Улаанбаатар хотод шинэхэн оюутан болж буй хүн бүрд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ орчин, шинэ сургууль, шинэ найз нөхөд гээд бүхий л зүйл шинэ содон байхын зэрэгцээ шинэ асуудлууд ч “хачир” нэмж байгаа нь ойлгомжтой. Нийслэлд он удаан жил амьдарсан хэн нэгний хувьд жижигхэн асуудал улсын маань нийслэлд анхлан хөл тавьж буй нэгний хувьд том асуудал болдог билээ.
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй их, дээд сургуулийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод байдаг учраас тэр хэрээр жил бүр олон мянган оюутан Улаанбаатар хотод төвлөрдөг.
Эдгээр мянга мянган залуусын нэг, шинэ оюутан чамд хэрэг болох таван зөвлөгөөг хүргэе.
- Өөрийнхөө газрын зургийг зураарай
Газар мэдэхгүй хүнд бол Улаанбаатар хотод баримжаа авах хоёрхон л газар бий. Нэгдүгээрт Сүхбаатарын талбай, удаах нь алдарт Багшийн дээд. За энэ хоёр газарт ирсэн байхад хаашаа яаж явах нь аандаа нэг учир нь олдоно. Шинэхэн оюутнууд маань төдийлэн нүүр хагараагүй байдаг учраас хүнээс зам, чиглэл, автобус асуухаасаа ичиж нэрэлхээд төөрсөн ч хамаагүй өөрөө учраа олчих санаатай яваад байдаг. Гэхдээ цагийг нь тулгаж, өөрийгөө ийм хүнд байдалд оруулахгүйн тулд хичээл нь эхлэхээс өмнө өөрийнхөө амьдрах газрын эргэн тойронтой танилцаад, автобус нь хаанаас хаа хүртэл явахыг судлаад эртхэн мэдээд авбал зүгээр. Оюутнуудад тусгайлан зориулсан, сард 44 удаа автобусаар үнэгүй зорчих эрхтэй карт байдаг. Энэ хичээлийн жилээс эхлэн тэрхүү картаа E-Mongolia платформоор дамжуулан захиалдаг болсон байна лээ. Тэгэхээр картаа эртхэн захиалаад автобусны буудлуудаа яг таг мэдэж аваарай. Цаашлаад хичээл орох ангиудаа ч хаана, хаана байдгийг урьдчилаад мэдээд аваарай. Ингээд өөрийнхөө хувийн газрын зургийг тодорхой болгочихсон үед газар мэдэхгүй гэх асуудал тулгарахгүй шүү.
- Түгжрэлтэй өөрийн цагийг зөрүүл
Улаанбаатарт хөл тавьсан хүн бүрийн толгойны өвчин бол түгжрэл. Бидний ажил, амьдрал бүхий л зүйлс түгжрэл хэмээх “босс”-ын удирдлага дор өрнөдөг. Түүнээс хамаарч цагаа зохицуулж, төлөвлөдөг. Тэгэхээр түгжрэлийн шинэхэн зорчигчид маань сэтгэл зүйн бэлтгэлтэй, цагаа зөв тооцоолохгүй бол хичээл сургуульдаа амжиж очно гэдэг биелэгдэшгүй даалгавар болно. Зорьсон газрын хол ойр, ямар унаагаар яаж явах зэргээс хамааран дор хаяж 1-3 цагийн “нөөц”-тэй байгаарай.
Мөн түгжрэлд цагаа үрэхгүйн тулд аль болох сургуулийнхаа дотуур байранд орох, боломжтой бол сургуулийнхаа ойр байр түрээсэлбэл зүгээр. Ингэснээр цагаа хэмнэж, алхаж, эрүүл амьдралын хэв маягт суралцахаас гадна нийслэлийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдолд багахан ч гэсэн бодитой хувь нэмэр оруулах болно.
- Эрсдэлд бэлэн байх
Төрсөн гэрээсээ хол, дассан сурсан газраасаа өөр орчинд өвдөж зовоод, хаана хэнд хандахаа мэдэхгүй байна гэдэг бол жинхэнэ “асуудал”. Өөрийгөө өрөвдөж уйлаад, орондоо ганцаараа хэвтэхээс өөр аргагүй байдалд орох вий. Өвдвөл яах вэ гэдэгт бэлэн байж, эрсдэлээс сэргийлэх үүднээс амьдарч буй газартаа хамгийн ойр байх хороондоо бүртгүүлж, өрхийн эмнэлэг, яаралтай тусламж авах газар хаана байгааг судлаарай.
Хэрвээ эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол өөрт ойрхон аль ч улсын эмнэлэгт хандаж үйлчилгээ авах боломжтой. Харин эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй байгаа бол E-Barimt аппликэйшнээр нэвтэрч дутуу саруудаа нөхөн төлөх боломжтой байдаг шүү. Эрүүл мэндийн даатгал нь албан журмынх буюу заавал төлөх ёстой татвар бөгөөд оюутан, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хөнгөлттэй байдаг. Сарын 5500 төгрөг буюу бүтэн жилээр нь бол 66 мянган төгрөг төлснөөр улсын эмнэлгүүдэд үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй болно.
