Хэрвээ та 100 мянга эсвэл түүнээс дээш ам.доллараар цалинжих боломжтой ажил хайж байгаа бол технологийн болон эрүүл мэндийн салбарт илүү өндөр магадлалтай байна. Ажил хайлтын “Ladders” платформын явуулсан судалгаанаас харахад дээрх хоёр салбарт ажилладаг бол хамгийн их зургаан оронтой тоогоор цалинжих боломжтой. Эдгээр эрэлттэй ажлын байрны заримыг нь гүйцэтгэхийн тулд хэчнээн жил ажилласан байх, ахисан түвшний зэрэгтэй байх зэрэг шаардлага байхгүй.
“Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсөгчид өнөөдөр 100 мянган ам.долларын цалин авч байна” гэж “Ladders” платформын үүсгэн байгуулагч, карьерын шинжээч Марк Сенеделла хэллээ.
Тэд энэ оны эхний найман сарын байдлаар өөрсдийн платформ дээр тавигдсан заруудыг судалж, 100 мянган ам.доллараас дээш цалинтай шилдэг 10 мэргэжлийг тодруулжээ. Үүнд, программ хангамжийн инженер, програм хангамжийн ахлах инженер, төслийн менежер, клиник сэтгэл судлаач, системийн инженер, лицензтэй клиник нийгмийн ажилтан, шүдний эмч, хөтөлбөрийн менежер, анхны тусламжийн эмч, насанд хүрэгчдийн сэтгэцийн эмч гэсэн 10 мэргэжил багтаж байна.
Гэхдээ эдгээр ажлын байрууд нь бүх улсад заавал зургаан оронтой тоогоор цалинжуулдаггүй гэдгийг анхаарах нь чухал. Жишээлбэл, АНУ-д нийгмийн ажилтны дундаж цалин 61 мянган ам.доллар байна.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