Сурвалжлага: МУИС-ийн байрыг нурааж, 7 давхар болгон шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.13-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: МУИС-ийн байрыг нурааж, 7 давхар болгон шинэчилнэ

Сурвалжлага: МУИС-ийн байрыг нурааж, 7 давхар болгон шинэчилнэ

Их сургуулийн гудамжинд хүний хөл тасрахгүй. МУИС-ийн төв байртай залгаа орших шар ягаан хосолсон гурван давхар байшинд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль байлаа. 64 жилийн түүхтэй тус сургуулийн байрыг өдгөө нураагаад эхэлжээ. Ширээ, сандал харагдсангүй. Эл хуль байх нь цаанаа л нэг уйтай харагдана.

Цагтаа энд оюутнуудын инээд цалгиж, эрдэмтэн багш нарын цуваа үргэлжилсэн газар байлаа.

Өөрөөр хэлбэл, эгэл саарал энэ байшингаас улсдаа урдаа барьдаг эрдэмтэд, судлаачид төрөн гарсан. Тэдний оюутны ширээнд өнгөрүүлсэн нандин дурсамж энэ байшинтай хамт удахгүй “арчигдахад” хүрчээ.  Энэ хичээлийн жилээс эхлэн тус сургуулийн хичээлийн III дугаар байрыг шинэчлэн барихаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүднээс кино үйлдвэрт байрлах Улаанбаатар сургуулийн хичээлийн байранд түр хугацаагаар хичээллэх шийдвэрийг гаргажээ. Харин Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийг МУИС-ийн долдугаар байранд бүр мөсөн нүүлгэжээ.

Сануулахад, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол өнгөрсөн оны есдүгээр сард болж байжээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1957 онд Хууль зүйн их дээд сургууль байгуулах тогтоол гарч, 1960 оны есдүгээр сарын 1-ний өдөр Нийгмийн ухааны факультетын дэргэд анхныхаа хичээлийг орж байсан түүхтэй. Улмаар 1970-аад онд хуулийн салбар өргөжин тэлж, 1993 онд Хууль зүйн факультетыг байгуулж, түүнээс хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн байр нь МУИС-ийн 3Б байр болсон түүхтэй. Гэвч хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсноор нураах асуудлыг олон жилийн өмнөөс ярьжээ. Иймээс тус сургуулийн багш, ажилтны ажиллах орчныг сайжруулах, оюутан суралцагчдын боловсрох нөхцөлийг хангах зорилгоор орчин үеийн шийдэлд нийцсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилга барихаар төлөвлөжээ.

“МУИС-ИЙН ШИНЭ ХИЧЭЭЛИЙН  БАЙР 2 ЖИЛИЙН ДАРАА АШИГЛАЛТАД ОРОХ БАЙХ”

 МУИС-ийн Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал профессор Ч.Энхбаяраас тодрууллаа.

-МУИС-ийн хичээлийн III дугаар байрыг хэзээнээс нураах шийдвэр гарсан бэ. Одоо ямар явцтай байна вэ?

-МУИС-ийн хичээлийн III дугаар байр 1956 онд баригдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл, аюулгүй орчны шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Бид багш, ажилтан, оюутнуудаа эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, суралцуулах ёстой. Хичээлийн III дугаар байранд хоёр сургууль байсан. Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль (хуучин нэрээр). Тус байр нь хуучирч, дахин шинээр байр барих асуудал олон жил яригдсан. Барилга хоёр блоктой. Хууль зүйн сургуулийн барилгын ажил гэрээ нь 2022 онд хийгдээд, одоо зураг төсөв нь экспертизээр ороод явж байна. Барилгажих талбайгаа чөлөөлсөн. III дугаар байрыг бүхэлд нь барина гэдэг утгаар нөгөө блокийн санхүүжилт буюу барилгын үлдэгдэл санхүүжилтийг төрөөс дэмжиж улсын төсөвт суулгасан.

Өөрөөр хэлбэл, манай сургуулиас Б блокийн санхүүжилтийг гаргаж, А блокийн санхүүжилтийг 2023 оны улсын төсөвт суулгасан гэсэн үг.

Монголын ууган их сургуулийн шаардлага хангахгүй хуучин барилгыг төрөөс дэмжээд бариад өгье гэж байгаа нь маш сайхан боломж шүү дээ. Барилгыг актлуулах, олон төрлийн зөвшөөрөл авах, үйл ажиллагаа явуулж байсан сургуулиудыг нүүлгэж байрыг чөлөөлөх зэргээр ажиллагаа ихтэй, цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан амаргүй ажил. Хавар 3-р байрыг актлах зөвшөөрөл холбогдох байгууллагаас гарсан. Актлах зөвшөөрөл гарч байж буулгах, барих тендер нь зарлагдсан. Тендерийг Боловсролын ерөнхий газраас  зарлаад гүйцэтгэгч компани нь шалгарсан. Хичээлийн 3-р байранд байсан хоёр сургууль маань бүрэн нүүж дууссан. А блокийн хувьд буулгалтын зөвшөөрөл авахаар гүйцэтгэгч компани холбогдох байгууллагад хандсан. Буулгалтын зөвшөөрөл нь гармагц дараагийн ажлууд эхэлнэ.

-Барилгын ажил хэзээнээс эхлэх вэ? Мөн дуусах хугацааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Б блокийн барилга эхлэх зөвшөөрөл нь энэ долоо хоногт гарчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Тиймээс энэ намартаа багтаад Б блокийн суурийн ажил хийгдэнэ.

-Нийт хэчнээн давхар сургууль барих вэ?

-Зоорины  давхартайгаа нийлээд 7 давхар.

-Сургуулийг нүүлгэснээр оюутнуудын эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа вэ. Оюутнууд хаана суралцаж байгаа талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?  Ялангуяа Хуулийн сургуулийн оюутнууд 14 хоног цахимаар хичээллэж байгаа гэх мэдээлэл бий?

-Хоёр сургууль нүүлгэж байгаа учраас нилээд нүсэр ажил болсон. Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль МУИС-тай нэгдсэн болохоор хичээлийн долдугаар байранд болон 8-р байрны нэг хэсэгт ХШУИС-ийн 3 тэнхим буюу шинэ бүтцээр Мэдээллийн технологи, электроникийн сургууль нүүж орсон. Инженер технологийн сургууль нэгдүгээр байранд үлдсэн. Ер нь бүхий л боломжоо ашиглан байрлуулж байгаа. Тиймээс хэдийгээр амаргүй ч гэсэн багш оюутнуудад учрах хүндрэл бэрхшээл нь харьцангуй бага байгаа болов уу гэж бодож байна.

Хууль зүйн сургуулийн тухайд гэвэл Улаанбаатар сургууль руу бүхэлдээ нүүсэн. Улаанбаатар сургууль нэлээд их засвар хийх шаардлагатай обьект байсан. Тэнд сантехникийн, барилгын гээд маш олон засвар хийж байж сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдахаар байгаа. Бид энэ чиглэлд ч мөн анхаарч цаг наргүй ажилласан гэж хэлж болно. Төсвийн тодотгол хийх, дээрээс нь холбогдох байгууллагаас зөвшөөрөл авдаг учраас хугацаа нэлээд орсон. Гэсэн хэдий ч ямар ч байсан тендерээ шалгаруулаад барилгын засвар дуусаад сантехникийн засвар нь арай дуусаагүй байдалтай байна. Тиймээс эхний 15 хоногт хичээлээ цахимаар явуулж байгаа.

-Барилгын төсвийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Б блокийн барилгын төсөв 12 орчим тэрбум төгрөгийг манай сургуулиас санхүүжүүлнэ. Уг барилгын үлдэгдэл санхүүжилт нь улсын төсөвт тусгагдсан.

Одоо бидний зүгээс шалгарсан компани нь  ажлаа шуурхай, хугацаанд нь чанартай сайн хийгээсэй л гэж хүсч байна, Манай талаас ч захиалагчийн хяналт тавигч байгууллагатайгаа хамтран хяналтаа сайн тавьж ажиллана. Ингэж чадах юм бол 2 жилийн дотор барилга маань ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байгаа.

"МУИС-ИЙН УДИРДЛАГУУД ОЮУТНУУДАД ЭЭЛГҮЙ ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭВ"

МУИС-ийн III дугаар байрыг нураах шийдвэрийг багш оюутнууд олон янзаар хүлээн авсан. Тэдний байр суурийг сонсоход нураах шийдвэрийг дэмжихгүй байгаагаа хэлж байна. Энэ талаар оюутан О хэлэхдээ “МУИС нь 5-6 хичээлийн байртай. Нэг хичээл завсарлахад бид нэг сургуулиас нөгөө сургууль руу явах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл бид өөрсдөө хувиараа сонгодог учраас завсарлагааны минутдаа өөр сургууль руу явж амждаггүй. Хуулийн сургуулийг нураагаад Улаанбаатарын сургууль руу шилжүүлнэ гэхэд хичээл сонголтод маш их маргаан үүссэн. 10 минутад яаж Жуковт байгаа сургууль руу явах вэ гэдэг асуудал үүссэн. Энэ сургуулийг нураахын оронд хичээл хийхэд хүндрэлтэй лекцийн танхимуудад засвар хийгээсэй. Агааржуулалт байдаггүй, ширээ сандал стандарт бус, өвөл нь дааруулдаг гэхчлэн асуудал зөндөө байдаг.

Эдгээр асуудлаа сайжруулахгүй байж сургуулийг нураана гэдэг нь бид нарт хохиролтой. Энэ бол оюутнуудаа бодоогүй шийдвэр гэж бодож байна” гэж ярилаа.

Оюутан Б “Манай хичээлийн байрыг нураах болсонтой холбогдуулаад Худалдаа аж үйлдвэрийн сургуулийн байр рүү нүүсэн. Хичээл хоорондын завсарлагаа 10 минут байдаг. Хичээлийн нэгдүгээр байр хүртэл 10 минутад амжиж чаддагүй. Энэнээс болоод хичээлээс хоцордог. Багш нар хоцорлоо гээд дургүйцдэг. Хэсүүчилж хичээлдээ суудаг” гэлээ. Харин оюутан А-ийн хэлснээр “МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль нь маш олон жилийн үүх түүхтэй. Энэхүү сургуулийг нураана гэдэг нь өөрсдийн түүх, өнгөрсөнд туулж өнгөрүүлсэн замналаа үгүйсгэж буйтай адил. Энэхүү шийдвэрийн дагуу манай сургуулийн оюутнууд хол хичээлдээ орж байгаагийн улмаас хоцрох асуудал гарч байна. МУИС нэг сургуулийг шинэчилж барих төсвөөрөө оюутнууддаа тав тухтай орчныг бүрдүүлж техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад зарцуулаасай гэж хүсч байна” гэлээ.

"ХОТЫН ТӨВД ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГУУД ХУРУУ ДАРАМ ҮЛДЛЭЭ"

Нөгөө талаас нь харвал асуудал МУИС-даа ч биш юм. Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилгууд хумигдаж байгааг хэн хүнгүй мэднэ. Саяхан Санхүү эдийн засгийн дээд сургуулийн байрыг нураасан. Түүнчлэн одоогоос хэдэн жилийн өмнө Байгалийн түүхийн музейн барилгыг нураасан нь олны шүүмжлэлийг дагуулж байлаа.

Энэ мэтчилэн хотын төвдөө түүх дурсгал, архитектурыг илтгэх барилга цөөхөн болжээ. Эдгээр барилга Улаанбаатар хотын түүхийг илтгэдэг. Үүнээс гадна хотын ансамблийн буюу Төрийн ордон, МУИС-ийн барилга, Байгалийн түүхийн музей, Дуурь бүжгийн эрдмийн театр нь тухайн цаг үеийн хот төлөвлөлтийн хосгүй шийдэл гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Хэдийгээр МУИС хичээлийн байраа өргөтгөх нь зүйн хэрэг ч хотын дурсгал, хот төлөвлөлт талаас нь харвал даанч харамсалтай.

Хотын төвдөө Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилгууд хуруу дарам үлдэж, бетонон ширэнгэн дунд оршихоос өөр зам бидэнд үлдсэнгүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
8
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж