Японы ерөнхий сайд Фүмио Кишида гадаад харилцаа, батлан хамгаалахын сайд нараа солих гэж байгааг "NHK" телевиз мэдээлэв. Кишида Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, унаж буй рейтингээ сайжруулахыг хичээж байгаа талаар мэдээлжээ.
"NHK"-гийн мэдээлснээр, Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяшигийн орыг Ёко Камикава авах гэнэ. Ёко Камикава өмнө нь Хууль зүйн сайдаар ажилласан туршлагатай бөгөөд 1995 онд Токиогийн метронд зарин хийгээр халдлага үйлдсэн Аум Шинрикёгийн шашны удирдагчийг цаазлах ажиллагааг удирдсан хүн.
Ёко Камикава засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд багтах таван эмэгтэйн нэг байх болно гэж "NHK" мэдээлсэн. Одоогийн засгийн газрын хоёр нь эмэгтэй сайд. Дэлхийн эдийн засгийн форумын жендэрийн тэгш байдлыг хэмжсэн тайланд Япон улс 2023 онд 146 орноос 125-д жагссан бөгөөд ялангуяа улс төрийн түвшинд эмэгтэйчүүдийн чадавхи муутай байна.
Харин Минорү Кихара нь Батлан хамгаалахын сайд Ясүказү Хамадагийн оронд томилогдоно. Минорү Кихара одоогоор Япон-Тайваны парламент хоорондын бүлгийг тэргүүлж байна. Түүнчлэн Шигеюки Готогийн оронд эрх баригч намын хууль тогтоогч Ёшитака Шиндо эдийн засгийн сайд болно.
Засгийн газрын бусад гол сайд нар албан тушаалдаа үлдэж байгаа нь эдийн засгийн бодлогод эрс шинэчлэл хийхгүй гэсэн дохио юм. Сангийн сайд Шуничи Сүзүки, Аж үйлдвэрийн сайд Ясутоши Нишимура нар үлдэхээр болсон гэж "NHK" мэдээлэв.
Мөн Хироказү Мацшно нь Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга хэвээр байх бөгөөд энэ нь засгийн газрын гол төлөөлөгч байх, яамд хоорондын бодлогыг зохицуулах гол албан тушаал юм. Шинзо Абэ, Ёшихидэ Сүга нар Ерөнхий сайд болохоосоо өмнө энэ албан тушаалд ажиллаж байсан. Сүүлийн үеийн санал асуулгын дүнгээс харахад, хоёр жил хүрэхгүй хугацааны өмнө ерөнхий сайд болсон Кишидагийн рейтинг муу байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