Олон улсын яруу найргийн наадам зохион байгуулах талаар өнөөдөр /2023.09.12/ мэдээлэл хийлээ. Наадамд есөн орны яруу найрагч оролцож, монгол хэлний уран тансаг хэллэг, яруу найргийг дэлхий дахинаа сурталчлах гэнэ.
"Дорнын гэгээн аялгуу" төрийн бус байгууллагын тэргүүн П.Гэрэл-Од:
"Дорнын гэгээн аялгуу" төрийн бус байгууллагаас санаачлан анх удаа монгол хэлээр олон улсын яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна. Монгол хэл мөхөхөд их ойрхон байна. Энэ үед монгол хэл соёлоо дэлгэрүүлж, олон улсад тархан суурьшсан монголчуудаа нэгтгэх зорилготойгоор яруу найргийн наадмыг зохион байгуулна. Санхүүжилтээ гадаад монголчуудынхаа сэтгэлийн хандив, дэмээр босгож байгаа. Олон улсын наадмын шилдэг яруу найрагчийг арваннэгдүгээр сарын 4-нд зохион байгуулна. Монголчууд өргөн олноороо ирж сонирхохыг урья.
Манай нэгдсэн холбоо нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын чиглэлээр ажилладаг. Дансандаа нэг ч төгрөггүй байгууллага хэдий ч дэлхийн хэмжээний яруу найргийн наадмыг зохион байгуулахаар хичээж, хөрөнгө оруулалт олохын төлөө ажиллаж байна.
Хамгийн гол нь монгол хэл соёлоо авч үлдэх нь чухал. Монгол компаниуд маань энэ наадмыг дэмжиж туслахыг уриалж байна. Өвөрмонголчууд эхнээсээ сэтгэлийн хандиваа өргөж эхэлсэн. Гадаадын олон яруу найрагч Монголд ирж, наадамд оролцох зардал багагүй төсөв гарна. Бидний зүгээс Соёлын яам, УИХ-ын гишүүдэд хандсан. Энэ жилийн гуравдугаар сараас хойш бид Хөх хот, Улаанхад, Утаа гүмбэн, Шилийн гол аймаг гээд 20 гаруй мянган километр замыг туулж, олон хүнтэй уулзсан. Монгол Улсын хэмжээнд бидний үйл ажиллагааг анхааралдаа авч, дэмжиж туслахыг хүсье гэв.