Номхон далай дамнасан хэлэлцээ: Ногоон эрчим хүч

Хуучирсан мэдээ: 2023.09.13-нд нийтлэгдсэн

Номхон далай дамнасан хэлэлцээ: Ногоон эрчим хүч

Номхон далай дамнасан хэлэлцээ: Ногоон эрчим хүч

“Ньюс” агентлагийн сурвалжлагч Ж.Нямсүрэн Сөүл хотоос мэдээлж байна.


Сөүлийн “Плаза” зочид буудлын “Гранд Болл рүүм” танхимд, монголчуудын “Гэр бүл” киногоор нь эчнээ таних жүжигчин Ча Ин Пёо индэр дээр гарч ирлээ. Тэрбээр энэ удаад кино жүжигчний хувиар биш  Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээрийн өргөмжит элчийн үүднээс ногоон эрчим хүч, тогтвортой хөгжлийн бодлогын талаар үг хэлсэн юм.

“Бан Ги Мүн” сан болон Стэнфордын их сургуулиас жил болгон Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулга уулзалтыг зохион байгуулдаг агаад энэ жилийнх нь сэдэв: Эрчим хүчний аюулгүй байдал.

Эрчим хүчний аюулгүй байдал өнөө цагт улс орнуудын үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон. Шинэ хот, шилэн байшингуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ даган өссөн. Тэрчлэн Украины эсрэг өдүүлсэн Оросын дайнаас улбаатай улс орнуудын хэрэглэж буй эрчим хүчний үнэ “тэнгэрт хадаж” байна.

Гэх мэтчилэн дэлхий нийтэд эрчим хүчний хомсдол үүссэн. Эрчим хүчний хомсдолын нөхөхийн тулд ногоон эдийн засгийг хөгжүүлэх шаардлагатайг хуралд оролцогчид хэлж байв.

Энэхүү хуралд Монголоос УИХ-ын дарга Г.Занданшатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар оролцож байна. Хуралд модератороор оролцож буй Нобелийн шагналтан /1997 оны физикийн/ Стивэн “Агаар мандалд байгаа хүлэмжийн хий ялгарал бол нэг ёсондоо байгалийн хорт хавдар юм. Хүний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж байна. Ялангуяа хоол хүнс, хүнсний хог хаягдал нь барилга байгууламжаас илүү хүлэмжийн хийг ялгаруулж байна. Жимс, жимсгэнээс эхлээд хүмүүс бидний иддэг хоол хүнсний дийлэнх нь бордоо байдаг” гээд цэвэр /ногоон/ эрчим хүчний талаар ямар байр суурьтай байгааг Бан Ги Мүнээс асуулаа.

Бан Ги Мүн: Эдийн засгийн хөгжил байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэж үзэж болохгүй. Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд цаг уурын элементүүдийг анхаарах нь зөв. Бид 2003 оноос хойш цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дөрөв дахин нэмэгдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд дэд бүтэц, нийтийн тээврийн салбарын хөгжилд тодорхой хөрөнгө оруулалт хийлээ. Цаашдаа эрчим хүч, нийтийн тээврийн шинэчлэлд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн хийнэ. Хөрөнгө оруулалтын хэмжээг тэрбум ам.доллараас их наяд ам.доллар болгож өөрчлөх хэрэгтэй. Бид хандивлагч орнуудаас санхүүжүүлж хөрөнгө босгодог. Сүүлийн жилүүдэд дэлхийд өвчин тахал, геополитикийн сөргөлдөөн, байгалийн гамшигт нэрвэгсдэд зориулж асар их мөнгө шаардагдаж байна. Үүнээс болж хандивлагчид стресст ордог. Энэхүү хөрөнгө оруулалтыг бид өвөг дээдсээсээ өвлөж аваагүй, ирээдүй шинэ үеийнхнээс зээлж авч байна.

Стивен Чу: Обамагийн засаг захиргааны үед урт хугацааны баталгаатай хөтөлбөр нь цэвэр эрчим хүчний салбарт хүрсэн. Улс төр энэ хөтөлбөрийг үзэн яддаг байсан ч урт хугацаанд энэ хөтөлбөр "Tesla"-г аварсан.

