Тэгвэл тарваган тахлын халдвар авсан иргэн О-ийн ойрын хавьтлын найман иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тул хязгаарлалтын дэглэмийг цуцалж постуудыг татан буулгаж байгааг тус аймгийн онцгой комиссоос мэдэгдлээ.
Аймгийн онцгой комиссын хуралдаанаар халдвар илэрсэн иргэнийг бүсийн оношилгооны төвийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж, тусгаарлах мөн халдвартай иргэний ойрын хавьтлуудыг яаралтай тогтоож шинжилгээнд хамруулахыг үүрэг болгосон. Тэгвэл сөрөг гарсан хүмүүсийг тусгаарлаагүй бөгөөд зөвхөн халдвартай иргэнийг эмнэлэгт тусгаарлаж байгаа аж.
Зооноз өвчин судлалын төвөөс өгсөн мэдээллээр, Монгол Улсын хэмжээнд авч үзвэл эрсдэлгүй аймаг, сум, дүүрэг нэг ч байхгүй. Бүгд эрсдэл өндөр байгаа ч үүнээс голомтот эрсдэл байж болзошгүй 15 аймаг 81 сум бий. Хяналт, яаралтай оношилгоо, шинжилгээний хувьд баг маш шуурхай ажиллаж байгаа. Хэрэв хугацаа алдвал энэ халдвараар шууд нас барах эрсдэл өндөр. Эрүүл мэндийн сайдын албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамж, холбогдох мэргэжлийн бүх байгууллага, Экологийн цагдаагийн алба, Онцгой байдлын газар гээд бүгд л эрсдэлт үйлдэл гаргаж байгаа тохиолдлыг илрүүлэхээр идэвхжин ажиллаж байна.
Гол нь сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаад байхад иргэд санаатайгаар тарвага агнаж, тарваганы мах зөөвөрлөж, хорхог, боодог хийж идэж байгаа нь амиа хорлох нэг хэлбэр гэхэд хилсдэхгүй.
Тахлын тохиолдол аюултай, өвчилсөн хүмүүсийн тал нь нас бардаг гэдгийг бид мөн ч их анхааруулж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 17 хүн тарваган тахлаар өвдөж тэдний найм нь нас барсан. Энэ бол бага тоо биш. Сэжигтэй үйлдэл гаргаж, эрүүл мэнд амь насаараа хохирсон бол тэр хүн өөрөө л хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулсан юм.
Холбоотой мэдээ