Монгол Улсын иргэн бүр 19 нас хүрсэн өдрөөс эхлээд эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдана гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан байдаг. Сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн иргэн болгон урьдчилан сэргийлэх эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдах бүрэн боломжтой. Гэвч эрт илрүүлэгт хамрагдах иргэдийн идэвх муу байгаа бөгөөд зарим хүн мэдээлэл аваагүй, мэдээллийн зөрүүтэй ойлголтоос болж үзлэг шинжилгээндээ хамрагдаагүй байгаа юм.
Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвүүд эрт илрүүлэгт хамрагдах иргэдийг урьдчилж бүртгэж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, Баянгол, Баянзүрх, сүхбаатар дүүргийн хороодын өрхийн эмнэлгүүд эрт илрүүлэг хамрагдах иргэдээ утсаар урьдчилж бүртгүүлэхийг зөвлөсөн байна.
Өмнө нь эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан иргэн дахин хамрагдах боломжгүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалаа 2019 оноос тасралтгүй төлсөн хүн бүр насны бүлэгт хамаарах үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдах юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлгийн явц 30 гаруй хувьтай байна. Гэхдээ эдгээр үзлэгт хамрагдсан иргэдийн дийлэнх нь 35-аас дээш насныхан.
Эрт илрүүлгийн энэ жилийн онцлог нь үндсэн шинжилгээнээс гадна багажийн оношилгоо нэмэгдсэн. Тухайлбал, дурангийн шинжилгээ, рентген, бамбай, хөхний хавдар илрүүлэх зэрэг шинжилгээ.
Урьдчилан сэргийлэх багцын хувьд нас наснаас нь хамаараад хамгийн их өвчлөлийн тохиолдлоор нь үзлэг оношилгоо шинжилгээнүүд хийгдэнэ. Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийхдээ E-Баримт бүртгүүлэх аппликэйшнд хандан регистрийн дугаараа шалгах, регистрийн дугаар дээрээ өөр хүний дугаар хийх, солих боломжтой.
Холбоотой мэдээ