Бан Ги Мүн: Уур амьсгалын өөрчлөлт улс төртэй ямар ч холбоогүй. Дэлхий нийт 2050 он гэхэд хүлэмжийн хийг бууруулах хэрэгтэй. Зөвхөн дотоодын асуудлаа харах биш энэ бол миний ертөнц, миний дэлхий, миний ирээдүй гэж улс орнууд харах ёстой.

Г.Занданшатар: Харилцан уялдаатай эдийн засгийн хамааралтай эрин үед эрчим хүчний нөөцийн хүртээмж, боломжит болон тогтвортой байдал нь бидний одоо ба ирээдүйг тодорхойлох гол чухал хүчин зүйл болж байна. Манай дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн хурцадмал байдал, эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа тул эрчим хүчний аюулгүй байдлын тухай ойлголт улам бүр нарийн төвөгтэй асуудал болсон. Монголтой адил олон орон эрчим хүчээ импортоор хангадаг бөгөөд энэ нь эрчим хүчний түгээх сүлжээг тасалдуулж болзошгүй юм. Дэлхий даяар сая сая хүмүүс найдвартай, хэмнэлттэй эрчим хүчний хүртээмжгүй болж, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн боломжийг хязгаарлаж байна. Эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлснээр бид эрсдэлээс хамгаалагдана. Цөм, байгалийн хий, метан хий, устөрөгч зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэр, технологийг эх үүсвэрийн хүч чадлын тэнцвэрт байдалд тохируулан судлах судалгааг эрчимжүүлнэ. Тиймээс эдгээр салбарт хамтран ажиллах бүхий л боломжийг эрэлхийлж, ногоон технологид шилжих зорилт дэвшүүлж байна. Европын холбооноос гаргасан судалгаагаар газрын ховор металлын эрэлт 2030 он гэхэд зургаа дахин, 2050 он гэхэд долоо дахин, литийн хэрэгцээ 2030 он гэхэд 12 дахин, 2050 он гэхэд 21 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол Улс ашигт малтмал, эрчим хүч, тээвэр ложистикийн сүлжээ, гуравдагч зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаа” гэлээ.

Эрчим хүчний аюулгүй байдлын талаар УИХ-ын гишүүн асан, Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюун илтгэл тавьсан юм. Тэрбээр “GCF-ийн эрчим хүчний аюулгүй байдал нь эрчим хүчийг хэрхэн ашиглах тухай юм.  Цэвэр эрчим хүчний хүртээмжийг хэрхэн хямд болгох вэ. Учир нь, 675 сая хүн цахилгаангүй хэвээр байна. Уур амьсгалын өөрчлөлт нь тэдний амьдралд улам их аюул учруулах болно. Эрчим хүчний салбарт 3.8 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Санхүүгийн хүртээмж нь сорилт юм. Хөгжиж буй орнуудад зохицуулалт, технологийн шинэчлэлт зэрэг асар том саад бэрхшээлүүдтэй нүүр тулдаг” гэлээ.

Энэхүү чуулга уулзалтаар олон улсын тавцан дахь геополитикийн хямрал, сөргөлдөөн эрчим хүчний хангамж, найдвартай сөргөөр нөлөөлж буйг ярилцах юм. Улс орнуудын хувьд эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, хамгаалах нь нэгдүгээр асуудал болсон. Монгол Улс ч айлаас гал гуйхын хэцүү зовлонг амсч яваа. Тиймээс эрчим хүчний үйлдвэрлэлээ өргөжүүлэх, аюулгүй байдлаа хангахын тулд Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласан агаад үнийн хоёр эрчим хүчний бодлогоо тодорхойлсон. Хойно, урдаа хоёр том “хаан”-тай монголчуудын хувьд эрх чөлөөг нь хамгаалах хамгийн чухал зүйл нь эрчим хүчний эрх чөлөө юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж