Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа талаар Эдийн засаг хөгжлийн сайд болоод Сангийн сайд мэдэгдсэн. Эдийн засаг өссөн шалтгааныг юу гэж дүгнэж байна?
-Эдийн засгийн өсөлт өмнөх онуудтай харьцуулахад харьцангуй боломжийн байна. Манай улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувь агшаад дараа жил нь 1.4 хувийн өсөлт төдий байсан. Өнгөрсөн жил 4.8 хувийн өсөлттэй гарсан. ДНБ хэмжээ 2019 онд 37.8 их наяд байсан бол 2022 онд 52.8 их наяд төгрөгт хүрсэн гэж эрх баригчид гайхуулж байсан. Харамсалтай нь, 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцвол манай улсын ДНБ 2019 онд 27.9 их наяд байсан бол 2022 онд ердөө 28.4 их наяд буюу 2019 оныхоо хэмжээнд байсан гэсэн үг. Энэ хооронд хүн ам мэдээж өссөн байгаа. Бодит байдал дээр ийм байхад иргэдээ хэдэн тоогоор хуурах нь явуургүй асуудал. Тэгвэл 2022 оны ДНБ-ний 24 их наяд төгрөг хаачив гэдэг асуулт гарна даа. Эрх баригчдын монгол төгрөгийг хэрхэн үнэгүйдүүлсэн хэмжээ гэж ойлгож болно. Төсөв, мөнгөний бодлого хэрхэн уялдаагүй явсан, монгол төгрөг хэрхэн цаас болсныг харуулах маш тааруу үзүүлэлт юм. Энэ нь иргэдийн халаасаар дамжин ядуу иргэдийн тоо өсөж, Монгол Улсад дундаж давхрага үгүй болсныг харуулах муу үзүүлэлт. Харамсалтай нь, эрх баригчид өөрсдийгөө дөвийлгөж “хөөстэй тоо”-гоор иргэдээ молигодож байгаа хэрэг. Өнөөдөр ч байдал тийм сайжирчихсан зүйл огт алга. Нүүрс биет хэмжээ болон үнийн хэмжээ өндөр байгаа нь эрх баригчдын гайхуулах сэдэв болж. Урд хөршийн эдийн засаг олон улсад сэтгэл зовоох асуудлын нэг болсоод байгаа. Хятадад үл хөдлөх хөрөнгийн болон банк санхүүгийн салбар, залуусын ажил эрхлэлт, юанийн ханшийн сулрал гээд асуудлууд ар араасаа босож байна.
Тиймээс нүүрс үргэлж өндөр үнэтэй байхгүй гэдэг түгшүүрийг ойлгож байгаа хүн эрх баригчид дотор өнөөдөр лав алга. Өөрсдөө нүүрс үүрээд гаргачихсан мэт гайхуулж байгаа харагдсан. Дахин хэлье, эдийн засгийн өнөөгийн өсөлт бол ердөө түүхий эдийн үнийн хөөсрөл шүү.
-Долдугаар сарын 1-ний өдрөөс Биржийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн гэдгийг хэлж байна. Энэ оны эхний найман сарын байдлаар хилээр гарсан нийт нүүрсний хэдэн хувийг биржээр худалдаалсан байна вэ?
-Аливаа шинээр эхлүүлж буй ажилд эерэг, сөрөг үр дагавар гарах нь дамжиггүй. Уул уурхайн бирж гэдэг нь олон худалдагч, худалдан авагчийг цуглуулаад нээлттэй дуудлага худалдаагаар бараа бүтэгдэхүүнээ арилжих явдал. Хамгийн гол нь үйлдвэрлэгчид ба эцсийн хэрэглэгчид оролцдогоороо онцлог. Бид уурхайн амнаас худалдаа хийх нэрээр олон жил алдагдалтай ажилласан. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн хоёр жил коксжих нүүрс 400-600 ам.долларын хооронд хэлбэлзсэн. Гэвч бид нар аман дээрээс нь 60 ам.доллароор зарж байсан. Ийнхүү эдийн засгаа сэргээж, ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх сайхан боломжоо алдчихсан. Үнэхээр харамсалтай. Нүүрсний үнэ асар өндөр, орлого олох боломжтой үед эдийн засгаа элгээр нь хэвтүүлээд зогсохгүй нэг хүнд оногдох гадаад өр 33 сая төгрөгт хүрчээ. Ам.долларын ханшаа 80 хувь алдаж, өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ нугарч өслөө.
Иргэдийн амьдрал нийтээрээ хүндэрч Монголд дундаж давхарга бараг устлаа. Энэ бол нүүрсээ хямдаар зарж, дундаас нь унац унагааж байсан цөөн хэдэн эрх баригчид ийнхүү улсаараа тоглолоо. Нүүрсийг биржээр худалдаж эхэлсэн нь ядахдаа хулгайд цэг тавих болов уу гэж горьдож байгаа.
Уул уурхайн биржийн тухай хуулийг долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн үр дүнд биржээр худалдах нүүрсний хэмжээ, үнэ тодорхой хэмжээнд өссөн нь үнэн. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд найман сарын байдлаар нийт 4,966,000 тонн нүүрсийг нээлттэй арилжсан. Үүнээс 3,110,000 тонн нүүрсийг цахим арилжаагаар, 1,856,000 тонн нүүрсийг уул уурхайн бүтээгдэхүүний биржээр тус тус арилжсан байна. Энэ нь тийм сүрхий тоон үзүүлэлт ч биш юм.
"ХЯТАДАД НҮҮРС ИМПОРТЛОХ МАШ ОЛОН СОНГОЛТ БИЙ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЁСТОЙ"
-Биржээр худалдаалж эхэлснээр нүүрсний үнэ хэдэн хувиар өсөв. Эдийн засгийн бодит өсөлт юу байна вэ?
-Засгийн газраас нийт экспортын 30 хувийг биржээр худалдаална гэж зарласан ч өнөөдрийн байдлаар энэ тоондоо ч хүрч чадаагүй. Энэ оны найман сард 40 сая тн нүүрс экспортолсон гэж үзвэл нийт нүүрсний экспортын 10 орчим хувийг эзэлж байна. Тэгэхээр биржээр нүүс гаргаад жигтэйхэн өндөр үнэд хүргээд эдийн засгаа өсгөөд байгаа зүйл харагдахгүй байна. Биржийн дуудах үнэ бодитой нь эсэх тодорхой бус байгаа. Угаасан нүүрс 5-23 хувь, коксжих нүүрсний хувьд 8-23 хувь өссөн дүн харагддаг. Биржийн арилжаагаар нүүрсний экспорт хийгээд мөнгөн дүнгээ нэмнэ хэмээдэг ч бодит байдалд энэ шийдвэр олон эргэлзээ дагуулж эхэллээ.
Хятад улс нийт нүүрснийхээ 10 орчим хувийг импортолдгоос манай улс нэг хувийг нь бүрдүүлдэг. Тиймээс тус улсын хувьд манай улсын биржээр өндөр үнэ хаялцаж, нүүрсийг худалдан авах шаардлага бий юу гэдэг асуулт бий.
Орос, Индонези, Австрали улсууд аль болох их хэмжээгээр нүүрсээ нийлүүлэх сонирхолтой байна. Бизнесийн зарчмаар бол хоёр тал хоёулаа хожиж байж биржийн үйл ажиллагаа явагддаг. Бид таваарын биржийн гол механизмыг төдийлөн ойлгож, ухаарахгүй байх шиг байна. Учир нь манайхан нүүрсээ зөвхөн Монголд байдаг юм шиг ойлгож асуудалд хандаж байгаа нь учир дутагдалтай. Бид өндөр үнэ хэлэхээр хятадууд аваад байх уу. Хятадад нүүрс импортлох маш олон сонголт бий гэдгийг ойлгох ёстой болов уу.
-Биржийн арилжаанд тулгамдаж байгаа асуудал юу байна гэж харж байна?
-Өнгөрсөн 6, 7 сард биржийн арилжаагаар нүүрсний үнийг тонн тутмыг нь 105 ам.доллароор худалдаалсан гэдэг мэдээ явж байсан. Уг үнэд худалдан авагч талд хүргэж өгөх зардал багтах учиртай. Ингээд тооцвол жигтэйхэн өндөр үнээр зараад байгаа нь юу л бол. Тээврийн зардалгүйгээр өмнө нь нэг тонн нүүрсийг амнаас нь 60-100 орчим ам.доллароор зарж байсан гэж бодвол нүүрсийг биржээр зарах асуудлыг сөхөж харж дүн шинжилгээ, судалгаа хийх хэрэгтэй байгаа юм. Миний тооцоогоор нүүрс биржээр арилжаалахад төдийлөн тохиромжтой бүтээгдэхүүн байж чадахгүй. Харин Хятадаас бусад улс орон худалдан авах боломжтой түүхий эдээ биржээр арилжаалах нь илүү үр дүнгээ өгөх боломж байж болох юм. Үүнд, зэс, газрын ховор элемент, бусад үнэт металлыг биржээр арилжаалах нь илүү ашигтай.
-Цаашлаад нүүрсийг биржээр худалдаалахаас гадна жонш, төмрийн хүдэр гэх мэт бусад байгалийн баялагаа биржээр худалдаалахаар хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийг хангахад бэлэн байна уу?
-Энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангахад Засгийн газарт бүтэн зургаан сарын хугацаа байсан. Дүрэм, журмуудаа хагас дутуу боловсруулсан. Мэргэжлийн байгууллагуудын үгийг огт сонсоогүй. Төмрийн болон жоншны хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний стандартаа шинэчлээгүй. Биржээр жишиг үнэ тогтоогдсон бол АМНАТ-ийг биржийн үнээр тооцож ногдуулах дүрэм, журмаа ч бэлэн болгоогүй байсан. Ер нь Засгийн газрын нэг том алдаа бол аливаа асуудалд тооцоо судалгаагүй хандаад байгаа явдал юм. Тухайлбал, Ам нөхцөлөөр нүүрс худалддаг байсныг больж биржээр худалдаалснаар энэ үнийг хоёр дахин нэмэгдүүлнэ, дундаас нь ашиг олдог мафиудыг устгана гэсэн зорилт тавьсан.
Сонсоход таатай ч алсдаа улсаа хорлох юм биш юм байгаа гэх эргэлзээнд хүргэж байна. Тиймээс жонш, төмрийн хүдрээ биржээр худалдаалахаас өмнө сайн судалж тооцоо хийгээсэй гэж л хүсч байна.
"УБТЗ-ЫГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ШИГ МОНГОЛ УЛСЫН ЭЗЭМШИЛД АВАХ ЁСТОЙ"
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тухайд долдугаар сарын 1-нээс хойш бүтээгдэхүүнээ экспортод гаргахгүй байгаа талаар Уул уурхайн сайд мэдэгдсэн. Шалтгаан нь бүтээгдэхүүнийг нь тээвэрлэх вагон олдохгүй байгаа талаар хэлсэн. Тэгвэл дэд бүтцээ сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй гэж үзэж байна?
-УБТЗ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг тээврийн тэргүүлэгч байгууллага юм. УБТЗ ХНН-ийг ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд хувь тэнцүү эзэмшдэг бөгөөд Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний 90 гаруй хувь нь УБТЗ-ын эзэмшилд байдаг. Тиймээс УБТЗ-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, экспортын бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хүнд сурталгүй үр ашигтай ажиллуулахад онцгой анхаарах хэрэгтэй болов уу. Дөрвөн вагон жоншны хүдэр гаргах нэг вагон баяжмал, гурван вагон төмрийн хүдэр гаргах хоёр вагон баяжмал экспортлохтой тэнцдэг.
Тиймээс баялгаа түүхийгээр нь бус харин боловсруулах, угаах, баяжуулах зэрэг үйл ажиллагааг дэмжих ёстой. Энэ Засгийн газарт тийм бодлого огт алга.
Ер нь том зургаар харвал, муу нэр зүүгээд ч болсон Эрдэнэтийг 100 хувь авдаг шиг УБТЗ-ыг Монгол Улсын эзэмшилд оруулах ёстой. Харин үүнийг МАН хэзээ ч хийж чадахгүй.
-Мөн валютын нөөц нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь он дуустал төгрөгийн ханш тогтвортой байх таамаг дэвшүүлэх боломжийг олгох уу?
-Гадаад валютын албан нөөц бараг 3.9 тэрбум ам.долларт хүрч байгаа. Энэ нь он дуустал төгрөгийн ханшийг тогтвортой барих баталгаа биш. Харин нүүрс энэ хэмжээгээр урд хөршдөө гаргаад байвал савалгаа гарахгүй байх гэж бодож байна. Харин он гараад байдал хүндрэх магадлал өндөр.
-Нэлээд хугацаанд хоёр оронтой тоонд шилжсэн инфляци нэг оронтой тоонд шилжээд байгаа. Он дуустал хэвээр хадгалагдах уу?
-2021 оны аравдугаар сараас эхлэн инфляци улсын хэмжээнд хоёр оронтой тооноос буусангүй. 2023 оны наймдугаар сард инфляц 10.0 хувь гарчээ. Эрх баригчид өнөөдрийг хүртэл инфляци хоёр оронтой тооноос буухгүй байгаа үндсэн шалтгаанаа зөв “оношилж” чадсангүй. Дэлхий нийтэд инфляцийг төрийн “үл үзэгдэх татвар” гэж тодорхойлдог. Инфляцийн үндсэн шалтгаан нь Засгийн газрын тооцоо судалгаагүй хэрэгжүүлсэн тав болон 10 их наядын хөтөлбөр болон төсвийн замбараагүй зардлын хэмжээ огцом өсөж байгаа явдал шүү дээ. Буруу бодлогынх нь үр дагавар ийнхүү инфляциар дамжин илэрч байгаа юм. Жижиг зах зээлд хиймлээр буюу зах зээлийн харилцаанаас гадуур олон их наядаар хэмжигдэх мөнгө цутгах нь эдийн засгаа хорлодог. Хохирогчид нь Монгол улсын нийт иргэд, ялангуяа бага орлоготой иргэд, тэтгэврийн орлогоор амьдарч буй ахмад настнууд болоод байна
Намрын шинэхэн хүнсний ногоо, малын махны үнэ буурч инфляцид багахан нөлөөлжээ. Дээд сургуулийн хүүхдүүдийн төлбөр төлөх энэ үеэр махны үнэ буудаг. Гэвч энэ байдал он дуустал үргэлжлэхгүй.
Хойд хөршид шатахууны үнэ өсөж байна. Хоёр долоо хоногийн өмнө В.Путин “Орос улс гадаад зах зээлд нийлүүлэх нефтийн хэмжээгээ бууруулж байгаа” гэж зарласан. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны долдугаар сарын эцэст 32 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс таван их наяд төгрөгөөр өссөн зэрэг хэд хэдэн шалтгаан нь инфляци цаашид өсөх дохио гэдгийг хэлмээр байна.
-Он дуусахад хүртэл эдийн засгийн нөхцөл байдалд ямар дүгнэлт өгөх вэ?
-Одоо ердөө гуравхан сар байгаа тул онц өөрчлөлт, огцом зүйл гарахгүй байх. Нүүрсний экспорт энэ хэмжээгээр үргэлжилбэл эдийн засаг өсөлттэй гарна. Энэ нь бодлогын арга хэмжээ огт биш. Урд хөршийн нүүрсний хэрэглээнээс шалтгаалах асуудал. Бодлогын асуудал гэдэг нь ядахдаа эрх баригчид гаргасан алдаагаа засахаас эхэлнэ. Нэг жишээ дурдъя. Ашигт малтмалын тухай хуулинд 2019 оны гуравдугаар сарын 26, арваннэгдүгээр сарын 22-нд нэмэлт, өөрчлөлт оруулж “экспортолсон этгээд”-ийг АМНАТ төлөгч болгосон. Тодруулбал, өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүдийг АМНАТ төлөгч болгосноор агуулга багатай төмрийн болон жоншны хүдэр АМНАТ шингэсэн, НӨАТ-тай үнээр худалдан авч баяжуулж, боловсруулаад экспортлоход олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзэж АМНАТ-ийг олоогүй орлогод нь давхардуулж ногдуулах болсноор өөрийн ордгүй 30 орчим баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд АМНАТ-ийн өрөнд орж 1500 гаруй хүнээ ажилгүй болгож бүгд хаалгаа бариад байна.
Монгол Улсад цаашид ашигт малтмалаа нэмүү өртөг шингээн ажлын байр бий болгож, экспортоо үр ашигтай нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх боломжтой баяжуулах, боловсруулах үйлдвэр оршин тогтнох боломжгүй болсон.
Ядахдаа энэ хуулиа өөрчилж хувийн хэвшлээ дэмжмээр байна. Өнөөгийн эрх баригчид хувийн хэвшлийг дайсан мэт үздэг болчихлоо. Уул нь улс орны хөгжил цэцэглэлт хувийн хэвшлээс шалтгаалдаг гэдгийг өнөө хүртэл ойлгоогүй хүмүүс улсын жолоо залж байна.
Холбоотой мэдээ