Япон улсын "TBS" сувгаар долоо хоног бүрийн Ням гаригт “Vivant" олон ангит уран сайхны кино цацагдаж байна. Кинонд Монголын газар нутагт орших зохиомол Балка улсад болж буй явдал өрнөх бөгөөд Японы алдартай жүжигчдээс гадна монгол уран бүтээлч хамтран тоглосон гэдгээрээ онцлог. Киноны гол дүрийн араас уйгагүй хөөцөлдөж яваа орон нутгийн цагдаа Чингисийн дүрд "Фантастик" продакшны залуу жүжигчин Б.Барслхагва тоглож, үзэгчдийн анхаарлыг татаж байна.
Өнгөрсөн 2022 оны аравдугаар сард продюсер Казутака Иида, найруулагч Кацуо Фүкүзава нар Монголд ирж, дотоодын 20 орчим жүжигчдийг сонгон шалгаруулалт хийж, жүжигчин Б.Барслхагва тэнцжээ.
Олон ангит киноны зураг авалтыг хоёр сарын хугацаанд Монголд хийсэн байна. Киног шимтэн үзэж буй япон үзэгчдийн сонирхлыг Монгол орон ихээр татаж байгаа аж. Жүжигчин Б. Барслхагва нь ажлын гараагаа телевизийн суваг, театраас эхлэсэн. Тэрбээр 2012 оноос өнөөг хүртэл “Фантастик” продакшнд жүжигчнээр ажиллаж буй. Тэрбээр түүхэн болон орчин үеийн сэдэвтэй 20 гаруй кино уран бүтээлд гол болон туслах дүрд тогложээ. Жүжигчин Б. Барслхагва нь жүжигчнээс гадна кино зохиолч, продюсерийн чиглэлээр туршлагажсан уран бүтээлч юм.
Холбоотой мэдээ