ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг 2036 он хүртэл төрийн эрхэнд үлдэх боломжийг олгосон тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт нь хууль ёсны эсэх талаар санаа зовж байгаагаа Хууль зүйн асуудал, хүний эрхийн асуудлаарх Европын зөвлөлийн Парламентын ассамблей илэрхийлэв.
Москва нь 2020 оны долдугаар сард ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хязгаарлалтыг хасч, Путин 2036 он хүртэл буюу 83 нас хүртлээ төрийн эрхэнд байх боломжтой болсон.
"Ерөнхийлөгчийн хэт урт хугацааны бүрэн эрх, сул парламент, хараат шүүх, чөлөөт бус хэвлэл мэдээлэл, идэвхгүй иргэний нийгэм зэрэг хяналт, тэнцвэргүй байдлын үр дүнд бий болсон ерөнхийлөгчийн асар их эрх мэдэл нь ОХУ-ыг де-факто дарангуйлал болгосон" гэж парламентын гишүүд хэлэв.
"Украины эсрэг Оросын түрэмгийлэл, түүний үр дагавараас харахад "дарангуйлал нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, хөрш орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолд заналхийлж байгааг" харуулж байна. Тиймээс "ОХУ-д ардчиллыг сэргээх нь юуны түрүүнд Оросын ард түмэн төдийгүй Европ болон дэлхийн бүх нийтийн ашиг сонирхолд нийцнэ" гэж тус хороо дүгнэв.
Мөн Крымийг хууль бусаар Москвад нэгтгэж, Донбаст дайн хийж, MH17 онгоцыг сүйрүүлсэн зэрэг үйлдлүүдийнх нь төлөө ОХУ-ын удирдлага, тэр дундаа ерөнхийлөгч Путинд хариуцлага тооцох олон улсын тусгай шүүх байгуулахыг дэмжиж байгаагаа дахин тус ассамблей нотолжээ. Энэ асуудлаар ирэх сард бүрэн хэмжээний мэтгэлцээн, хэлэлцүүлэг явуулахаар тогтсон байна.
Европын зөвлөлийн гишүүн болон ажиглагч орнуудын Хууль зүйн сайд нар ОХУ-аас Украинд хийсэн түрэмгийлэлд иж бүрэн хариуцлага хүлээлгэх, хохирсон бүх хүмүүст нөхөн төлбөр олгох зорилгоор хэд хэдэн зарчмыг (Ригагийн зарчим) тодорхойлсон тунхаглалыг батлав.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