- Хаана, юу байна?
Оюутны амьдрал бол дунд сургуулиас 360 градус өөр билээ. Багш нар чинь чамд байнгын хараа хяналт тавьдаг байсан бол оюутны амьдралд чи “your own boss”. Өмнөхөө бодвол чөлөөт цаг ч хамаагүй ихтэй болж магад. Тиймээс чөлөөт цагаа дэмий “оршиж” өнгөрүүлэлгүй, аль болох үр бүтээлтэй байх тал дээр эртнээс анхаарах хэрэгтэй. Оюутнууд хамрагдаж болох дугуйлан, сайн дурын клубууд, цагийн ажил хийх боломжтой газруудыг эртнээс тандаж байх хэрэгтэй шүү. Бүрэг ичимхий байсан ч хамаагүй зориглоод өөрийнхөө хийхийг хүсдэг байсан, хүсэж байгаа шинэ сонин спорт, клубүүдэд хамрагдаад үзээрэй. Аль болох нээлттэй байж, шинэ содон зүйлд соргог байх нь амжилттай суралцах нэг үндэс юм. Яах ийхийн зуургүй л оюутны амьдралд дуусаж, ажлын талбарт хөл тавих учраас нийгмийн амьдралд өөрийгөө эртнээс бэлдэх нь хамгаас чухал.
Мөн сургуулийнхаа номын санд гишүүнчлэлийн картаа хамгийн түрүүнд нээлгээрэй. Оюутны үнэмлэхээ ашиглаад л нээлгэчихнэ, амархан. Дээрээс нь олон нийтэд үйлчилдэг “Үндэсний номын сан”, “Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан”-д уншигчийн карт нээлгэж чөлөөт цагаараа ном унших, хичээлээ хийж суух боломжтой. Ер нь МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС зэрэг томоохон их дээд сургуулиуд бүгд төрөлжсөн томоохон номын сангуудтай. Сургуулийнхаа номын сангаар сайн “тэнээрэй”. Мөн оюутнуудад зориулсан маш олон төрлийн тэтгэлгүүд байдаг учраас сургуулийнхаа вэбсайт, зарлалын самбар, tetgeleg.mn зэрэг эх сурвалжуудаас тэтгэлгийн мэдээллийг цаг алдалгүй аваарай.
- Нэг халаасны дүрэм
Хичээлийн шинэ жилийн эхэн ба төгсгөл үе санхүүгийн хувьд асар их ялгаатай. Намар бол оюутан бүрийн хувьд хамгийн “баян” байх цаг нь. Хахир хатуу өвлийн дараа урт удаан өнгөрөх хаврын улиралд ч нүүр дүүрэн инээмсэглэлтэй “баян” оюутан байхын тулд нэг халаасны дүрмийг баримтлахаа мартуузай. Хэзээ ч хоёр халаасаа зэрэг хоосолж болохгүй гэсэн үг. Гэнэтийн үед хэрэглэх байнгын нөөцтэй байхын тулд мөнгөө зөв, ухаалаг зарцуулж сурах нь чухал шүү. Харилцагч банкны апп-аараа хандан данснаасаа бага багаар мөнгөө хадгалдаг данс үүсгэж болно, урамшуулал, буцаан олголттой, гүйлгээ хийхэд шимтгэлгүй, оюутнуудад тусгайлан зориулсан карт авч болох зэрэг цахим банктай холбоотой хэрэгтэй бүхнийг мэдээд авчихад гэмгүй. Жишээлбэл ХААН Банканд оюутнуудад тусгайлан зориулсан К карт гэж бий. Нэг удаа 5000 төгрөгөөр захиалаад 5 жилийн хугацаанд ашиглах боломжтой. Гүйлгээ хийхэд шимтгэлгүй, ямар нэгэн хураамжгүй, оюутнуудын ихээр үйлчлүүлдэг газруудаас буцаан олголтын урамшуулал авах гэх мэт олон давуу талтай юм билээ.
Энэ хүртэл уншсан бол танд баярлалаа. Энгийн ч гэсэн оюутан танд хэрэг болно гэдэгт найдаж байна. Бүр хэцүү санагдаад байвал өөртэйгөө ижил шинэ оюутан залуустай нөхөрлөж, хамтдаа асуудлаа ярилцвал бүр л янзтай. Ташрамд дуулгахад нэгдүгээр дамжааны шинэ оюутнуудад зориулсан “Rise” хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэлсэн байна лээ.
Есдүгээр сарын 20-ноос өмнө амжиж бүртгүүлээд 23-нд болох томоохон арга хэмжээнд оролцоорой. Хэрвээ бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дараарай. Нийгэмдээ манлайлж яваа залуус, олны танил эрхмүүд оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлэх уулзалт хэлэлцүүлэг болохоос гадна тэнд хүрэлцэн очсоноор дээр дурдсанчлан автобусны карт, тэтгэлэг, хувь хүний хөгжил, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг өөрт хэрэгтэй бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой.
За ингээд чамд амжилт хүсье.