Тойрог цэвэрлэгээнээс үлдсэн ганц түшээ

Хуучирсан мэдээ: 2023.09.12-нд нийтлэгдсэн

76:1

Тойрог цэвэрлэгээнээс үлдсэн ганц түшээ

Тойрог цэвэрлэгээнээс үлдсэн ганц түшээ

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймагт нэр дэвшин ялалт байгуулсан, УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг танилцуулж байна.


Архангай аймагт дөрвөн жил тойрог манаж ажилласны хүчээр 2016, 2020 оны УИХ-ын сонгуулиудад дараалан ялалт байгуулж, хууль тогтоох байгууллагад ажиллаж буй түшээ бол Г.Тэмүүлэн юм. Үе, үеийн Монголын Засгийн газрын “саалийн үнээ”-гээр нэрлэгдэж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан Ч.Ганзоригийн хүү гэдгээр нь олон нийт андахгүй.

Ардын Засгийн газар авлига хээл хахуультай тэмцэх хүрээнд “Шувуу”, “Шүүр”, “Шүгэл” ажиллагааг зарласан бөгөөд түүнийг дагуулж, сонгууль угтсан тойрог цэвэрлэгээг ч эхлүүлсэн. Тойрог цэвэрлэгээнд хамгийн түрүүнд өртсөн аймаг бол Архангай.

Гурван мандаттай тус тойргоос УИХ-д Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар сонгогдон ажиллаж байсан ч хоёрынх нь улс төрийн замналд цэг тавигдсан гэж хэлж болно.

Учир нь, Ж.Мөнхбат нүүрсний хэргээс болж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн, чөлөөлөгдсөн бол Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдон, шүүхээс зургаан жилийн ял сонссон. Одоогоор УИХ-аас Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байгаа ч ирэх сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон гэж хэлж болно. Иймээс ирэх жилийн УИХ-ын сонгууль болтол тойргоо төлөөлж, УИХ-д ажиллах цорын ганц хууль тогтоогч нь Г.Тэмүүлэн болоод байна.

Үндсэн хуулийн цэцээс “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно” гэсэн дүгнэлт гаргасны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа парламентаас сонгох болоход Г.Тэмүүлэн гишүүний нэр Уул уурхайн сайдад яригдаж байв.

Ажлын гараагаа Ашигт малтмалын газрын тосны газраас эхлүүлж, мөн Оюутолгой зэрэг төсөл дээр ажиллаж байсан түүний хувьд уул уурхайн салбарыг удирдахад асуудал гарахгүй гэж намынхан нь үзсэнийх болов уу.

Гэхдээ сайд нарын нэр зарлагдахад “Оргил”-ын босс Ж.Ганбаатар Уул уурхайн сайд болж, харин Г.Тэмүүлэн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга болсон юм. Дээрх томилгооны дараа “Амбицгүйгээсээ болж, Г.Тэмүүлэн сайд болж чадсангүй” гэх бор шувуу “ниссэн” бол “Архангайн угшилтай улстөрчийг сайдаар томилохгүй гэх яриаг Ардын намынхан хийсэн” гэх асуудал ч сөхөгдсөн удаатай.

УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүдэд хамгийн гярхай хандаж, болохгүй асуудлуудад шүүмжлэлийг хатуухан дайдаг гишүүдийн нэг ч гэж тодорхойлж болно. Тухайлбал, УИХ өнгөрсөн оны сүүлээр Засгийн газраас хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед хамгийн шүүмжлэлтэй хандаж, Засгийн газрыг УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдахгүй байхыг сануулаад авсан удаатай. Энэ тухай тэрбээр "Засгийн газраас хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулан ирлээ. УИХ-ын бүх гишүүд энэ төсөлд анхаарлаа хандуулах ёстой. Нэгдүгээрт энэ төсөл Үндсэн хууль зөрчсөн төсөл байна. Хоёрдугаарт УИХ-д Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхэд шууд халдаж буй хуулийн төсөл байна. Гуравдугаарт энэ удаагийн Засгийн газар үе үеийн Засгийн газруудаас илүү их эрх мэдэлтэй. Ажиллах хамгийн их боломжоор хангагдсан Засгийн газар юм. Тиймээс УИХ-руугаа дайрдагаа болих хэрэгтэй.

