Хоригдол солилцох жагсаалтад Навальный багтжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.12-нд нийтлэгдсэн

Хоригдол солилцох жагсаалтад Навальный багтжээ

Хоригдол солилцох жагсаалтад Навальный багтжээ

АНУ болон ОХУ-ын хооронд хоригдол солилцох яриа хэлэлцээ өрнөж байна. Тэгвэл солилцох хоригдлын нэрсийн жагсаалтад Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный дурдагджээ. Барууны орнуудад хоригдож буй Оросын хоригдлуудыг ОХУ-д хоригдож буй барууны иргэд, түүнчлэн Алексей Навальный зэрэг шоронд хоригдож буй тэрс үзэлтнүүдээр солих олон талт хэлэлцээрийн талаар хэд хэдэн орны албаны хүмүүс мэдэгдэв. ОХУ-ын шүүхээс Навальныйд 19 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Түүнчлэн Кремлийн зүгээс алуурчин Вадим Красиковыг шилжүүлэн авахыг хүсч байгаа тухай "The Wall Street Journal" мэдээлэв.  Оростой солилцооны хэлэлцээнд оролцсон барууны өндөр албан тушаалтан хэлэхдээ, Путин зөвхөн Вадим Красиковыг шилжүүлэн авах сонирхолтой байна гэжээ. Чеченийн хээрийн командлагч асан Зелимхан Хангошвилигийн амийг хөнөөсөн хэргээр Вадим Красиков нь Германд бүх насаар нь хорих ял сонссон бөгөөд түүнийг шилжүүлэн авах асуудлыг Москва 2021 оноос хойш тавьж байгаа гэж барууны албаныхан мэдэгдэв.

Гэхдээ Берлин Красиковыг солилцох боломжийг судалж байгаа эсэхээ мэдэгдээгүй байна. Тус улсын Засгийн газрын хуульчид өнгөрсөн жил хүн амины хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг солих боломжгүй гэсэн хуулийн дүгнэлт гаргасан тул Германд ийм солилцоо хийх нь тодорхой сорилтуудтай тулгарч магадгүй гэж мэдээлж байна. Барууны албаныхан Красиковтой холбоотой аливаа яриа хэлцэл нь түүний гэмт хэргийн хүнд байдлыг харгалзан  урьдчилан тааварлах боломжгүй гэж үзэж байна.

Хэргийг сануулбал, Германы канцлерын оффисын ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд Хангошвилигийн амийг хөнөөсөн хэргийг Орос улс захиалсан гэж тус улсын шүүх үзсэн юм. Хэрэг 2019 оны наймдугаар сард болсон бөгөөд Красиков түүнийг дугуйгаар хөөж, үдийн цайны цагаар Берлин хотын төв цэцэрлэгт хүрээлэнгийн хөл хөдөлгөөн ихтэй тоглоомын талбайн дэргэд Хангошвилиг хөнөөсөн байна. Красиков эхлээд Хангошвилигийн нуруу руу буудаж, дараа нь дугуйнаасаа бууж, цэцэрлэгт хүрээлэнд байгаа хүүхдүүд, эцэг эхчүүдийн нүдэн дээр эрэгтэйн толгой руу хоёр удаа буудан хөгөөсөн. Улмаар 2021 онд Красиковт ял оноожээ.

ОХУ-д тагнуул хийсэн хэргээр ял сонссон АНУ-ын иргэн Пол Уилан, мөн ижил хэргээр Москвагийн урьдчилан хорих төвд гуравдугаар сараас хойш хоригдож байгаа "Wall Street Journal" сэтгүүлийн сэтгүүлч Эван Гершкович нар ч солилцох хоригдлын нэрсийн жагсаалтад дурдагдсан байна.

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков өнгөрсөн дөрөвдүгээр сард Орос улс Гершковичийн хэргийг шүүх шийдвэр гарсны дараагаар харилцан солилцох боломжийг авч үзэх болно гэж мэдэгдсэн. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долдугаар сард Гершковичийг эх оронд нь авчрах, Оросын хоригдлуудыг солилцох талаар Кремльтэй нухацтай ярилцана гэж мэдэгдсэн боловч тодорхой мэдээлэл өгөөгүй.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж