ЗГ: Газрын тосны үйлдвэр 2027 оноос бүтээгдэхүүнээ гаргана

Хуучирсан мэдээ: 2023.09.13-нд нийтлэгдсэн

ЗГ: Газрын тосны үйлдвэр 2027 оноос бүтээгдэхүүнээ гаргана

ЗГ: Газрын тосны үйлдвэр 2027 оноос бүтээгдэхүүнээ гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2023.09.13/ танилцууллаа.


Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Эстони улсад есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд "Нээлттэй засгийн түншлэл" олон улсын дээд хэмжээний уулзалт боллоо. Энэ үеэр гишүүнчлэлтэй 70 гаруй улсын төлөөлөгч оролцож, цахим шилжилтэд манлайлж, авлигын эсрэг ил тод ажиллаж байгаа Засгийн газрын үйл ажиллагааг үнэлж, дүгнэж хүндэт өргөмжлөл гардуулдаг уламжлалтай. Хөндлөнгийн үнэлгээ хийснээр Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монголиа академийг "Нээлттэй засгийн түншлэл"-ийн хүндэт өргөмжлөлөөр шагнаж, цахимжилтад өндөр хувь нэмрээ оруулж байгааг бодитоор үнэлсэн. НҮБ-аас гаргадаг цахим хөгжлийн индексээр Монгол Улс 18 байр урагшилж, 74 дүгээр байранд орсон. Энэ үзүүлэлтүүд цаашдаа авлигын индексийг бууруулахад тодорхой хувь нэмрийг оруулах болно.

Энэ шагнал бол И-Монголиа платформыг хэрэглэж буй 1.6 сая хэрэглэгч, 800 мянган иргэн тоон гарын үсгээ хэрэглэж байгаагийн шагнал гэж харж байгаа. Засгийн газраас "5Ш" ажиллагааны хүрээнд Шилэн ажиллагааг явуулж, үлгэр загвар болох бодлогыг олон улсад өндрөөр үнэлж байна.

Өнгөрсөн хугацаанд Шилэн нээлттэй мэдээллийн нэгдсэн санд 750 мянган мөр өгөгдлийг байршуулж, хуульд заасан 68 мэдээллийг ил тод хэрэглэх боломжийг хангасан. Цаашдаа машинд уншуулах байдлаар том дата хэлбэрээр боловсруулж, хувийн хэвшил болон төрийн байгууллага ашиглах боломжтой болно. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Мөн цаасан хүнд суртлаас салах чиглэлээр 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийж, батлуулна. Өнгөрсөн 2019 онтой харьцуулахад цахимжилт эрчимжиж байна.

ГАДААДААС ГУРИЛЫН ТҮҮХИЙ ЭДЭЭ АВАХГҮЙГЭЭР НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-Хоёр асуудал оруулсны нэг нь 2023 оны ургацын урьдчилсан баланс. Хоёрт, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх талаар танилцуулж, Засгийн газрын тогтоол гарлаа. Энэ жил ургацын баланс эерэг гарч байна. Үр тариа гэхэд 500 гаруй мянган тонн хурааж авах тооцоотой байна. Үүнээс улаан буудайг 480 мянган тонныг хураана. Улаан буудайг 330 мянган га газар тарьж, 14 мянга нь мөндөрт цохиулж, 316 мянга га талбайгаас 15 центр ургац энэ жил авна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 3.9 центрээр илүү гэсэн үг. Гадаадаас гурилын түүхий эдээ авахгүйгээр нөөц бүрдүүлэх боломжтой байна.

Төмсөө 100 хувь дотоодоос хангана. Хүнсний ногоо энэ жил 14 мянган га талбайд тариалж, 165 мянган тонныг хурааж авна. Хүнсний ногооны хангамж 82 хувьд хүрсэн. Энэ бол 1990 оноос хойш байгаагүй үзүүлэлт. Ирэх жил 90-100 хангах боломж бүрдэнэ. Тосны ургамал энэ жил 65 мянган тонныг хурааж авна. Энэ жил ургац хураалтад 10 гаруй мянган оюутан залуус ажиллана.

Стратегийн хүнсний нөөцийг бүрдүүлэхэд гурил, улаан буудай, ус, сүү ордог. Зарим хүнсээ хангалттай бүрдүүлэх боломжтой байна. Нийлүүлэлт тасалдуулахгүй, үнийг тогтвортой байлгах үүрэг чиглэлийг өгсөн гэв. Гурил бол монголчуудын хамгийн их хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн. Өнгөрсөн жилийн хувьд салбарын яам, Засгийн газраас нэг бодлого баримталж ажилласан. Учир нь дотоодын улаан буудайг борлуулж дуусаагүй байхад гадаадаас улаан буудай оруулахыг хориглосон. Тиймээс энэ зун хүртэл гадаадаас улаан буудай оруулаагүй. Гадаадаас 40 мянган тонн улаан буудайг гурилын үйлдвэр, компаниуд авсан. Үнийн хувьд Засгийн газраас хатуу барьж тогтоохгүйгээр зах зээлийнхээ жамаар явдаг. Энэ жил ургацын хувьд илүү ургац авах төлөвлөгөөтэй учраас үнэ хэт өсөх хандлага гарахгүй. Хүнсний ногоог хадгалж, борлуулах тал дээр Засгийн газраас анхаарна.

ИРЭХ ХАВРААС ШҮЛХИЙН ВАКЦИНЖУУЛАЛТТАЙ ЦУГ ҮХЭР СҮРГИЙГ БҮРТГЭЛЖҮҮЛНЭ

Үхрийг паспорттой болгож, бүртгэлжүүлэх ажлыг хийснээр махыг нь экспортод гаргах боломжтой болно. Энэ жил төсөвт үхрийг ээмэгжүүлэх санхүүжилтийг тусгаагүй. Ирэх жил дөрвөн тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Ирэх хавраас шүлхийн вакцинжуулалттай цуг үхэр сүргийг бүртгэлжүүлнэ. Гэхдээ тав, зургаан аймагт Мал эмнэлгийн дэглэм бүхий эрүүл бүс гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Эрүүл бүсийн аймгуудад үхрийг ээмэгжүүлж, махаа үнэтэй экспортлох боломжтой болно. Олон улсын төсөл хөтөлбөрөөр энэ бүртгэлийг цахимжуулах ажлыг маш сайн суурилуулсан. Одоо төслөө хэрэгжүүлэх л үлдэж байгаа.

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ЭХНИЙ БАЙГУУЛАМЖУУД 2026 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Сангийн сайд Б.Жавхлан:

-Дорноговь аймаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн зогссон ажлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь шийдсэн асуудлаа Засгийн газрын шийдвэр болгон баталгаажууллаа. Газрын тосны үйлдвэрийн анхны санхүүжилт бол 2016 оны АСЕМ-ын үеэр Энэтхэгийн талаас манайд нэг тэрбум ам.долларын зээл өгөхөөр амласнаар эхэлсэн. Ингээд 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн УИХ-ын хурлаар 1.236 тэрбум ам.доллараар соёрхон баталсан. Харамсалтай нь УИХ-аар зээл батлагдмагц цар тахлын нөхцөл байдал үүсч, бүтээн байгуулалт саатсан. Төлөвлөж байсан хурдаар бүтээн байгуулалтыг хийж чадаагүй. Энэ оны нэгдүгээр сар гэхэд 1.236 тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг л манай тал авч хэрэглэсэн.

Гэтэл энэ оны нэгдүгээр сараас эхлээд аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, мөн хүүг төлж эхлэх ийм шаардлага үүссэн. Бид нэгдүгээр улиралд багтааж 64.5 сая ам.долларын үндсэн төлбөр хийх асуудал гэрээний дагуу үүссэн.

