Владимир Путины хамгаалалтын албаны ажилтан асан Виталий Брижатый үзэж туулсан туршлагынхаа талаар “Radio free Europe” хэвлэлд ярьжээ. Тэр ОХУ-аас дүрвэсэн бөгөөд өдгөө Эквадорт амьдарч буй.
Холбооны хамгаалалтын албанд ажиллаж байсан Брижатый ОХУ-ын ерөнхийлөгчийг хувийн хамгаалагч нартаа ч итгэдэггүй, хэт түгших эмгэгтэй гэжээ. Тэр Крымийн өмнөд эрэгт байрладаг төрийн өмчит Олива гэх ордонд ажиллаж байсан. Түүний хэлснээс доор сийрүүлбэл “Путин Крымийн ордон руу хоёр өөр нисэх буудал дамжин ирж байгаа гэж зарладаг. Гэвч өөр замаар явах юм уу далайгаар ирэх магадлалтай. Путин өөрийн хамгаалалтын албандаа итгэх итгэл нь сул. Тэр амиа алдахаас их айж байна” гэжээ.
Холбооны хамгаалалтын албаны ажилтнуудыг Европын холбоо, АНУ, Украин дахь хамаатан садантайгаа харилцахыг хориглосон байдаг. Түүнчлэн дайныг эсэргүүцдэг хүмүүстэй ч харилцах хориотой.
Виталий Брижатыйн эхнэр Эквадорт ажиллах зөвшөөрөл авсны дараа тэр Оросоос зугтсан байна. Тэр Украин дахь дайныг эсэргүүцэж, Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэж байсан.
Виталий Брижатый нь албан тушаалаа орхисныхоо дараа Путиныг буруушаасан Холбооны хамгаалалтын албаны хоёр дахь офицер юм. Өмнө нь тус агентлагт тагнуулаар ажиллаж байсан Глеб Каракулов мөн Оросын удирдагчийн тусгаарлагдмал, гаж байдлыг шүүмжилж байв. Тэрбээр Путиныг “Галт тэргээр аялахыг илүүд үздэг. Галт тэрэг нь нууц хуваарийн дагуу явдаг” гэж хэлжээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