Муу л бол захын хар овоохой гэдэг шиг УИХ-руугаа дайрдаг. Бүх хэргийг тохох гэдэг. Эрх мэдлийг нь хязгаарлах гэдэг, энийгээ болих хэрэгтэй. Засгийн газар хэмжээ хязгаартай баймаар байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдмааргүй байна.

Үндсэн хуульд “хууль санаачлах эрх мэдэл УИХ-д байна” гэж заасан. Нийгмийн суурь эрх хуулийг санаачлах эрх Засгийн газарт байна. Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах эрх нь Засгийн газарт байна. Түүнийг нь зөвхөн УИХ тэнцүүлнэ. Энэ байдлаараа УИХ бодлого тодорхойлж ч чадахгүй болно.  УИХ өөрийнхөө онцгой бүрэн эрхийг буцаан баталгаажуулах асуудлуудыг харж үзэх хэрэгтэй. УИХ Монголын ардчиллын баталгаа. Хуулийн төслийг буцаах хэрэгтэй” гэдэг байр суурь илэрхийлж байв.

Мөн УИХ-аар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэхэд Сангийн яамыг поп төсөл оруулж ирж, төрийн байгууллагын нэр хүндийг унагаж байна гэдгийг ч сануулсан удаатай.

УИХ хаврын чуулганаа завсарлуулахын өмнө Боловсролын ерөнхий хуулийн төслийг баталсан. Уг хуульд “Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг сонгон шалгаруулалтаар томилно” гэж тусгахад Г.Тэмүүлэн гишүүн голлон оролцсон байдаг. Учир нь, өнгөрсөн хугацаанд дээрх томилгоог аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга мэдэж хийдгээс болж, боловсролын байгууллага улстөржсөн газар болж, сонгууль бүрийн дараа сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч солигддог болсон жишиг тогтсон. Харин дээрх заалтыг Боловсролын ерөнхий хуульд тусгаснаар багш нар улстөржихгүйгээр ажил хийх боломж нь бүрдсэн гэж үзэж буй.

АНУ-д боловсрол эзэмшсэн тэрбээр ажлын гараагаа 2006 онд Ашигт малтмалын газрын тосны газарт мэргэжилтнээс эхлүүлсэн бол гурван жилийн дараагаас төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирлаар томилогдсон байдаг.

Дээрх албан тушаалыг хашиж байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг “Рио Тинто”компанитай байгуулах Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэгт багтаж ажилласан.

Мөн Ардчилсан нам 2012-2016 онд Засгийн газрыг удирдаж байх үед буюу 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн гишүүн, 2014-2015 онд Уул уурхайн дэд сайдын алба хашсан. Гэхдээ Г.Тэмүүлэнг 2015 онд Лондонд Оюутолгой төсөлтэй холбоотойгоор “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийж явахад нь ТУЗ-ийн гишүүнээс нь чөлөөлөх шийдвэрийг Монгол талаас гаргасан байдаг. Гэвч Оюутолгой төсөлд анхнаас нь оролцсон түүнийг хөрөнгө оруулагч нар авч үлдэх сонирхолтой байсан тул ТУЗ-ийн гишүүнээс нь чөлөөлөлгүй, хэсэг хугацаанд ажиллуулжээ. Харин тэрбээр 2015 оны дөрөвдүгээр сард өөрөө хүсэлт гарган, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдсөн.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайд байгуулсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын нэмэлт гэрээнд шүүмжлэлтэй ханддаг.

Хэсэг хугацаанд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. Дээрх албыг авсны дараа "МАН-д үе залгамжилсан хунтайж нар төрж байна" гэдэг шүүмжлэл өрнөж байв.

Г.ТЭМҮҮЛЭНГИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ: 

  • 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
  • 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
  • 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
  • 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
  • 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
  • 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
  • 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж