөг болгон 2 дахин нэмсэн. Манай ард түмэн ямар тэвчээртэй юм бэ. 2016 онд нэг хүнд ногдох өр 15 сая боллоо гэхэд улс үндэстнээрээ босч байсан. Гэтэл өнөөдөр нэг хүнд оногдох өр 30 сая төгрөг болчихоод байхад суртал ухуулгад автаад юу ч болоогүй юм шиг байж байгаа.

Инфляцын хувьд өнгөрсөн дөрвөн жлиийн хувьд  хоёр оронтой тоонд орсон.  100 мянган төгрөгөөр авдаг байсан зүйлийг бид нар өнөөдөр 170 мянга орчим төгрөгөөр авдаг болсон. Чимээгүй идэж байна.

Валютын ханшийн тухайд, Ардчилсан нам Засгийн эрхийг МАН-д шилжүүлэх үед долларын ханш 2400 төгрөгтэй тэнцэж байсан. Гадаад валютын албан нөөц өнөөдөр 3.9 тэрбум ам.доллар боллоо, сайжирлаа гэж яриад байгаа.  Гэтэл Засгийн эрхийг шилжүүлснээс хойших долоон жилийн хугацаанд валютын ханш 3470 төгрөг болж, 30 хувиар өссөн.

Бодлогын хүү. Монголбанкнаас явуулж байгаа энэ хүү өнөөдөр 13 хувь болсон. Өмнөх өгч байсан дундаж хүүнээс  2 дахин өссөн. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд бизнес эрхлэгчдэд зээл олгох боломжгүй болж, эдийн засаг бүхэлдээ агшиж байгаа.

Авлигын индекс. Одоогийн байдлаар авлигын индексээр Монгол Улс дэлхийн 180 орноос 116-д явж байгаа. Ардчилсан нам засаглаж байсан 2013, 2014, 2015, 2016 онд Монгол Улс авлигын индексээр 87-д жагсдаг байсан. Одоо харин 20 гаруй пунктээр хойшилсон. Энэ нь өөрөө улсын сектор томрох тусам авлигын хэмжээ өсч, албан тушаалаа ашиглах байдал ихэсч байгаа. “Эрдэнэт”-ийн 51 хувь төрд байсан бол одоо 100 хувь төрд шилжсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК бүхэлдээ 100 хувь төрд байгаа. Энэ хоёр дээр эргэлдэж байгаа мөнгө Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх болсон. Монгол Улсын төсвийг хэдийгээр муу сайнаар нэрлэгддэг  ч УИХ-ын 76 гишүүн шүүж баталдаг.  Гэтэл “Эрдэнэт”-ийн нийт мөнгө, “Эрдэнэс Тавантолгой”  нийт мөнгийг ганцхан гүйцэтгэх захирал захиран зарцуулж байгаа. Өөрөөр хэлбэл, парламентаар хэлэлцдэг мөнгийг хоёрхон захирал  тусдаа шийдэж байгаа. Энэ нь өөрөө Монгол Улсад авлига хээл хахуулийг нэмэгдүүлж байгаа.

Ардчилсан нам бол хувийн хэвшил хийж чадах бүхий л эдийн засгийн салбарыг хувьчлах ёстой, тэгж байж үр дүнгээ өгнө  гэсэн бодлого баримталж байгаа" гэлээ.

Мөн энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Р.Эрдэнэбүрэн “Говийн бүсийн эдийн засгийн хөгжилд усан хангамжийн нөлөө”, Улс төрийн зөвлөлийн гишүүн Л.Одсэр “Чинээлэг малчин”, Ардчилсан намын даргын зөвлөх Ж.Баясгалан "Нийгмийн бодлогын хүртээмжтэй байдал" зэрэг сэдвүүдээр илтгэл тавив.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж