“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд нийт 418 арга хэмжээ тусгажээ

Хуучирсан мэдээ: 2023.09.13-нд нийтлэгдсэн

“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд нийт 418 арга хэмжээ тусгажээ

“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд нийт 418 арга хэмжээ тусгажээ

Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс санал авсан байна. Улмаар нийт 6.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 төсөл, хэмжээний саналыг авсан аж. Ирсэн саналуудыг эрэмбэлж “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд нийт 418 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ ирсэн саналуудаас нэн тэргүүний хэрэгцээ шаардлага байгаа эсэх, санхүүгийн эх үүсвэр баталгаатай эсэхийг харгалзан үзжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулгын үеэр нийслэл хотын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, эрүүл засаглалыг хөгжүүлэх гурван суурьт хөтөлбөрийг баримтлан ажиллаж байна гэдгийг онцолсон юм.

УЛААНБААТАР ХОТЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 87 ХУВЬТАЙ БАЙНА 

 

Хуралдаанаар мөн нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, биелэлтийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө танилцуулсныг хэлэлцэв. Дулаан хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байгаа аж. Харин цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК урсгал засварын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 90.5 хувийг гүйцэтгэлтэй байгаа гэсэн юм. Мөн ус хангамж, ариутгах татуурга, үерийн далан суваг, хөрсний ус, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайн халтиргаа гулгаа, цэвэрлэгээний бэлэн байдлыг есөн дүүргийн хэмжээнд хангаж ажиллаж байгааг танилцуулав. Мөн улс нийслэлийн төсөвт тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээнүүд бий юм. Тухайлбал, Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны орон сууцны хорооллуудыг цэвэр усаар хангадаг шугамыг шинэчлэх шаардлагатай. Энэ ажлын хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд ойролцоогоор 6 тэрбум төгрөгийг санхүүжилт хэрэгтэй юм. Мөн Таван шар, 21 дүгээр хороолол, Толгойт, Баянхошуу зэрэг хорооллыг усаар хангадаг шугамыг батлагдсан зураг төслийн дагуу нэг ухалтаар шинэчлэх ажлын 86 сая төгрөгийг ирэх оны төсөвт тусгуулах хэрэгтэй байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 800 цахилгаан шатны ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Үүнээс мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглах боломжгүй 132 цахилгаан шатыг шинэчлэн солих, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй хүчдэлийн уналттай айл өрхийг найдвартай эрчим хүчээр хангах зэрэг төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага бий болоод байна.

БУМБАТЫН РАШААНЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВНА

Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцлээ. Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын уулнаас эх авч, Толгойтын голд цутгадаг. Энэхүү булаг нь Толгойтын баруун салааны зуслангийн бүс орчимд оршин суугч иргэдийн ундны усны хангамжинд ашиглагдсаар ирсэн юм. Дэлхийн дулаарал, уур амьсгал, цаг агаарын өөрчлөлт, хуурайшилт ихэсч, хотжилт нэмэгдэж байгаа энэ үед Бумбатын булгийг унаган төрхөөр нь хамгаалж, иргэдийг хэрэглээний болон ундны усаар хангах, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалж үлдэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Усны нөөцийг хамгаалснаар ус бүрэлдэн тогтох, цэвэр байдлаар хадгалах нөхцөл бүрдэж, байгалийн аясаар нөхөн сэргэх бүхий л боломж хангагдах юм. Мөн орон нутгийн хамгаалалтай газрын хамгаалалтын горимд байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр судалгаа шинжилгээний ажил явуулах, ургамал амьтны өсөж үржих нөхцөлийг хангах, хөрс хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж