М.Бадарчийн В сорьцын хариу гарсан гэдэг худал мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2023.09.12-нд нийтлэгдсэн

М.Бадарчийн В сорьцын хариу гарсан гэдэг худал мэдээлэл

М.Бадарчийн В сорьцын хариу гарсан гэдэг худал мэдээлэл

Энэ жилийн улсын наадмын түрүү бөх М.Бадарч арслангийн допингийн шинжилгээний хариутай холбоотой мэдээлэл бөх сонирхдог олон хүний анхаарлыг татаж буй. Тэгвэл өчигдрөөс /2023.09.11/ цахим хуудаст түүний шинжилгээний хариу гарч, В сорьцоор допинг хэрэглээгүй нь тогтоогдсон гэж "шуугисан".

Холбогдох албаныхан энэ мэдээллийг үгүйсгэсэн төдийгүй Улсын арслан М.Бадарч ч өөрөө хариу ирсэн даруйд мэдээлэл өгнө гэдгээ илэрхийлсэн юм.

Тиймээс олон нийт цахим хуудсаар тархсан Улсын арслан М.Бадарчийн В сорьцтой холбоотой мэдээлэл нь цуурхал бөгөөд шинжилгээний хариу албан ёсоор хүсэлт гаргаснаас 14 хоногийн дараа ирэх аж.

Улсын арслан М.Бадарч нь өнгөрсөн Баасан гаригт /2023.09.07/ өөрийн цахим хуудастаа мэдэгдэл гаргаж, албан ёсоор В сорьцоо шинжлүүлэхээ мэдэгдсэн. Мэдэгдэлд "Миний хувьд энэ жилийн наадамд дөрвөөс дээш давсан 32 бөхийн нэг болж долдугаар сарын 12-ны орой Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагынхан надаас допингийн шинжилгээг авсан. Допингийн шинжилгээнүүд долдугаар сарын 16-ны өдөр Солонгос улс руу явсан мэдээлэл байгаа. Шинжилгээнүүд долдугаар сарын 12-ноос хойш дөрөв хоног буюу 96 цагт Допингийн эсрэг үндэсний байгууллага, Хууль зүйн яаманд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны хяналтанд байсан байна. Гэтэл наймдугаар сарын 10-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн, нэг бөхийнх дутуу тэр бөх нь наадмын түрүү бөх М.Бадарч байна гэсэн мэдээллийг тараасан. Энэ нь Допингийн эсрэг ОУ-ын дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний журмыг илтэд зөрчсөн үйлдэл болсон.

Энэ үйлдлийг гардан хийсэн нь Шинжилгээг авсан Допингийн эсрэг үндэсний төв, шинжилгээний захиалагч тал болох Хууль зүй дотоод хэргийн яаманд төвлөрсөн Бөхийн салбар хорооны дарга удирдлагууд бөгөөд тэд мэдээллийг хууль журмыг илтээр зөрчин сэтгүүлчдэд өгч идэвхтэйгээр тараалгаж байсанд маш их харамсч байна. Миний ойлгосноор ямар ч хариу ирээгүй байхад л ганцхан М.Бадарчийнх л ирээгүй гээд бичээд эхэлсэн. Наадмын өмнө бөхийн хүрээнд түрүү үзүүр бөхөөс допингийн зөрчил гаргуулж ч магадгүй гэсэн яриа явагдаж байсан нь дээрх явдалтай холбоотой ч юм болов уу гэсэн дүгнэлт гаргахаас аргагүй байна" гэсэн юм.

Тус мэдэгдлийг бүрэн эхээр нь энд дарж унших боломжтой.

Мөн М.Бадарч арслангийн гаргасан дээрх мэдэгдэлтэй холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хариу тайлбар хийсэн. Тэрбээр "Мэдэгдэл гэдэг зүйлийг сая л харлаа. Допингийн шинжилгээг ХЗДХЯ авдаггүй, шинжилгээний хариу ч тус яаманд шинжилгээ хийсэн лабораториос шууд ирдэггүй. Допингийн эсрэг үндэсний төв сорьцыг авч, холбогдох олон улсын лабораториос тус төвд ирсэн шинжилгээний хариуг журамд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороо болох Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлдэг бөгөөд салбар хороо тухайн бөх болон олон нийтэд мэдээлдэг болно.

Допингийн шинжилгээ авах үйл явц болон хүргэх үйл ажиллагаанд энэ жил тасралтгүй хууль хяналтын байгууллага хяналт тавьсан. Баримт байвал гаргаж ирээд харуулах хэрэгтэй, ховоор бас зохиож олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй болов уу. Хууль тогтоомжийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдыг баримтгүйгээр ташаа мэдээлэл тараах замаар өөрийн хариуцлагагүй байдлаа бусдад нялзааж гэмгүй царайлмааргүй байна.

Ичсэн, бантсан хүн юу гэдэг билээ ийм зүйл болж байна. Өөр юу ч гэхэв дээ нээрээ, харамсалтай байна. “Б” сорьцын хариу албан ёсоор ирсний дараа хууль тогтоомж, холбогдох дүрэм, журамд заасны дагуу олон нийтэд мэдээлэх бөгөөд шаардлагатай холбогдох арга хэмжээг авна" гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж