Улаанбаатар хот – Монгол дах Америкийн Худалдааны Танхим нь 2023 оны есдүгээр сарын 12-нд “Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг төрөлжүүлэх нь” сэдвээр цаг үеийн чухал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И. Батхүү, Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Рандольф Коппа, Премиум группын Удирдах зөвлөлийн дарга А. Ганхуяг, Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн Тэргүүн Ч. Ганхуяг нар панелистээр оролцож, хурлыг Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын ТУЗ-ийн Тэргүүн Гари Биондо удирдан, Монгол улсын эдийн засгийг хэрхэн төрөлжүүлэх талаар санал бодлоо хуваалцав.
Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд АмЧам Монголын зүгээс эдийн засгийг төрөлжүүлэх бодлогыг эрчимжүүлэх хүрээнд яаралтай авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлж байна. Эдгээрт:
- Уул уурхай, тэр дундаа нүүрсний экспортоос олж буй төсвийн орлого нэмэгдэж байгаа энэ үед – “Төсвийн тогтворжуулалтын сан”, “Ирээдүй өв сангийн” орлогыг эрчимтэй нэмэгдүүлж хуримтлалыг үлэмж нэмэгдүүлж, улмаар гүйцэтгэлийн талаар олон нийтэд ил тод тайлагнах;
- Аялал жуулчлалын салбарт амжилттай хэрэгжсэн “Welcome to Mongolia” (Монголд тавтай морилно уу) кампанит ажлын ахиц дэвшлийг батагтаж, дунд хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх. Монгол улсыг дэлхийд таниулан сурталчлах зорилгоор зөөлөн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, тухайлбал, олон улсын болон орон нутгийн нислэгүүдийн чиглэл, давтамжийг хадгалан нэмэгдүүлэх, аялал жуулчлалд шаардлагатай дэд бүтэц, эрчим хүчний найдвартай, тасралтгүй байдлыг хангах, орон нутгийг холбосон авто-замын чанар, олон нийтийн амрах цэг, алжаал тайлах зогсоолууд, хог хаягдалын менежментийг сайжруулах;
- Монгол улсын хувьд өрсөлдөх чадвартай цөөхөн салбаруудын бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бодлогоор дэмжих. Тухайлбал, ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, бяслаг, малын гаралтай, мах махан бүтээгдэхүүн зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг дэлхийд өрсөлдөхүйц, органик Монгол брэнд болгон хөгжүүлж зорилтот зах зээлд нэмүү өртөг шингээж нийлүүлэхэд шаардлагатай хоёр талын худалдааны болон хорио цээрийн нөхцөлийн гэрээ хэлцлийг түргэвчлэн байгуулах, экспортын бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, стандартыг олон улсын жишигт нийцүүлэхэд анхаарал хандуулах;
- Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх хүрээнд “Баялгийн сангийн” тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн батлаж гаргах хүрээнд нийгмийн даатгалын болон тэтгэврийн сангийн реформыг цаг алдалгүй хийх, хөрөнгө оруулалтын сангуудыг үүсгэж хөгжүүлэх;
- “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-аас уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний болон агаарын доройтлыг бууруулах чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой, ногоон санхүүжилтийг хөгжүүлэх зорилгоор гаргасан зөвлөмжүүдийг яаралтай хэрэгжүүлэх, цөлжилтийн эсрэг ажлуудыг хамтран зохион байгуулах үүнд хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагуудыг оролцуулах;
- Цахим шилжилтийг бизнес, нийгмийн харилцаанд илүү өргөн хүрээтэйгээр нэвтрүүлэх, эдийн засгийн бодлого, зохицуулах хууль, эрх зүйн, зохицуулалтын баримт бичгүүдийг салбарын төлөөлөлтэй хамтран боловсруулж, нэвтрүүлэх;
- Монгол Улсын хувьд өрсөлдөх чадвартай сэргээгдэх эрчим хүчний салбарын эрх зүйн орчинг тодорхой болгох, зөвшөөрөл олгох үйл явцыг яаралтай цэгцтэй болгож, хялбаршуулах;
- Эдийн засгийн төрөлжилтийн цөм болох ажиллах хүчний чадавхи, хөрвөх чадвар зэргийг хөдөлмөрийн зах зээлд оновчтой нэвтрүүлэх.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Холбоотой мэдээ