Сурвалжлага: Дугаарын хязгаарлалтаас болж, улсын дугаараа солих нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2023.09.14-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Дугаарын хязгаарлалтаас болж, улсын дугаараа солих нь ихэсчээ

Сурвалжлага: Дугаарын хязгаарлалтаас болж, улсын дугаараа солих нь ихэсчээ

Хичээлийн шинэ жилийн эхний өдрүүдэд нийслэлийн автозамын ачааллыг бууруулахын тулд машины улсын дугаарын сүүлийн орноор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж буй. Уг зохицуулалт үр дүн дагуулж байгаа юу, анхаарах асуудал нь юу байв зэргийг тодруулах зорилгоор дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Авто тээврийн үндэсний төв(АТҮТ)-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс өгсөн мэдээллээр энэ оны наймдугаар сарын 31-ний байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 695,424 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 374,877 нь тэгш, 320,547 нь сондгой тоогоор төгссөн дугаартай.

Албан шийдвэрийн дагуу авто тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарснаас хойш иргэд бүртгэлтэй машиныхаа улсын дугаарыг солих тохиолдол ихэсчээ. Хэрэв дугаарын хязгаарлалтгүй зорчвол нийслэлийн авто замууд тэг зогсолт хийх эрсдэлтэй. Тиймээс хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор гурван долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг гаргасан.

АТҮТ: УЛААНБААТАРТ БҮРТГЭЛТЭЙ АВТОМАШИНЫ 54 ХУВЬ НЬ ТЭГШ ТООГООР ТӨГССӨН

Нийслэлийн хэмжээнд түгжрэлийг бууруулах гаргалгаа одоогийн байдлаар дугаарын хязгаарлалтаас өөр байхгүйг албаныхан мэдэгдсэн. Тиймээс цаашид тэгш, сондгой серийн хязгаарлалтыг үргэлжлүүлэх санал авахыг ч зарим хүн уриалж буй. Үүнтэй холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийн дугаар авах, солих иргэд нэмэгдсэн байна. АТҮТ-өөс өгсөн мэдээллээр Монгол Улсад 1,3 сая тээврийн хэрэгсэл байдаг бол үүний 695,424 нь нийслэлд бүртгэлтэй. Эдгээрийг улсын дугаарын сүүлийн орноор нь ангилан үзвэл,

  • 46 хувь нь сондгой (1, 3, 5, 7, 9)
  • 54 хувь нь тэгш (0, 2, 4, 6, 8) тоогоор төгссөн дугаартай гэсэн юм.

Автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан нь нэг талаар түгжрэлийг бууруулах гаргалгаа байж болох ч нөгөө талаар иргэдийг хясан боогдуулж буй зүйл гэдгийг ч зарим хүн хэлж байна. Гэхдээ цаашид одоогийн энэ шийдвэрийг үргэлжлүүлэхгүй гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төв(ЗХУТ)-өөс мэдэгдсэн.

ЗХУТ: ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ХИЙХГҮЙ ҮЕД ЦАГТ 9-10 КМ ХУРДТАЙ БАЙДАГ БОЛ ХЯЗГААРЛАЛТ ХИЙСНЭЭР ЦАГТ 20 КМ ХУРДТАЙ БАЙНА

Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа энэ үед зайлшгүй зохицуулалт хийх болсон талаар нийслэлээс мэдээлсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн сараас /2023.08.26/ тэгш, сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд хязгаарлалттай оролцож буй. Ингэснээр түгжрэл тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлттэй байгаа учир дугаарын тэгш, сондгойгоор зорчих хөдөлгөөнийг сунгах эсэх талаар яригдаж байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЗХУТ-ийн дарга Н.Намуугаас тодрууллаа.

Тэрбээр, цахим хуудас болон зарим мэдээллийн хэрэгслээр улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын хугацааг сунгах талаар мэдээлэл гарсан. Тус шийдвэр албажиж гарсан 20 хоногийн хугацаанд л хэрэгжинэ.

Хэрэгжилтийг сунгахгүй бөгөөд иргэд, албаныхнаас үүнтэй холбоотой санал аваагүй.

Тиймээс зохицуулалт энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ. Түгжрэлийг бууруулах бусад зохицуулалтыг холбогдох алба, хэлтэс хийж ажиллана гэлээ.

ЗХУТ ОНӨТҮГ-ын захирал С.АДЪЯАСҮРЭН:

-Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарсан. Нийт 20 хоног дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөний ачааллыг зохицуулна. Наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж байгаа.

Захирамжид:

  • Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
  • Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгасан.

Өнгөрсөн жилийн үр дүнгээс харахад тэгш, сондгой дугаараар автомашин хөдөлгөөнд оролцох нь ачаалал хоёр дахин багасдаг болох нь тогтоогдсон. Тухайлбал, дугаарын хязгаарлалт хийхгүй үед цагт 9-10 км хурдтай байдаг бол хязгаарлалт хийснээр цагт 20 км хурдтай байгаа юм.

ИРГЭД ХИЧЭЭЛ, СУРГУУЛЬ ЖИГДРЭХ ХҮРТЭЛ ТЭГШ, СОНДГОЙ ХЯЗГААРЛАЛТ ҮР ДҮНТЭЙ ГЭВ 

Иргэдийн зүгээс, жил бүрийн өдийд түгжрэл ихэсч, тэг зогсдог. Энэ жил дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцож байгаа нь үр дүнтэй байна. Хэдийгээр 20 хоног ч гэсэн хичээл, сургууль жигдрэх хүртэл замын хөдөлгөөнийг ийн зохицуулж байгаа нь зөв гэлээ.

Мөн тэгш, сондгойгоор автомашиныг хөдөлгөөнд оролцуулснаар төв замаас бусад замуудад түгжрэл сийрэг байгааг онцолж байлаа.

Үүнээс гадна түгжрэл бууруулах нэрийдлээр жил бүрийн намар түр зуурын зохицуулалт хийж, иргэдийг дасгадаг байдлыг болихыг албаныхнаас хүссэн. Өнгөрсөн жилүүдэд хичээлийн шинэ жилийг угтаж авч хэрэгжүүлж байсан түр хугацааны хязгаарлалтыг авч үзвэл:

2020 оны хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

  • Тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны наймдугаар сарын 29-ний Бямба гарагт
  • Сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны наймдугаар сарын 30-ний Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.

2021 оны хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

  • Тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны наймдугаар сарын 28-ний Бямба гарагт
  • Сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны наймдугаар сарын 29-ний Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцож байсан.

2022 онд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

  • Долоо хоногийн хугацаанд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцож байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж