Нисэх-Яармаг-Энхтайваны гүүр чиглэлийн замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг саадгүй зорчуулах үүднээс цагаан хашлага байрлуулсан. Ингэснээр нийтийн тээврийн хурд нэмэгдэж, иргэд хувийн унаанаас татгалзана гэдгийг албаныхан хэлж буй.
Тэгвэл 950 сая төгрөгийн үнэтэй нийт 12700 метр урт хашлагыг замын нэгдүгээр эгнээг тусгаарласан. Үүнээс Яармагийн зам дээр 3000 метр орчмыг тавьсан. Өртөг нь 200 орчим сая төгрөг болж, "Улаанбаатар зам засвар арчилгааны газар" хийж гүйцэтгэжээ.
Энэ талаар Түгжрэл бууруулах нэгжийн захирал Ч.Батзоригоос тодруулахад "Нэгдүгээр эгнээг тусгаарласан хаалтын худалдан авалтын талаар мэдээллийг Улаанбаатар зам засвар арчлалтын газраас авлаа. Нийт 12700м хайсыг 950 сая төгрөгөөр худалдан авсан. Үүнээс Яармагийн зам дээр 3000м орчмыг тавьсан. Өртөг нь 200 орчим сая төгрөг болсон юм билээ. Үлдсэн цагаан хашлагыг хэрэгцээтэй замын хэсэгт байрлуулна.
Тэр ажлыг "Улаанбаатар зам засвар арчилгааны газар" хийж байгаа. Би зөвхөн ажлын хэрэгжилтийг ярьдаг хүн. Зам засвар арчилгааг "Улаанбаатар зам засвар арчилгааны газар", замыг нийслэлийн Замын хөгжлийн газар, камерыг Цахим хөгжлийн газар, автобусыг нийслэлийн Нийтийн тээврийн газар нь хийнэ.
"Улаанбаатар зам засвар арчилгааны газар" замын хашлага хайс хийх ажлыг хариуцаж, зохион байгуулдаг. Энэ газар худалдан авалтыг нь хийж, компанийг нь шалгаруулсан. Би худалдан авсан хашлагыг Улаанбаатар зам засвар арчилгааны газар байрлуулаад байгаа юм биш. Би тодруулахад өмнө нь дотооддоо хашлага захиалж хийлгэдэг байсан бол хурдан хугацааны ажлыг бэлэн худалдан авалтаар хийсэн гэдэг хариултыг өгсөн" гэв.
БНХАУ-ын тээврийн онлайн дэлгүүрээр нэг метр өндөр, гурван метр урттай замын хашлага 19-99 ам.доллар буюу 65-345 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэвч замын цагаан хашлагын нэгж үнэ нь хэдэн төгрөг байсан бэ гэдэг асуултад хариулах албаныхан олдохгүй байна.
Өмнө нь 2019 онд төв замд байрлуулсан төмөр хашлагыг нийслэлийн засаг даргын захирамжаар 4850 ширхгийг 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолж, олны шүүмжлэл дагуулж байсан. Тухайн үед дотоодын үйлдвэрлэгчид дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр 200 сая төгрөгөөр үйлдвэрлэх бүрэн боломжтой байсан гэдгийг хэлж байсан удаатай. Гэвч ийм хариуцлагагүй үйлдэл давтагдаж, албаныхан хотын түгжрэлийг шийдэх нэрийдлээр төсвийн хөрөнгийг үргүй зарсан хэвээрээ.
Холбоотой мэдээ