Өөрөөр хэлбэл 2016 оноос хойш таван жил өнгөрсөн. Дараагийн санхүүжилтийг хийх боломж байхгүй болсон. Дөрвөн хэсэг бүтээн байгуулалт маань эхний бүтээн байгуулалт нь санхүүжилтээс шалтгаалж гацаанд орсон. Тиймээс нэгдүгээр сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, яамдууд өөр өөрсдийн чиглэлээр үүрэг авч ажиллацгаасан. Манай яамны хувьд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах чиглэлээр Энэтхэг улсын "Экзим" банктай таван сарын хугацаанд хэлэлцээр хийсэн.

Монголд суугаа Энэтхэгийн Элчин сайд энэ тал дээр сайн дэмжиж ажилласан. Үүний үр дүнд бидний тавьсан гэрээний дагуу өөрчлөлтөө амжилттай хийлээ. Наймдугаар сарын 17-ны өдөр Энэтхэгийн банкны удирдлагууд Монголд ирэх үеэр гэрээнийхээ өөрчлөлтийг харуулсан. Ингэхдээ газрын тосны дөрвөн бүтээн байгуулалтын гэрээгээ тус тусад нь салгаж хийсэн. Аль нэгнээсээ хамаарахгүйгээр санхүүжилтээ авч, зэрэг ажлаа хийхээр шийдсэнээр бүтээн байгуулалтын ажилд саадгүй үргэлжилнэ. Тиймээс одоогоор баталсан 236 сая ам.долларын хэмжээнд гэрээ хийгээд цаашид үргэлжлүүлэхээр боллоо.

Дэлхий нийтээрээ инфляцид нэрвэгдэж байна. Тиймээс зээлийн гэрээний нэмэгдсэн дүнг УУХҮЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр оруулж, баталсны дараагаар зөрүү дүнг намрын чуулгаанаар хэлэлцэж, батласнаар төсөл цаашид бүтэн дүнгээрээ үргэлжлэх юм.

Монгол Улсын Сангийн яам, БНЭУ-ын "Экзим" банктай зээлийн хэлэлцээрийг шинэчлэснээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг саадгүй үргэлжүүлэх боломжтой боллоо. Улмаар дөрөвдүгээр багцын ажлыг эхлүүлэхээр болов. Ингэснээр 2026 онд эхний байгууламжууд ашиглалтад орж, 2027 оноос бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ.

АНУ-РУУ НИСЭХ ТИЙЗНИЙ ҮНЭ 1000-1500 АМ.ДОЛЛАР БОЛНО

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр улсын хэлэлцээрийг Засгийн газар баталлаа. Энэ оны хоёрдугаар улиралд багтааж нислэг үйлдэнэ. АНУ-руу нисэх тийзний үнэ 2000-4000 ам.доллар байдаг байсан бол шууд нислэг үйлдсэнээр тийзний үнэ 1000-1500 ам.доллар болно. Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр улдсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн баталлаа. Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилсан. Энэ үеэр "Опен скай" буюу АНУ-Монголын хооронд шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг байгуулсан. АНУ талаас өндөр ач холбогдол өгч, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Тээврийн сайд нар гарын үсэг зурж байгаа.

Өнгөрсөн 2002 оноос хойш шууд нислэгтэй болох асуудлыг АНУ талаас байнга тавьдаг байсан ч,  харамсалтай нь Монгол Улс хүлээж авдаггүй байсан. Бид холбогдох журмуудыг баталлаа.

Цар тахлын өмнө АНУ-руу 60 орчим мянган иргэн нисч, нийт 30-50 цаг зарцуулдаг байсан. Тийзний үнэ хамгийн багадаа 2-4 мянган ам.долларын үнэтэй байсан бол одоо шууд нислэгийн үнэ 1000-1500 ам.доллар байна. Харин нислэгт зарцуулах цаг 10-12 цаг буюу 3-4 дахин буурсан гэж ойлгож болно. Шууд нислэг үйлдэхэд АНУ-ын Иргэний нисэх байгууллагаас тодорхой шаардлага шалгуурыг тавьдаг. Энэ шаардлагыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэх чиглэлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Эхний ээлжид Сан франциско хот руу нислэг хийнэ Цаашдаа аль ч хот руу нисэхэд нээлттэй болж буй гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж